Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хурал нь жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын харилцан уялдаатай асуудлуудад анхаарал хандуулж, бүс нутаг болон дэлхийн түвшинд тулгамдаж буй сорилтуудыг нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Үүнээс өмнө төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл болон 21 аймагт нийт 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд эдгээрээс гарсан санал, зөвлөмжийг хурлын үр дүнгийн баримт бичиг болох уриалгад тусгах аж.
Энэхүү хурал нь 2026 онд Монгол Улсад болох “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал”-ыг угтсан, мөн Жендэрийн үндэсний хороо байгуулагдсаны 30 жилийн ой болон “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Хуралдаан нь нэгдсэн болон дөрвөн салбар хуралдаантай бөгөөд нэгдсэн хуралдаанд жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх туршлага, боломжит гарцын талаар хэлэлцэж байна. Салбар хуралдаануудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх олон улсын туршлагыг хуваалцаж, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодит шийдлүүдийг тодорхойлох юм.
Эх сурвалж: BOАҮАЯ, ЖҮХ, АХБ