Герман-Монголын харилцааны ойн баярын олон арга хэмжээний үеэр 1920-иод онд монгол залуучууд Герман улсад боловсрол эзэмшсэн тухай сэдвийг талархан дурсах нь бий. Гэвч энэ сэдвээр бичигдсэн бүтээлүүдийн дийлэнх нь хувь хүмүүсийн намтар түүхийн зарим хэсэгт л голлон анхаардаг бөгөөд тэдний хоорондын харилцаа холбоог нийгмийн сүлжээний гүнзгийрүүлсэн шинжилгээгээр тодруулахыг зорьдоггүй. Ерөнхийдөө, түүхэн сүлжээний нарийн төвөгтэй шинжилгээ хийх замаар тухайн үеийн нөхцөл байдлыг цогцоор нь авч үзэх хандлага дутагдалтай байдаг. Энэхүү өгүүллээрээ би нэг асуултыг тезис маягаар авч хэлэлцэх болно. Монголын удирдлага яагаад сонгож авсан залуучуудаа сургахаар Герман улсыг сонгосон бэ?
Юуны өмнө тэмдэглэхэд, 1920-иод оны эхэн үед Герман улс болон Гадаад Монгол улс хоёулаа хөгжлийн цоо шинэ, чанарын өөр үе шатны эхэн дээр ирээд байв. Германд 1918 оны 11 дүгээр сарын 9-нд Бүгд Найрамдах Улсаа тунхагласан бол (Герман улс өөрийгөө “Германы Райх (Германы эзэнт гүрэн)” гэж нэрлэсээр байв.), Гадаад Монголд 1921 онд Хятадын ноёрхлоос биечлэн чөлөөлөгдсөний дараа үндэсний сэргэн мандалтын үйл явц эхэлсэн юм.
1921 оны Монгол дахь үндэсний сэргэн мандалтын гол онцлог нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн хүчнүүд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, мөн оюун санааны тусгаарлагдмал байдал, хоцрогдлыг даван туулах зорилгыг нэн тэргүүнд тавьсанд оршино. Тэдний хувьд Зөвлөлтийн ойлголтоорх “ангийн тэмцэл” ямар нэгэн чухал үүрэг гүйцэтгээгүй юм. Тийм ч учраас Ардын Засгийн газар 1921 онд “Судар бичгийн хүрээлэн”-г байгуулахад 3000 лан мөнгөний төсөв хуваарилжээ. “Пан-монголизм” буюу бүх монголчуудын нэгдлийг дэмжигч эрдэмтэн мэргэд цугларсан тус хүрээлэн нь удалгүй тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага болж, соёл, боловсролын шинэчлэлийн төв цэг нь болон хувирсан байна. Буриадын нэрт сэхээтэн Ц. Жамцарано (Ж. Цэвээн) тус хүрээлэнгийн үйл ажиллагаа болон судалгааны дүрмийг боловсруулжээ. Энэ нь тохиолдлын хэрэг байгаагүй юм. Учир нь түүнтэй үзэл бодол нэгтэй хүмүүс тухайн үед Монгол Ардын Намын зорилтуудтай үзэл баримтлалын хувьд гүнээ нийцэж байв. Эдгээр зорилгод хөгжингүй орнуудын соёл, мэдлэгийг ард түмэндээ хүртээмжтэй болгох, бие даасан Монгол Улсыг байгуулах, цаашлаад Монгол угсааны ард түмнүүдийг нэгэн төрийн дор нэгтгэх зэрэг багтаж байлаа.
1921 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Бодоо гадаадын улс орнуудад, түүний дотор Германы Засгийн газарт хандан гаргасан мэдэгдэлдээ Ардын Засгийн газрын цэрэг нь “хүн ам, гадаадын иргэд болон тэдний өмч хөрөнгийн аюулгүй байдлыг” баталгаажуулна гэдгийг мэдэгджээ. Тэр бээр: “Бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаа тогтоохын тулд манай засгийн газар бүгдэд нээлттэй, тэгш найрсаг хандах бодлогыг баримтлах бөгөөд үүнийгээ бусад улстай байгуулахаар зорьж буй худалдааны гэрээнүүдээр дамжуулан бэхжүүлэх болно” хэмээн онцолсон байна. Энд дурдсан “Нээлттэй хаалганы бодлого” гэх нэр томьёо нь Монголын тал өнгөрсөн арван жилийн хугацаанд Германы зүгээс Монголд баримталж ирсэн бодлогыг нарийн нягтлан судалсныг илтгэж байна.
Түүнчлэн, Монголын удирдлагын хүрээнд зөвхөн Зөвлөлт Орос улсаас хараат байх бус, харин Өрнөдийн орнуудтай ч эдийн засгийн харилцаа тогтоох тодорхой хүсэл эрмэлзэл байсан юм. Үүний нэг жишээ бол 1922 оны 2 дугаар сард Цэргийн яамны сайд Д. Сүхбаатар болон Германы “Yuеn Fung Trading” пүүсийн хооронд цэргийн дүрэмт хувцасны даавуу нийлүүлэх гэрээ байгуулагдсан явдал юм. Гэвч Зөвлөлтийн санхүүгийн зөвлөхүүд уг гэрээг нэн даруй хүчингүй болгожээ. Гэсэн хэдий ч энэ үйл явдал нь Өрнөдийн орнуудтай эдийн засгийн харилцаа тогтоох гэсэн Монголын удирдлагын хүсэл эрмэлзлийг өөрчилж чадаагүй юм.
1922 оны 4 дүгээр сарын 16-нд Герман улс болон Зөвлөлт Орос Улс (RSFSR)-ын хооронд байгуулагдсан “Рапаллогийн гэрээ” нь хоёр улсын албан ёсны харилцааг сэргээсэн бөгөөд энэ нь Монголын засгийн газрын дээр дурдсан бодлогын чиг шугамд таатай нөхцөлийг бүрдүүлж өгчээ. 1922 оны 7 дугаар сард Германы дипломатууд болох Херманн Гипперих (Hermann Gipperich) , Рудольф Асмис (Rudolf Asmis) нар нөхцөл байдалтай биечлэн танилцах зорилгоор Өргөө хотод ирэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар болон түүний засгийн газрын гишүүд маш найрсгаар хүлээн авсан байна. Ерөнхий сайд “Герман улс Монголд илүү өргөн хүрээтэй эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж буйгаа” илэрхийлж, Герман-Монголын худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа тодорхой хэлсэн байна. 1922 оны 5 дугаар сарын эхээр Тяньжин дахь Германы Ерөнхий консулын газраас “Өргөө дэх гол нөлөө бүхий хүн” хэмээн тодорхойлсон Зөвлөлт Оросын дипломат төлөөлөгч А. Я. Охтин ч мөн Гипперихийг “маш хүндэтгэлтэйгээр” хүлээн авч уулзжээ. Тэр бээр мөн Герман-Монголын худалдааны хэлэлцээр байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Асмис өөрийн илтгэлдээ Гипперихийн гаргасан дүгнэлтийг баталгаажуулсан байдаг. 1922 оны 8 дугаар сарын 5-нд Ерөнхий сайд Жалханз хутагт, Гадаад хэргийн сайд Цэрэндорж, Цэргийн яамны сайд Сүхбаатар нартай уулзах үеэрээ тэр бээр, Монголын Засгийн газар ойрын ирээдүйд “эдийн засгийн нөхцөл байдлыг судлах, эдийн засгийн харилцаа тогтоох” зорилгоор Герман руу төлөөлөгчдийн баг илгээхээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг авсан байна.
1922 онд Берлин хотноо байгуулагдсан, товчоор WOSTWAG (West-Osteuropäische Warenaustausch Aktiengesellschaft) гэгддэг “Баруун-Зүүн Европын бараа солилцооны хувьцаат нийгэмлэг” Монголд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Зарим эх сурвалжид WOSTWAG-ийг Зөвлөлтийн нууц албаны халхавч компани байсан гэж үздэг. Гэвч үүний зэрэгцээ, WOSTWAG нь Улаан арми болон Германы Райхсвер (Reichswehr)-т цэргийн техник, технологи, зэвсэг хэрэгсэл нийлүүлэх суваг болж байсан, улмаар Герман талд Версалийн гэрээгээр тогтоосон хориг хязгаарлалтыг тойрч гарахад тус дөхөм болж байсан гэсэн таамаглал ч бий.
1923 оны 7 дугаар сарын 24-нд Монголын Засгийн газар “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичгийг нийтэлсэн бөгөөд уг баримт бичигт Герман, Орос, Америк улсуудтай “худалдаа, түүхий эд, шинжлэх ухаан, соёлын” асуудлаар хэлэлцээ хийхийг (дурдсан дарааллын дагуу) санал болгосон байв. 1923 оны 8 дугаар сарын 7-нд Монгол Ардын Намын (МАН) II Их хурал уг баримт бичгийг баталснаар, энэ нь албан ёсны бодлого болон хувирчээ. 1923 оноос эхлэн WOSTWAG Монголд салбараа нээсэн нь онцлууштай үйл явдал юм. 1924 оны 8 дугаар сард болсон Намын III Их хурлаас Ардын гэгээрлийн яаманд Монгол Улсын хөгжлийн зорилтуудад хэрэгцээтэй жишээ, загваруудыг олж тогтоох зорилгоор гадаад орнуудын нөхцөл байдлыг судлах “тусгайлан бэлтгэгдсэн төлөөлөгчид”-ийг илгээх шийдвэр гаргажээ. Мөн тус яаманд монгол иргэдийг гадаад улс руу илгээж, “шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр сургаж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх” үүрэг өгсөн байна.
1925 оноос эхлэн Монгол Ард Улсын Москва дахь дипломат төлөөлөгч Буянчуулган болон Германы Элчин сайд, Граф фон Брокдорф-Ранцау (Graf von Brockdorff-Rantzau) нарын хооронд байгуулсан тохиролцооны дагуу Монголын Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Дашсампилон Герман улсад албан ёсны айлчлалууд хийж эхэлсэн нь бодит үр дүнд хүрчээ. Ингэснээр Германы мэргэжилтнүүд Монголд техникийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэхүү түүхэн нөхцөл байдал нь Монголын Засгийн газарт залуучуудыг Европ руу сургалтад илгээх боломжийг олгожээ. 1927 оны баримт бичгүүдээс үзвэл, 1926 онд 13-23 насны 41 монгол иргэнийг Герман, Франц улс руу сургалтад явуулсан байна. Тэдний дунд 33 халх, 7 буриад, 1 дөрвөд хүн байв. Залуучуудын найм нь Улаанбаатар хотоос, 20 нь Богд хан уулын аймгаас (нийт тооны 71 хувь нь төвийн бүсээс) ирсэн байжээ. Эдгээр 20 хүний 12 нь буюу 60 хувь нь Ноён уулын хошуунаас, 2 нь Богд хан уулын хошуунаас, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг шууд хүрээлэн орших засаг захиргааны нэгжүүдээс ирсэн байна. Иймд тэдний ихэнх нь төрийн болон намын албан тушаалтнуудын хүүхдүүд байсан гэж үзэж болох юм. Гэсэн хэдий ч тэдний дунд язгууртан гаралтай гурван хүн байсан бөгөөд тэдний дотроос Д. Наваан-Юндэн, Д. Нацагдорж нар онцгой ач холбогдолтой хүмүүс байв. Наваан-Юндэн хожим байцаалтын үеэр ярихдаа, уг 41 хүнийг явахаас нь өмнө Ц. Жамцарано үдэж өгсөн гэж мэдүүлжээ. Тэр үед Ц. Жамцарано тэднийг “дэлхийн хүчирхэг, соёл иргэншилтэй улс руу сайн боловсрол, мэдлэг эзэмшүүлэхээр” явуулж байна хэмээн хэлсэн гэдэг. Үүний зорилго нь тэднийг ирээдүйд эх орныхоо хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжоор хангах явдал байв.
Хүүхэд, залуус Германд очсон үетэй зэрэгцэн 1926 оны 11 дүгээр сараас 1927 оны 1 дүгээр сарын хооронд МАН-ын Төв Хорооны дарга Ц. Дамбадорж, түүний орлогч Н. Жадамбаа нар Герман, Франц, Итали улсуудад айлчилжээ. Тэдний энэ аяллын талаар маш бага мэдээлэл байдаг.
Залуу монголчуудыг Герман, Франц руу суралцахаар илгээсэн явдал болон намын удирдлагын Баруун Европ руу хийсэн айлчлал нам дахь Зөвлөлтийн хийгээд Коминтерний зөвлөхүүдийн дургүйцлийг ихэд хүргэсэн байна. Нөлөө бүхий зөвлөх М. Амгаев 1927 оны 2 дугаар сард Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн даргын газрын хурал дээр энэ талаар ярихдаа: “Миний бодоход Герман, Франц гэх мэтийн хөрөнгөтөн улсад суралцаж байгаа залуус хэдийгээр сэтгэхүй нь хоёрдсон ч гэсэн ЗСБНХУ-ын нутагт сурч буй хүмүүсийг бодвол дотоод сэтгэлийн хувьд илүү бүхэл бүтэн шинжтэй байх болно. Үүний нууц нь Герман, Франц гэх мэтийн оронд сурч байгаа хүмүүс тодорхой үзэл суртлыг эзэмших бөгөөд тэр үзэл суртал нь одоо Монголын албан ёсны олон нийтийн дунд ноёрхож буй үндсэн шугамтай зөрөлдөхгүй байгааг ухаарч мэдэхэд орших болно.” хэмээн мэдэгджээ.
Амгаев болон Коминтерний зорилго нь үндэсний ардчилсан хүчнүүдийг намын удирдлагаас зайлуулж, улмаар бодлогын өөрчлөлт хийхэд хүргэх явдал байв. Коминтерн 1928 оны сүүлээр болсон МАН-ын (Монгол Ардын Нам) VII Их хурлын үеэр улс төрийн эргэлт зохион байгуулсан юм. Ц. Дамбадорж, Н. Жадамбаа, Ц. Жамцарано зэрэг үндэсний ардчилсан үзэлтнүүдийг “барууны үзэлтнүүд” хэмээн цоллож, намын удирдлагаас хөөжээ. Ерөнхий сайд Б. Цэрэндорж 1928 оны эхээр аль хэдийн нас барсан байв.
Дараа жил нь буюу 1929 онд засгийн газар гадаад худалдаанд төрийн монопол тогтоов. Намын Их хурал болохоос ч өмнө Зөвлөлтийн тал Монголыг гадаад худалдааны харилцаагаа бие даан авч явахад саад болох янз бүрийн арга хэмжээ авч, худалдааны онцгой эрхийг зөвхөн Зөвлөлт Холбоот Улсад олгосон байлаа. 1929 оны 6 дугаар сарын 27-нд байгуулсан “ЗСБНХУ болон БНМАУ-ын хоорондын харилцааны үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилт онцгой хор хөнөөлтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ нь тухайн үед аль хэдийн сул дорой байсан Германтай хийх эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь битгий хэл, хадгалан үлдэх боломжгүй болгожээ. Бээжин дэх Германы Элчин сайдын яамны мэдээлснээр, 1930 оны эцэс гэхэд Улаанбаатарт Германы худалдаачид нэг ч үлдээгүй байв.
1929 онд Монголын засгийн газар Герман, Францад суралцаж байсан монголчуудыг эх орондоо буцаж ирэхийг уриалжээ. Түүнээс хойш арван жилийн дараа тэд Сталины хэлмэгдүүлэлтийн золиос болсон юм. Тэднээс анхных нь болох Наваан-Юндэн 1938 онд “Германы талд тагнуул хийсэн” гэх хэрэгт буруутгагдан баривчлагджээ. 1941-1942 онд Германд боловсрол эзэмшсэн монголчуудаас дахин 13 хүн “Германы талд тагнуул хийсэн” хэрэгт буруутгагдан баривчлагдсан нь тухайн бүлэг хүмүүсийн бараг 50 хувийг эзэлж байв. Тэдэнд оногдуулсан хатуу ял шийтгэлийн өмнө ихэвчлэн удаан хугацааны урьдчилан хорих ажиллагаа явагдсан байдаг. Наваан-Юндэн 1068 хоногийг урьдчилан хорих байранд өнгөрүүлж, нийт 449 цагийн турш байцаалтад оржээ. Түүнийг байцаасан тэмдэглэлүүдэд үндэслэн тагнуулын хэргийг зохиомлоор бүрдүүлж, улмаар 1943 оны 12 дугаар сарын 14-нд тусгай шүүхээс Наваан-Юндэнд 20 жилийн хорих ял оногдуулсан байна. Наваан-Юндэн 1950 оны 3 дугаар сард шоронгоос суллагджээ. Шоронд байх хугацаанд түүний хэлний мэдлэг нь түүнд тодорхой хэмжээгээр аврал болсон байна. Тэр бээр Бямбын Ринчен, “Герман” хэмээх Бат-Очир, Дугаржав нарын хамт орос хэлнээс, тэр дундаа “Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын түүх” зэрэг бүтээлүүдийг орчуулах үүрэг хүлээж байв.
Өнөө үед Герман, Монголын харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Иймд өнөөдөр хоёр талын харилцааны эхлэлийг эргэн санаж, 1920-иод оны түүхэн нөхцөл байдалтай харьцуулж үзэх нь зүйтэй юм. Тухайн үед эдийн засгийн харилцаа илүү өргөн хүрээтэй байж чадсан бол өнөөгийн хоёр талын харилцаа өөр замаар хөгжих боломжтой байсан байж магадгүй. Дэлхий ертөнц улам бүр хуваагдан хэсэгчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд Герман-Монголын эдийн засгийн харилцаа сул, ач холбогдол багатай байгаа нь тодорхой асуудал мөн.
Гэсэн хэдий ч хоёр улс өдгөө стратегийн түншлэлийн харилцаатай байгаа нь эерэг үзүүлэлт бөгөөд мэдээж хэрэг, энэхүү түншлэлд тэгш байдал, харилцан ашигтай байх зарчим гол байр суурийг эзлэх нь чухал биз ээ.
Удо Б.Баркманн /baabar.mn/



