x

Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй

Орчин цагийн шинжлэх ухааны салбарт томоохон нэр хүндтэй нэгэн бол яах аргагүй Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч, археологич, доктор (PhD), профессор Дэмидийн Эрдэнэбаатар юм. Тэрбээр Улаанбаатар их сургуульд тэнхимийн эрхлэгч хийж, Хүннү болон Хүрэл зэвсгийн үеийн судалгаагаараа дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан нэгэн. Ялангуяа Архангайн “Гол мод” дахь Хүн гүрний язгууртны булшны малт-лага, судалгааг удирдсан иргэншил судлаач, үндэсний шилдэг сэхээтэн. Тэрбээр Монголын эртний төрт улс болох Хүн гүрний түүх, соёлыг дэлхий дахинд сурталчилахад томоохон хувь нэмэр оруулж, Монгол нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн он цагийг урагшлуулж чадсан бахархалт хүмүүн юм. Авгаржин Жа.Баяраагийн түүнтэй хийсэн илэн далангүй сонирхолтой хөөрөлдөөнийг “Өдрийн сонин” хэсэгчлэн хүргэж байна.

-Та Архангайн Гол модыг төнхөж байхдаа алт эрдэнэс олсон байх аа?

-Нууцлах юм байхгүй. Гол модны булшны бүх олдворууд “Чингис хаан” музейд өрөөстэй байна.

-Та гавьяаны амралтаа эдлэх цаг иржээ. Гэтэл судалгаагаа хийнэ гээд чичрээд дайраад байх шиг. Булш бунхны том нээлт хиймээр байгаа юм уу?

-Би олон жил гадныхантай санал солилцож, тэдний манай орны тухай бичсэн үгүүлэл зэргийг судаллаа. Тэд биднийг “Бүдүүлэг нүүдэлчид” гэдэг. Харин бид нүүдэлчдийн соёл ямар гайхалтайг дэлхийд нотолж чадсан. Монголчууд хэзээ ч бусдын юмыг булаасан зэрлэгүүд байгаагүй. Бидний түүхийг булаацалддаг хөрш орнууд бий болчихлоо. Бид юмандаа эзэн болж, судалгаагаа баяжуулж олон түмэнд түгээхгүй бол аюул ирж байна.

Магадгүй 500 жилийн дараа хүн гүрэн монгол биш ээ гээд сууж байвал яах вэ? Монголчууд эрт балар цагт хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй, эндээ л мянга мянган оныг элээсэн. Оршин буйн тод баримт нь археологийн олдворууд. Манайх гадны судалгааны багийг урьж ажиллуулж байна. Төрөөс олигтой санхүүжилт өгдөггүй. Бид өөрсдийн нэр төр, улаан нүүрээр дэнчин тавьж, “Хамтарч судалгаа хийе” гэж санал тавина. Мөнгө гаргасан хүн хөгжмөө захиалдаг нь дэлхийн жишиг. Тэдний дүгнэлтийг үл зөвшөөрч өөрсдийн саналаа тусгуулж л түүхэндээ эзэн болно. Ухаандаа Оросын түүхчид “Скифийн соёл л Хүн гүрэнд чухал нөлөө үзүүлсэн” гэж бичсэн. Үнэндээ тэд манайд үүсч бий болоод хожим баруун зүг нүүдэллэсэн улс байхгүй юу. 2000 жилийн өмнө Грекийн алдартай түүхч “Зүүн зүгээс ирсэн нум сумт морьтнууд” гэж бичиж үлдээсэн нь буй.

-Монголын археологийн их эрдэмтэн гэвэл та хэнийг хэлэх бол?

-Хамгийн анхны судалгааг хийсэн нь их зохиолч Д.Нацагдорж. Мань эрээс өмнө Буд гэдэг хүн байсан. Эндрюсын экспедицийн газарчин, хожим түүхийн хүрээлэнд ажилласан. Анхны мэргэжлийн археологич нь Ц.Доржсүрэн гуай. Гол модны судалгааг эхлүүлж, “Умард Хүннү” гэсэн алдартай бүтээл туурвисан. 1960-аад онд мөн л хэлмэгдсэн. Цэргийн тагнуулч хүн. Халх голын дайнд оролцоод дараа нь Москвагийн их сургуулийг төгссөн хүн. Дараачийн том судлаач бол Д.Дорж багш. Монголд хүн үүссэн он цагийг 850 мянган жил хүртэл урагшлуулсан. Цагаан агуйн соёлт давхаргыг судалсан эрдэмтэн.

-Та аугаа их Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав багшийг яагаад үл дурсана вэ?

-Пэрлээ гуай Монголд анхны үндэстний археологийн судалгааг хийсэн. Сургууль төгсөөгүй ч малтлага хийсэн Монгол хүн. Төв аймгийн Лүн сумын Авдар толгойн булшинд анхны бие даасан малтлага хийсэн нь Пэрлээ гуай.Н.Сэр-Оджав “Монголын эртний түүх” гэдэг номыг бичсэн. Доржсүрэн багшийн дараа Москвад төгссөн. Баянлигийн хадны зургаар ном хэвлүүлсэн. Гол судалгаа нь монголд буй эртний Түрэгийн дурсгалууд юм. Эртний Түрэг нь одоогийн Турктэй түй ч хамаагүй. За тэгээд Д.Наваан, Цэвээндорж академич, Д.Баяр багш байна. 1990-ээд он хүртэл Монгол Улс арваадхан археологичтой байлаа.

-Одоо хэчнээн хүн байна вэ?

-100 гаруй хүн байна. 1990-2000 оны хооронд 10-аад хүн эрдмийн зэрэг хамгаалсан. Манай салбарт нэг авах юм бий. Зохиох ямар ч арга байхгүй. Бодит зүйл дээр холбогдох цаг, соёлыг тайлбарлана.

-Гавьяат археологич гэвэл хэн байдаг юм бэ?

-Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн гурав бий. Д.Баяр, Цэвээндорж, бид гурав.

-Галав болоод иргэншил судлаачдын талаар мэдээлэл өгөөч.

-Цогтбаатар, Пэрлээ, Барсболд томчууд байна. Хандсүрэн гэж эмэгтэй бий. Үлэг гүрвэлийн яс гаргасан хэрэгт хэсэг эрдэмтэд холбогдсон. Юу болсныг би мэдээгүй.

-Төв музейд байсан махчин идэшт аварга гүрвэлийн яс гадагш үзэсгэлэнд явахдаа хоёр метр намхан болчихоод ирсэн тухай жиг жуг гээд л байсан.

-Тийм үү. Монголын үлэг гүрвэлийн яснууд буцаж ирж буй нь сайн хэрэг. Нэг хэсэг, замбараагүй хяналтгүй байсан байх шүү. Бөөн шуугиан дуулиан болоод байв шүү.

-Та археологич хүн. Үлэг гүрвэлийн өндөг гараад ирвэл яадаг вэ?

-Яах ч үгүй. Ер нь гарч ирэх магадлал тун бага. Тийм олдвор зуун сая жилээр яригдана. Археологи бол цаг хугацааны хувьд саяхны зүйл юм аа. Эртдээ л 800 мянган жилийн тухай ярина.

-Хүмүүс сэтгэл байвал юуг ч гэсэн нугалдаг биз дээ?

-Би чамд нэг зүйл хэлье. 1990-ээд оноос хойш би улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй судалгааны ажлаа амжуулж явна. Дандаа гадна, дотны ивээн тэтгэгч нарын дэмжлэг тусламжаар явж байна.

-Аюултай юм байна. Эрдэнэс гараад ирвэл хуваагаад цохичиход үгүй гэх газаргүй л юм байна даа.

-Хүн бүр наадахыг чинь ярьдаг юм. Гол модыг малтахад Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүжүүлсэн. Тэр хүн надаас зэвтэй хадаас ч аваагүй. Үүний төлөө би төр засаг, хууль хяналтын байгууллага гээд шалгуулаагүй юм байхгүй. Яагаад гэхээр хувийн санхүүжилтээр хийж байгаа гэсэн утгаар харддаг бололтой юм билээ. Намайг бүр Баттулгын хүн болгочихсон байсан шүү дээ.

-Та бас алдастай муухай юм хийсэн. Хятадтай хамтарч малтлага хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хамаг олны хачин зэвүү, сэжиг хүргэсэн явдал болсон. Урагш сүжирсэн хүнд монголчууд яс, цуснаасаа таатай биш гэдгийг та мэднэ.

-2017-2019 онд Монгол-Хятадын хамтарсан судалгааны үр дүнд дэлхийн шилдэг олдвор “Хос мөнгөн луу”-г илрүүлсэн биш үү.

-Та нарыг булш хөндөхөд цагдаа, тагнуул бүлтийтэл хараад л байж байх уу?

-Байна аа. Бид нээлттэй малтлага хийдэг. Нэг булш малтахад маш олуулаа ажиллана. Нутгийн ард иргэд, оюутан залуус, эрдэм судалгааны ажилтнууд цөм байна. Гар болон гэрэл зургийн баримтуудыг байнга хийнэ. Юм аваад халаасална гэх ямар ч боломж байхгүй. Бид ёс суртахуунтай, түүхээ босгох гэж зүтгэж яваа улс.

-Шунахай, сувдаг залуу үе ороод ирлээ. Асуудал үүсэхгүй гэх газаргүй.

-Олдворуудаар бид үзэсгэлэн гаргадаг. Олсон зүйлээ түмэнд дэлгэн танилцуулж, сүсэлж үйлдэх учиртай. Энэ бол уламжлалт ажил. Би 1980 онд хилийн цэрэгт алба хаасан, тангараг өргөсөн бэлтгэл дайчин. “Тангараг няцваас Монголын хуулийн хатуу цээрлэл хүлээнэ”. Энэ ёс зүй бүх хүнд хамаатай.

-Нээрээ таныг цэрэгт байхад оны ялгаа ямаршуу байв?

-Олон хүн байгаа газар оны ялгаа байлгүй яахав. Эр улс асуудлаа шийдээд л явчихна. Оны ялгаа гаргахын эсрэг зогсдог байлаа. Жагсаалын дарга байхдаа шинэ цэргүүдтэй огт харьцдаггүй, өмөөрнө. Гар чангатай ч байж. Хааяа хууччуултай алалцана.Шөнө нойрондоо бялба нүдүүлж үзсэн шүү. Аавын хүүхдүүд тэгж байж эр хүн болдог, чи сайн мэднэ дээ.

-Хотод төрнө гэдэг ой санамж муу, газар шороо эх нутгийн тухай амин ойлголт үгүй. Ахуй орчноо мэдрэх бүү хэл анзаардаггүй юм шиг.

-Би Улаанбаатарын унаган хүүхэд.Зуны амралтаар хөдөө байнга явна. Бүр багаасаа адуу мал хариулж явсан. Сургуулийн сурах бичиг дээр Ноён уулын булшны тухай байсан нь нөлөөлж археологич болохоор шийдсэн юм аа.

-Булш, хиргисүүр малтдаг хүмүүс залуугаараа үхдэг. Үхээр, лусын бузар болоод тэгдэг байх гэх...

-Бүр залуугаараа явсан нь үгүй. Бүгд л 60 нас давна. Миний нэг шавь магистр хамгаалахын өмнөхөн “Багш аа, би харьчихаад ирье” гэж байна. Яав гэтэл “Би археологич болмооргүй байна” гэлээ. Учрыг асууваас “Аав, ээж ламд үзүүлсэн чинь харш мэргэжил байна” гэсэн юм байх. Яаж ч чадаагүй, өнөөгийн залуус дунд тийм мухар сүсэг байхгүй.

-Та жишээлбэл булш, бунхан хөндөхдөө шууд хүрздээд эхлэх үү?

-Монгол хүн байна, газар хөндөх, гуйх ёслол үйлдэнэ. Уул хангайдаа гал асааж, арц хүж уугиулна. Мухар сүсэг гэхээсээ илүү эртний ёсыг гүйцэлдүүлж байгаа хэрэг. Багш нар маань буух буудал, газрыг хаанаас нь хөндөх үү гэхийн тухайд нарийн сонголт чухал гэдгийг сануулдаг.

-Аав тань аль нутгийн, ямар мэргэжлийн хүн байв?

-Завханы Сонгино сумын хүн. Арьс өнгөний чиглэлээр мэргэшсэн хүний их эмч байлаа. Ээж Дундговийн Эрдэнэдалайн хүн.

-Таныг харахаар биеийн хэлэмж хотын хүн гэхэд санаанд бууж өгдөггүй юм?

-Уул усны сүр нөлөөлсөн биз. (инээв) Шүлэг бичиж явлаа. Хар багаасаа мөрөөдсөн мэргэжлээ эзэмшинэ гэдэг аз жаргал. Танай ангийн Батнасан бид их сургуулийн нэг ангийн оюутнууд. Би чинь ажиллаж байгаад, цэргийн алба хаагаад зургаан жилийн дараа оюутан болсон байхгүй юу.

-Загал үүрийг та Хүннүгийн булш гэж үздэг. Он цагийн хувьд Манж чин гүрний үе юм биш үү?

-Хүрэл зэвсгийн үеийн булш. Саарал жанжин бол домог. Шинжаанд том хиргисүүрийг “Чингисийн булш” гэж нэрлэх нь түгээмэл.

-Та нар Загал үүрийг яагаад малтдаггүй юм, зүрх хүрэхгүй байна уу?

-Санхүүжилт гэдэг асуудал. Том булшийг малтана гэдэг асар их зардал шаардлагатай.

-Хүн хүрэхээргүй хэцүү бэрхэд булш тоночихсон байх юм. Энэ тухайд та юу хэлэхсэн бол?

-Одоо булш зэргийг гүүглээс хайгаад л олчихож байна. Төлбөрөө төлсөн бол сансрын зураг чинь нэгд нэгэнгүй харуулна. Орон нутгаас нь хүмүүс бас мэдээлэл өгч байгаа. Хулгайч нар чинь биднээс илүү зэвсэг техник, тоноглол, хүн хүч сайтай шүү дээ.

-Саяхан би Алтайн өвөр говиор явлаа. Хил зөрчсөн хятадууд чулуу тоншоод, хөрс хүрздээд явж байна билээ.

-Хаа сайгүй тийм байна. Эрдэмтэддээ зөвшөөрөл өгөхгүй байхад тэнд хүний өөрийн хулгайч нар хууль зөрчөөд ажиллаж байх жишээтэй. Гол модны дурсгалд хоёр ч удаа бүлэг хулгайчид орсон. Тэднийг бариад цагдаад өгөхөөр бүр амтай юм шиг тавиад явуулчихна.

-Танд яг одоо яаралтай малтмаар булш байна уу?

-1997 онд би Монголд анх удаа мэргэжлийн археологийн танхим байгуулсан. 30-аад жил багшилсны эцэст “Улаанбаатар” их сургууль татан буугдсан. Харамсалтай байгаа биз. Хадгалагдаж байсан бүх олдвор “Чингис хаан” музейд шилжсэн.

-Үндэсний шинжлэх ухааны салбар цэцэглэх ёстой бус уу?

-Би гайхдаг. Монгол Улсын оршихуйн үндэс бол түүх соёл. Бидний түүхийг булааж буй гадны нөхдөд хариу өгөх ёстой. Соёлын өвийн тухай хуулинд археологийн дурсгалын тухай бүтэн бүлэг байна. Зөвшөөрөлгүй нэг газрыг би ухлаа гэж бодъё. Олон зүйлээ хэвлэж нийтлэх боломжгүй. Одоо чи хар, зөвшөөрөлтэй хийсэн малтлагыг зөвшөөрөлгүй хийсэн гээд гүтгэнэ. Намайг анх Хүннүгийн булшин дээр Хятадтай хамтрах санал тавихад “Дээдсийн булшин дээр тэдэнтэй ажиллахад улс төрийн хувьд зохимжгүй” гэсэн шүү дээ.

-Танд Япон, Бельги, Голланд, Австрали олдоогүй юм уу?

-Олдоно, гэхдээ нэг зун нэг улстай ажиллана. Олон хүнтэй зэрэг ажиллах боломж үгүй, биеэ хэд хуваах билээ?

-Та яагаад Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахыг хүсээгүй хэрэг вэ?

-Үгүй ээ, Орост хамгаалах гэж очсон. Ах нарын үзэл санаанд тааруулж бичихгүй бол боломж үгүй. Монголдоо хамгаалъя гэхээр удирдах багш байхгүй, тэгээд ч заавал хавтас авах шаардлага байна уу гэж бодогдсон. Эрдмийн ажлаа ном болгож гаргана даа.

-Та ер нь яг юу нээсэн эрдэмтэн бэ?

-Археологийн судалгаанд 4500 жилийн өмнөх Чемурчекийн өв соёлыг олж тогтоосон. Энэ нь дэлхийд зарлагдсан нэр томьёо. Товч тайлбарлахад монгол нутагт анх удаа хүнд зориулсан хөшөө чулууны дурсгал гэж ойлгоход болно.Дараагийнх нь “Мөнх Хайрханы соёл”, бас “Тэвшийн соёл, Буган чулуун хөшөө, хиргисүүрийн соёл” гэж байна. Ухаандаа би Буган хөшөө нь буга сүлдтэй, төрт улсын бэлгэ тэмдэг болохыг тогтоосон. Буга бол анхны нэг эвэрт амьтан. Хүннүгээс 1500 жилийн өмнө Монголын нутагт төрт улс байсныг нотолсон юм. 2000-2005 онд хийсэн ажлыг маань дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн. Олон улсын нэр хүндтэй сэтгүүл дээр тодорхой байгаа. 2019 онд Хос мөнгөн луу маань дэлхийд шуугиан тарьсан юм. Ковидоос болоод хэн ч мэдэхгүй чимээгүй өнгөрсөн.

-Лууг Хятадын бэлгэ тэмдэг гэж олон хүн ойлгодог, яалтай билээ?

-Үгүй, эртний монголчуудын язгуурын шүтээн. Их Юань улс Бээжинд нийслэлээ шилжүүлсэн. Тэгэхэд Монгол хаадын их бэлгэдэл луу Хятадад нутагшаад үлдчихсэн хэрэг. Хятадад нэг домог үлгэр буй. Арслан, луу хоёр хүчийг үзэж луу нь дарагддаг. Тэгээд л “умардын нүүдэлчдийг номхотгож” амар сайхандаа жаргаж буйг өгүүлдэг.

-Яг хос луу мөн үү?

-Биш ч байж мэднэ. Цаад суурь нь ирвэс, эсхүл тэнгэрийн нохой ч байж мэднэ.

-Та минь хэд дэх гэргийтэйгээ аж төрж байна вэ.Археологич хүн гэрт тогтохгүй, хүнд хань болоход бэрх улс гэлцдэг...

-Гурав дахь бүсгүй. Хээрээр гэр хийдэг хүнтэй барагтай хүн таарч тохирдоггүй юм билээ. Эхний бүсгүй маань түүх судлаач мөртлөө намайг дандаа үгүйсгэж, “Чиний ажил гэж юу байсан юм” гэж урам хугалдаг байлаа. Хоёр дахь бүсгүйтэйгээ 10 жил амьдрах гэж үзээд зүг мөрөө хөөжээ. Болохгүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Хожуу хосолсон ч одоогийн хүүхэн маань намайг их ойлгож, дэмждэг. Би ч гэсэн сэтгэлийн дэм өгөхийг хичээдэг. Аав нь миний багш байсан. Хувь заяа намайг энэ бүсгүйтэй учруулж шагнасан юм.

-Архи дарс даах чадвар ямаршуу түвшинд байна даа?

-Бусдын адил ууж иднэ ээ, одоо бол ядраад байдаг болжээ. Ер нь хүн хүссэн юмаа хийж байхад алзахгүй дээ...

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хатагин овогт Д.Эрдэнэбаатар“Миний удамд сартуул хүн бий. Аав минь дөрвөн хүүтэй. Хоёр нь сахалтай, хоёр нь сахалгүй. Бага Азийн чигээс юм байхыг үгүйсгэхгүй. Хэдэн зууны ген хадгалагдаад явж буйг таашгүй” хэмээн яриагаа өндөрлөсөн юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 13 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 1 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19 Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 2026-11-19 Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2026-11-19 Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top