Засгийн газрын өнөөдрийн /2026.11.18/ ээлжит хуралдаанаар "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Өмчлөлийн бодлогоор төрийн өмчит компани тус бүрийн төрийн өмчлөлд байх үндэслэл, хувьцаа эзэмших зорилго, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, өмчлөгчийн чиг үүргийг нэгдсэн бодлого, нэгдмэл зарчмын хүрээнд хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.
Бодлогын хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 хуулийн этгээдийг өмчлөлийн зорилго, чиг үүргээр нь ангилж, 47 компанийг арилжааны, 54 компанийг нийтийн үйлчилгээний ангилалд хамруулахаар төлөвлөсөн аж. Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиг багатай бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нэгтгэх, нийлүүлэх, татан буулгаснаар төрийн өмчит компанийн тоог 2030 он гэхэд 85 болгон цөөлөхөөр тусгажээ.
Түүнчлэн, төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах боломжтой 34 компанид бүтцийн болон өмчлөлийг шинэчилж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцааг нийтэд санал болгох, стратегийн хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын багцын механизмыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Бодлогын хэрэгжилтийн үр дүнд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, төрийн өмчийн ашиглалт, үр өгөөж мэдэгдэхүйц сайжирна гэж үзэж байна. Бодлогыг 2027-2030 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.



