Өнөөдөр Их Британийн хаврын амралтын өдөр болж байна. Их Британийн хаврын амралтын өдрийг тавдугаар сарын сүүлчийн даваа гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ баяраар банкнууд хүртэл "Spring Bank Holiday" хэмээн амардаг байна.
Хаврын баяр: Энэхүү баярыг дундад зууны үеэс тэмдэглэн ирсэн бөгөөд цэцгээр бялхаж, ард түмэн багт наадам зохиож, дуу хуур, нум сум харван уралддаг байжээ. Яг нэг ийм баярын үеэр шилийн сайн эр Робин Гудыг барьсан гэх домог бий. Энэ өдөр цэцгийн шүүдрээр нүүрээ угаах нь үзэсгэлэнтэй болгоно хэмээдэг байжээ.
Мөн энэ өдөр бяслагны уралдаан болдог аж. Английн Глостер хотод жил бүрийн хаврын улирлаар дуулиант “Бяслагны уралдаан” (Cheese Race) хэмээх олныг хамарсан сонирхолтой үйл ажиллагаа болдог. Куперсхилдын бяслагны уралдааны үйл ажиллагаанд сайн дурын хүмүүс оролцдог бөгөөд хүнийг нийгэмшүүлэх, цагийг зугаатай өнгөрүүлэх ач холбогдолтой юм.
“Бяслагны уралдаан”-ы нээлтийг бяслагны наадмын удирдагч хийж, үг хэлдэг бөгөөд тэрээр цагаан хүрэм, хар цилиндр бүрх малгай өмссөн байна. Энэ нь улаан, цагаан, цэнхэр туузаар чимэглэгдсэн байдаг аж.
Тэмцээнийг нээгч нь 3 хүртэл чангаар тоолно. Гурав гэж хэлэнгүүт 8 фунт (3,5 кг) жин, 25 см-ийн диаметртэй бяслагийг Куперын гэх толгой налуу газрын уруу өнхрүүлдэг. Түүний урт нь 200 метр ба нэлээдгүй огцом уруу юм байна. Харин дөрөвийн тоог хэлмэгц оролцогчид бяслагний араас гүйнэ. Оролцогчид даваан дээрээс өнхрөх бяслагийг гүйцэхийн тулд давааны уруу гүйлддэг.
Гэхдээ гэмтэж, бэртэн, биеэ энд тэндээ шалбалсны үр дүнд бяслагийг барьж авч чадах юм бол тухайн оролцогч нь “Давхар Глостер” (Double Gloster) шагналын эзэн болоод зогсохгүй, ардын наадмын гавъяат ялагчийн байр суурь дээр очдогт хэргийн учир оршино.
Өнхөрч буй бяслаг нь ихэвчлэн 70-110 км/цагийн хурдтай байдаг нь хүний гүйлтийн хурднаас хамаагүй их. Нийгмийн бүх давхаргад уг тэмцээнийг хүртээлтэй болгохын тулд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гээд таван төрлөөр тэмцээнээ явуулдаг байна.
Бяслагны уралдаан нь 200 жилийн турш тасралтгүй зохиогдож байгаа бөгөөд маш гүн гүнзгий үүх түүхтэй уламжлал юм. Үүнийг зун цаг эхэлсний баяр төдийгүй Британий арлууд дээр Ромын оршин суугчид нүүдэллэж ирсний баяр гэгддэг. Бас дундад зууны үеэр фермерүүд газраа хуваахаар хийдэг байсан гэх.
Гэвч өнөөдөр энэ баярын өдрийг Британий хуанлинууд дээр тодоор тэмдэглэж, Британичууд ч өөрсдөө их бахархан зохион байгуулдаг болжээ.
Тэмцээнийг үзэж сонирхохоор олон мянган хүн цугладаг. Тэмцээний ялагч нь бяслагийг гартаа өргөснийхөө дараа тэмцээний бусад бүх оролцогчидтой түүнийгээ хуваан авдаг уламжлалтай аж.
М.Цогт