УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагуудаас асар их хэмжээний зээл авсан ч төлөөгүй, зээлдүүлэгчид төлбөр нэхэмжилж эхэлсэн тухай мэдээлэл сүүлийн хэдэн сарын туршид Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэж байна.
Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит Хөгжлийн банк болон Эксим банкуудад хөдлөх эд хөрөнгө, Ерөө голын MV-008888 дугаартай төмрийн хүдрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалж зээл авсан.
БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 117,000,000 ам.долларын 1 дүгээр зээлийн гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 58,000,000 ам.долларын 2 дугаар зээлийн гэрээ байгуулж нийт 175,000,000 ам.долларын зээлийг авсан. БНХАУ-ын Эксим банкнаас 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 200,000,000.00 ам.долларын зээлийг олгохоор тохиролцож, зээлийг авсан.
Барьцаанд нь хөдлөх эд хөрөнгүүд болох 12 зүтгүүр, 1800 вагон, Ерөө голын MV-008888 дугаартай төмрийн хүдрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тавьсан.
Гэвч уг зээлүүдийг төлөөгүй учир БНХАУ-ын дээрх банкууд 2019 онд CIETAC буюу БНХАУ-ын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороонд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Харин CIETAC нь БНХАУ-ын Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэгт “барьцааг холбогдох байгууллагад хүчин төгөлдөр бүртгүүлж, баталгаажуулсан хэдий ч Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын дагуу Барьцааг эцэст нь бүртгэлээс хассан гэж арбитрын бүрэлдэхүүн дүгнэж байна.
Иймд нь Нэхэмжлэгч нь барьцааны хувьд 1 дүгээр ээлжийн барьцаалагчийн эрхээ хэрэгжүүлэх эрхгүй болсон. Тиймээс Нэхэмжлэгчийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Мөн БНХАУ-ын эксим банкны нэхэмжлэлтэй хэрэгт “Хөдлөх эд хөрөнгийн барьцаа болон барьцааг нэгэнтээ хүчин төгөлдөр үүсгэсэн хэдий ч Эрүүгийн хэргийн шүүх эцэст нь Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгосон бөгөөд Барьцааг Кадастрын хэлтэс эцэст нь бүртгэлээс хассан гэж арбитрын бүрэлдэхүүн дүгнэж байна. Иймд Нэхэмжлэгч нь Барьцааны зүйлд холбогдох хөдлөх эд хөрөнгийн барьцаалагчийн эрх, барьцаанд холбогдох барьцаалагчийн эрхийн аль алийг нь хэрэгжүүлэх эрхгүй” гэж шийдвэрлэсэн.
Тийм учир Б.Дэлгэрсайхан “Би Хятадын арбитрын шүүх дээр ялсан” гэж буй. Гэхдээ түүний сэтгүүлчдэд “та нар Монголын аль ч банкнаас очоод асуу. “Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн дансанд хятад иргэний мөнгө орсон эсэхийг 10, 20 жилээр нь түүгээд харуулж болно. Тэр мөнгө Монголд орж ирсэн эсэхийг бүх банк хэлнэ. Би бүх бүтээн байгуулалтаа өөрийнхөө мөнгөөр хйисэн” гэсэн нь эргэлзээтэй. CIETAC-ийн шийдвэрт огт өөр утга агуулгатай шийдвэрийг тэмдэглэжээ.
2022 оны 12 дугаар сарын 22-нд F20192168 дугаартай БНХАУ-ын Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийн эцсийн шийдвэрт “нэхэмжлэгч нь 1 дүгээр Зээлийн гэрээний дагуу татсан 117,000,000 ам.долларыг бүхэлд нь Ерөө сумын төслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд ашигласан гэж тайлбарласан бөгөөд тодруулбал: Зээлдэгч нь 1 дүгээр Зээлийн гэрээний дагуу татсан Зээлээр баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах 48,000,000 ам.долларын урьдчилгаа төлбөрийг China Qinhuangdao Shengyuan Mining Machinery Co., Ltd.-д төлсөн; зүтгүүрийн засварын баазын барилгын ажлын 7,780,000 ам.долларын эхний гүйцэтгэлийн төлбөрийг China Qinhuangdao Mingcheng Construction Engineering Co., Ltd-д төлсөн; төмрийн хүдрийн 8 дугаар үйлдвэрлэлийн шугамын барилгын ажлын 4,900,000 ам.долларын төлбөрийг China Qinhuangdao Mingcheng Construction Engineering Co., Ltd-д төлсөн; баяжуулах үйлдвэрийн барилгын ажлын 31,254,000 ам.долларын урьдчилгаа төлбөрийг China Heilongjiang International Economic & Technical Cooperative Co.-д төлсөн; баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах 13,088,000 ам.долларын гүйцэтгэлийн төлбөрийг China Qinhuangdao Shengyuan Mining Machinery Co., Ltd-д төлсөн; зүтгүүрийн засварын баазын барилгын ажлын 6,000,000 ам.долларын хоёр дахь гүйцэтгэлийн төлбөрийг China Qinghuangdao Mingcheng Construction Engineering Co., Ltd-д төлсөн бөгөөд үүнээс 512,000 ам.долларыг 1 дүгээр Зээлийн гэрээний дагуу татсан Зээлээр төлсөн; баяжуулах үйлдвэрийн барилгын ажлын 11,475,000 ам.долларын гүйцэтгэлийн төлбөрийг China Heilongjiang International Economic & Technical Cooperative Co.-д төлсөн бөгөөд үүнээс 11,466,000 ам.долларыг 1 дүгээр Зээлийн гэрээний дагуу татсан Зээлээр төлсөн. нэхэмжлэгч нь 2 дугаар Зээлийн гэрээний дагуу татсан 55,000,000 ам.долларыг бүхэлд нь төслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд ашигласан гэж тайлбарласан бөгөөд тодруулбал: 2 дугаар Зээлийн гэрээний дагуу татсан Зээлээр зүтгүүрийн засварын баазын барилгын ажлын 34,000,000 ам.долларын эхний гүйцэтгэлийн төлбөрийг China Heilongjiang International Economic & Technical Cooperative Co.-д төлсөн; зүтгүүрийн засварын баазын барилгын ажлын 14,000,000 ам.долларын хоёр дахь гүйцэтгэлийн төлбөрийг China Heilongjiang International Economic & Technical Cooperative Co.-д төлсөн; зүтгүүрийн засварын баазын барилгын ажлын 7,000,000 ам.долларын гурав дахь гүйцэтгэлийн төлбөрийг China Heilongjiang International Economic & Technical Cooperative Co.-д төлсөн. нэхэмжлэгч цааш нь, 2 дугаар Зээлийн гэрээний дагуу татсан Зээлийг мөн агуулгын хувьд Ерөө сумын төслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд ашигласан бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь болдтөмөрийн хүдрийн бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд ашигладаг зүтгүүр, вагонд засвар, үйлчилгээ үзүүлэх явдал байсан гэж тайлбарласан.
Талуудын гаргасан тайлбар, баримт бичгүүдийг нягтлан судалсны үндсэн дээр Арбитрын бүрэлдэхүүн нь “Хариуцагч Зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурахаас өмнө Б.Дэлгэрсайхан Дорны говийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурснаар Зээлийн зориулалтыг мэдэж байсан нь гарцаагүй” гэсэн дүгнэлтэд хүрэв. Ялангуяа, Б.Дэлгэрсайхан Дорны говийн ТУЗ-ийн даргын хувиар 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан дээрх ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд дараах зүйлийг заасныг Арбитрын бүрэлдэхүүн тэмдэглэж байна. Зээлийн бодит ашиглалтын тухайд Зээлийг Зээлийн гэрээнүүдэд заасан зориулалтаар, өөрөөр хэлбэл Ерөө сумын төслийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд үнэхээр ашигласан гэх нэхэмжлэгчийн нотлох баримтыг Арбитрын бүрэлдэхүүн хүлээн авч байна. Хариуцагч Арбитрын бүрэлдэхүүний өмнө эсрэгээр маргахыг оролдсон боловч Арбитрын бүрэлдэхүүнийг өөрөөр шийдвэрлэхэд хүргэх аливаа шууд нотлох баримтыг гаргаж чадаагүй. Түүнчлэн энэ хэрэгт Нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтын дагуу БНХАУ-ын Хөгжлийн банк нь Зээлийг зээлдэгчийн БНХАУ-ын Хөгжлийн банканд нээж, эзэмшиж байсан төлбөр тооцооны дансанд олгосон бөгөөд улмаар Зээлийг уг данснаас татан Ерөө сумын төслийн зорилгоор гуравдагч этгээд болох янз бүрийн бараа, үйлчилгээ нийлүүлэгчдэд зарцуулсан. Иймд Зээлдэгч нь Зээлийг үнэхээр хүлээн авч, Зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашигласан гэж арбитрын бүрэлдэхүүн дүгнэж байна” гэжээ.
2023 оны 10 дугаар сарын 23-нд X20191266 дугаартай БНХАУ-ын эксим банкны нэхэмжлэлтэй хэрэгт CIETAC эцсийн шийдвэр гаргахдаа “Арбитрын бүрэлдэхүүний ойлгож байгаагаар Зээлийн гэрээний дагуу Зээлийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК хүлээн авах ёстой гэсэн санаа зорилго Зээлдэгч болон эксим банкны аль алинд нь хэзээ ч байгаагүй. Харин Зээлийг Зээлийн гэрээний зорилгоор зээлдэгчийн нээж, хөтөлж байсан төлбөр тооцооны дансанд олгох ёстой байсан. Үүнээс гадна баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөл нь Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 51.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ямар ч үйл баримт арбитрын бүрэлдэхүүнд харагдахгүй байна. Мөн Зээлийг Монгол Улс дахь баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөлд зохих ёсоор ашигласан тул Зээлийг Монгол Улс дахь талуудад биет байдлаар шилжүүлсэн, эсхүл зарцуулсан эсэх нь гэрээний болон практикийн аль ч талаас хамааралгүй юм” гэж тэмдэглэсэн байна.
Х.Ганжуур /Өдрийн сонин/



