Уламжлал болоод байгаа хаврын нэг сайхан өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Яргуй цэцгийн өдөр гэсэн баярыг Англи улсад анх 1984 онд гарган иржээ. Англи улсад яргуй дөрөвдүгээр сарын дундуур цэцэглэдэг учир өнөөдөр энэ өдрийг тэмдэглэж байгаа аж.
Латинаар "галянтус" (Galanthus) - "Сүүн цэцэг" гэх ургамал бараг мянгаад жилийн өмнөөс танигдах болжээ. Дундад зууны үеэр эвдрээгүй цэвэр ариуны бэлэгдэлээр яргуйг тооцож байв. Газар газар өөр өөрөөр нэрлэдэг. Англид түүнийг цасны дусал буюу цасан ээмэг, Чехэд цасан ширхэг, Немцүүд цасан хонх гэнэ.
Нэгэн домгоор, Адам, Ева хоёрыг диваажингаас хөөгдсөн үед цас орж байжээ. Ева даарч уйлаад байсныг өрөвдсөн бурхан цасны хэдэн ширхэгийг цэцэг болгосон ба түүнийг харсан Ева сэргэж, түүнд найдлага төржээ. Эндээс яргуйг найдлагын цэцэг гэх болсон байна.
Зөвхөн яргуй л эрт хаврын жаварыг дааж чадна. Бусад ургамлуудад тийм чадвар байхгүй. Хаантны Кью гэх ботаникийн цэцэрлэгийн мэдээгээр дэлхийд яргуйн 18 төрөл, хоёр хибрид ургадаг ба хамгийн их тархсан нь цагаан яргуй. Өнөөдөр “хүний хайрын” хохирогч нь яргуй болоод байна. Тэднийг цуглуулан хурааж баглаа болгох зарах болсноос яргуйн ургац жилээс жилд буурч байгаа. Тиймээс ч яргуйн олон төрөл Улаан номонд бичигдэх болжээ.
Сонирхолтой баримтууд:
-
Яргуйн латин нэр нь "галянтус" (Galаnthus) "гала" – сүү, "антус" - цэцэг гэсэн грек үндэснээс бүтдэг. Тэгэхлээр “сүүн цэцэг” гэж буулгаж болох юм.
-
Яргуй нь нарцисс цэцгийн хамаатан. Тэр хоёр амариллисийн аймагт хамрагддаг.
-
Яргуйн хамгийн олон 16 төрөл Кавказад ургадаг.
-
Яргуйд галантамин гэдэг органик нэгдэл байдаг ба түүнийг хүүхдийн ууц нурууны татанги, мэдрэлийн төв системийн гажуудалтай холбоотой хөдөлгөөний доголдол зэргийн өвчний эсрэг хэрэглэдэг.
-
Яргуй хавар ургадаг ч 10 градусын хүйтнийг даадаг.
-
Яргуй цуглуулах хоббийг "галантофилия" гэж нэрлэдэг.
-
Оросын Улаан номонд кавказын, лагодехын, нарийн навчит, өргөн навчит, Борткевичийн, Вороновын гэсэн нэртэй яргуйн зургаан төрөл оржээ. Яргуйг хууль бусаар цуглуулж зарвал оросуудыг 2,5-3000 рублиэр торгодог байна.
М.Цогт