Дэлхий тэнхлэгээрээ эргэхээ аажмаар зогсоовол хүн төрлөхтөнд сүйрлийн өөрчлөлт ирнэ. Хэрэв тэр нь гэнэтхэн нэгэн агшинд хийгдвэл юу болсныг бид ойлгож амжилгүйгээр мөхнө.
БОДИТООР
Агшин зуурын үр дагавар: Манай гарагийн эргэх хурд нь 1670 км/цаг, тийм учраас тэр нь зогсоход уулын биетэд бат бэхээр суусан бүгдээс бусад ан амьтан, хүмүүс, мод бут, барилга байшин газрын хөрснөөс хормын зуур арчигдана. Үүний зэрэгцээ далай тэнгисийн ус инерциэрээ эргэлдэж байх учир амьд үлдсэн цөөн азтануудыг цунами хучиж авна. Нэгэн зэрэг маш олон тооны газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтүүд явагдана.
Өдөр шөнө: Дэлхийн нэг хоног нь 365 өдөр үргэлжилнэ. Дэлхийн нэг хэсэгт бараг хагас жилийн турш нар шаран ер бусын халуун, харин нөгөө хэсэгт нь бараг зургаан сарын хүйтэн шөнө болно. Халуун өдөр, хүйтэн шөнийн хооронд хэсэг зуурын бүрэнхий үргэлжлэх учраас бараг гэсэн тодорхойлолт хэлэгдэж байгаа юм.
Ус ба хуурай газар: Одоо төвийн таталцах хүч нь бөмбөрцгийн туйлуудыг дотогш шахан экваторын бүсээр нь цүлхийлгэдэг. Тэнд дэлхийн бүслүүрийн хэмжээ нь туйлуудынхаас 43 км-ээр илүү. Дэлхий эргэлтээ зогсооход цүлхгэр нь алга болж далай тэнгис туйлын зүгт урсах юм.
Дэлхий дээр нэг асар том ганцхан тив далайн хоёр “малгайтай” л үлдэнэ.
Зүүн ба баруун: Одоо нар дорно зүгээс мандан баруун зүгт жаргадаг. Учир нь дэлхий тэнхлэгээрээ зүүнээс баруун тийш эргэдэг. Хэрэв манай гараг эргэхээ зогсвол нар мандалт болон жаргалт нь нарыг тойрон эргэлдэхээс хамааран зүүн нь баруун талд, баруун нь зүүн талд шилжих юм.
Амьтан ургамал: Амьтан ургамалын ихэнх нь эрс өөрчлөгдсөн нөхцөлд зохицолдож чадалгүйгээр мөхнө. Харин Антарктидад амьдардаг хагас жилийн шөнөд дассан зарим төрлүүд нь бусдаасаа давуу боломжтой байх болно.
Канад, Антарктид: Шинэ газар зүй үүссэхэд Антарктид, Гренланд, Канад, Сибирь, бүх Европа, Хятадын хэсэг, Шинэ Зеландын тал хувь нь усанд живсэн байна. Харин экваторын бүсийн дагуу хойд ба өмнөд уртрагийн 30 градус хүртэлх бүсэд тэгш тал уул нурууд гарч ирэх юм.
Соронзон орон ба сансар: Нарны цэнэгтэй бичил хэсэг, алс холын одноос ирэх өндөр эрчим хүчтэй бичил хэсгийн асар хурдтай урсгалаас дэлхийг хамгаалдаг соронзон орон алга болно. Соронзон талбай нь дэлхийн хагас шингэн цөмийн эргэлтээс үүсдэг юм. Тэр нь цахилгааныг үүсгэн соронзон талбайг бий болгодог. Соронзон талбай алга болсны дараа туйлын туяа гэх үзэгдэл бас алга болно.
Салхи ба цаг уур: Агаарын хэмийн өөр дэглэмд салхи экватороос туйлын зүг чиглэн үлээгдэнэ. Одоогийнх шиг экваторын дагуу салхи үлээхгүй. Үүний улмаас цаг уур, далайн урсгал өөрчлөгдөн нэн түрүүнд далайн экосистем орвонгоороо шинэчлэгдэх юм.
Бичил хэсгүүд ба газрын хэвлий: Сансрын өндөр цэнэгтэй бичил хэсгүүд нь хүн, амьтанд үхлийн аюултай. Хүн амьд үлдэх юм бол газар дор нутаглан тэнд тариа, ногоогоо ургуулж, мал сүргээ үржүүлэх шаардлагатай болно. Дэлхийн гадаргаар зугаалахад тусгай хамгаалтын хувцас хэрэгтэй болох юм.
ИРЭЭДҮЙ
Аажмаар гэхдээ удаанаар: Дашрамд дурьдахад дэлхий өөрийн эргэлтээ аажмаар удаашруулж байгаа. Дэлхий ба сарны түрлэгийн хүчний улмаас зуун жил тутам хоногийн хугацаа 1,5–2 миллисекундаар нэмэгдэж байна.
Түрлэгийн хүч гэдэг нь сар ба дэлхийн хамгийн ойр цэгүүдийн таталцал нь алс цэгийнхээс илүүтэй байдагт оршино. Өнөөгөөс 140 сая жилийн дараа хоногийн хэмжээ 25 цаг болох юм. Ер нь бол хүн төрлөхтөн дэлхийг бүрэн зогстол амьдрахгүй. Ойролцоогоор таван тэрбум жилийн дараа Нар нь асар том улаан од болон томорч манай гаригийг залгих ажээ.
М.Цогт
Сэтгэгдэл (1)