Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.
-Ардчилсан намын бүлгээс сүүлд хийсэн мэдээллээр хулгайд нэр холбогдсон бүх албан тушаалтныг ажлаа өгч, шалгуулахыг шаардсан. Ер нь ямар асуудлууд үүсээд байна вэ?
-Нэгдүгээрт, "идээ, бээр" нь шахагдана гэдэг шиг зүйл болж байна. Өмнө нь яригдаж л байсан асуудлууд юм. Тухайлбал, 44 их наядын нүүрсний хулгай, ЖДҮ-ийн хулгай, ногоон автобусны хулгай, боловсролын зээлийн сангийн хулгай гээд асар олон хулгай яригдсан. Хамгийн сүүлд гэхэд Оюу толгойгоос 20 сая ам.доллар авсан, дээрээс нь Туулын хурдны замын 500 тэрбум гэх мэтээр хулгай олноор яригддаг боловч үүнд хариуцлага хүлээсэн өндөр дээд албан тушаалтан байдаггүй. Ингээд явж байх хооронд дахиад сэргэж, дэгдэж байгаа нь зөв зүйтэй. Дотроосоо бие биеэ илчилж эхэлж байна. Хамсаатнууд юм уу хаашаа юм. Тийм учраас сөрөг хүчний хувьд нийгмийн захиас, шаардлагыг биелүүлэх үүднээс энэ асуудал дээр хатуу шаардлага тавьсан. Энэ асуудалд нэр холбогдож байгаа бүх өндөр дээд албан тушаалтнууд ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Ингээд үнэн бол хариуцлагаа хүлээ, ялаа ав. Худлаа бол гүтгэсэн тал нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Тийм учраас энэ шаардлагын дагуу Ерөнхийлөгч албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өөрийгөө шалгуулах гэж байгаа нь сайн байна. Мөн энэ асуудалд нэр холбогдсон Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ зэрэг сайд ажлаа өгч, шалгуулах гэж байна. "Лайв"-аар, эсвэл гүтгэлгээр асуудлыг зогсоож, замхруулж болохгүй. Бүгд ажлаа өгөөд, шалгуулаад явдаг жишиг рүү орох хэрэгтэй.
-Цаашдаа улс төрийн нөхцөл байдал яах бол. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хэдхэн сарын өмнө ийм зүйл болсонд олон нийт янз бүрийн санаа бодолтой байгаа байх?
-Тогтвортой байдал чухал гэж ярьдаг. Үүнтэй би бүрэн санал нийлдэггүй. Мэдээж улс төрийн нөхцөл байдал янз бүр байхаас хамаарна. Гэхдээ болохгүй байгаа асуудал дандаа засагдаж, сайжирч, өөрчлөгдөж байх ёстой. Түүнээс биш тогтворгүй байдал үүснэ гээд байвал намаг, балчигтаа живээд улам шигдэж байхгүй болно. Гэтэл Монгол Улс тэр даяараа авлигын намаг, балчигт шигдчихсэн байна. Цаашаа живэх үү, үүнээсээ салаад дээшээ авирч гарах уу гэдэг зааг дээр явж байна.
Нийгмийг талцуулсан, худал үнэн нь мэдэгдэхгүй маш их мэдээллүүд явдаг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал нийгмийг маш их бухимдалд хүргэдэг. Гэтэл ард түмний амьдрал маш хэцүү, ядуурлаас гарахгүй байна. Дундаж анги гэж байхгүй, улам доошлоод байна. Бизнес хийгээд гайгүй дээшлэх гэж байсан бүлэг нь улам доошлоод байдаг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өндөр албан тушаалтнууд олон их наядын хэрэгт орооцолдоод байгаад иргэд маш ихээр бухимдаж байгаа. Бухимдлыг шударга ёсны үүднээс нэг тийшээ болгох хэрэгтэй. Тэгж байж иргэдийн төрд итгэх итгэл нь жаахан ч гэсэн сэргэнэ. Одоо бол манайд иргэдийн төрд итгэх итгэл байхгүй болж байна. Үүний цаана маш ноцтой асуудал үүсдэг. Юм болгоныг үгүйсгэж, иргэд цөхрөлд хүрдэг. Цөхөрсөн, юунд ч итгэхээ больсон хүмүүс юу ч хийхэд бэлэн болдог.
-Сөрөг хүчний зүгээс цаашдаа ямар шаардлагыг тавих вэ?
-Ардчилсан нам дарга төвтэй биш гишүүд төвтэй. Тийм учраас гишүүд нь олон ургальч үзэлтэй байдаг. Үүний хүрээнд хэн нэгнийг эсэргүүцэх эрхийг нь бид байнга олгодог. Нухчин дардаггүй гэсэн үг. Эдгээр асуудлууд дээр эсрэг байр суурьтай байх, намын удирдлага шүүмжлэлтэй хандах нь хэвийн үзэгдэл. Мэдээж тавьж байгаа асуудлыг сонсож, аль болох шийдэх хэрэгтэй. Намын хувьд ноцтой эв нэгдэлгүй байдалд хүрсэн зүйл байхгүй. Гэхдээ асуудал байгаа. Түүнийгээ шийдэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд Ардчилсан нам бэлэн байх хэрэгтэй. Яах бол гээд доороо дэвхцээд байх шаардлагагүй. Ер нь улс төрийн хүчин гэдэг үргэлж бэлэн байх ёстой. Тэр утгаараа бид бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаас өмнө зарлагдах зүйл яригдаж байна.
-Бүх оффтейк гэрээг ил болох зорилгоор УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зурсан байгаа вэ?
-Бүлгийн ажлын алба гарын үсэг зуруулаад явж байгаа. Зарчмын хувьд 42 гишүүн бүгд зурна гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн.
-Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн орлого амьдралын наад захын хэрэгцээгээ хангахад ч хүрэлцэхгүй болсон энэ үед сонгууль ойртож, улс төрийн идэвх, өрсөлдөөн нэмэгдэж байна. Ийм цаг үед иргэд зөв сонголт хийхийн тулд юунд хамгийн их анхаарч, хэрсүү байх шаардлагатай вэ?
-Олон жилийн турш ужгирсан нийгэм, эдийн засгийн олон асуудлын цаана төсөв, санхүүгийн бодлогын алдаа нөлөөлсөн. Дээрээс нь ийм их асуудалтай, нийгэм эдийн засгийн байдал хүндэрчихсэн, хоёр оронтой тооноос буухгүй нь тодорхой нөхцөл байдалтай үед аль болох л төсвөө хумих ёстой. Инфляцийг бууруулахын тулд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ өсгөдөг. Үүний нөлөөгөөр арилжааны банкууд бизнес, иргэдэд зээл олгохоос илүүтэй Монголбанкинд мөнгөө байршуулж, хүүгийн орлого олох сонирхолтой болдог. Ингэснээр зах зээл дэх мөнгөний эргэлт саарч, бизнесийн санхүүжилт хумигдан, эдийн засгийн идэвхжил буурах эрсдэл үүсч байна. Нөгөө талдаа төсөв маш их тэлсэн. Өмнөх оноос найман их наядаар тэлж, сонгуулийн төсөв гэж нэрлэдэг мөчлөг рүү орчихлоо. Уг нь Монгол Улс нэгдмэл байгаад, улсын хэмжээнд хаана, юу хэрэгтэй вэ гэдгийг маш зөв эрэмбэлэх ёстой. Ингээд маш энгийн асуудал байтал ирэх сонгуульдаа бэлдэхийн тулд тойргийн гишүүд амласан зүйлүүдээ хийхийн тулд үр ашигтай эсэхээс үл хамаарч маш их хөрөнгө оруулалтын зардлуудыг тавьсан. Тийм учраас төсөв ийм их болж, сонгуулийн төсөв болоод тэлээд байна. Төсөв дээр тогтвортой байдлын тухай хуулиа чанд баримтлах хэрэгтэй. Аль болохоор тэлэхгүй байж, эсрэгээрээ хумих хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос манай улс маш их хамааралтай. Энэ орлого өндөр байхын хэрээр хуримтлал үүсгэн хадгалж байгаад, энгийнээр хэлбэл хүнд хэцүү цаг үед зарцуулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл манай үндсэн экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болоод ирэнгүүт олсныхоо хэрээр зарцуулдаг. Үүний үр дагавраар инфляци өсдөг. Нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмээд байдаг. Тэр нь ямар ч бодит орлого болохгүй байна. Тиймээс төсвийн бодлого маш чухал. Үүнд том шинэчлэл хийх шаардлагатай. Уг нь МАН сүүлийн арван жил тасралтгүй засаглаж байгаагийн үр дүн эерэг тал руугаа гарч байх ёстой ч эсрэгээрээ улс эх орныг сүйрүүлж байна. Нийгэм, эдийн засгийн байдал дордож байна. Авлига, албан тушаалын хэргүүд хэрээс хэтэрлээ. Тиймээс сонгуулиа шударга явуулж, сонголтоо зөв хийх хэрэгтэй. Одоо бол МАН-ыг солих цаг нь болсон. Үнэхээр хийж чадахгүй байна. Бүх үзүүлэлт дордож байна. "Тогтоол ус хүртэл илжирдэг" гэдэг шиг илжирч байна. Энэ хүчнийг төр засгаас явуулах хэрэгтэй. Тэгж байж энэ улс оронд гэрэл гэгээ харагдана.
-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэрэг хөндөгдөж байгаа нөхцөлд иргэдийн төрд итгэх итгэл сулардаг. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Дэлхий дахинд парламентын сонгуулийг улс төрийн нам дээр суурилж явуулдаг. Үүнийг хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй. Аль нэг нам олонх болохоор тэр намын дэвшүүлсэн бодлого нь үзэл баримтлалынхаа хүрээнд хэрэгжээд явж байгаа. Одоо манай сонгогчид тэр нам, энэ нам гээд нэмэргүй. Аль намынх нь дэвшүүлж байгаа бодлого нь ард түмний амьдралд хэрэгтэй байна. Аль нь амлалтаа биелүүлэхгүй байна гэдгийг дүгнэх ёстой. Баахан юм амлаад, сонгогдоод гардаг. Түүнийх нь үр дүн, амлалтыг нэхэх хэрэгтэй. Бүх зүйл, заалтаар нь нэхэх хэрэгтэй. Өмнөхөө биелүүлээгүй байхад яагаад тэр хүнд дахиад итгэх ёстой юм бэ. Хүний итгэлийг алддаг шүү дээ. Тэрэн шиг МАН иргэдийн итгэлийг алдчихсан. Ард түмэн дахиж МАН-д итгэх ёсгүй. Сонголтоо өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь хийж байсан зүйлүүдийг нь эргэж сана. Тэгж байгаад сонголтоо хийх ёстой. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийг нь эргэж худалдаж аваад байгаа зүйлд дахиж хууртаж болохгүй. МАН Засгийн газрынхаа өмнөөс янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлээд тэрийг нь УИХ баталдаг. Эсвэл зээл тэглээд явчихдаг. Ингээд татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн саналыг худалдан авахад ашиглаад байна. Тийм учраас иргэд ухаарч, сонголтоо зөв хийж хэрсүү байх хэрэгтэй. Цаашид олон нийт гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас байнгын хариуцлагыг нэхэх хэрэгтэй. Амар заяаг нь үзүүлж болохгүй.
Өдрийн сонин



