Өнөөдөр бильяардын шинэ төрөл "Снукер"-ын төрсөн өдөр
Анх 1875 оны энэ өдөр Энэтхэг төвийн Жабалпур хотын Британийн колонийн корпусын офицеруудын гуанзанд бильяардын шинэ төрөл “снукер” гарч иржээ. Түүнийг колонийн корпусын дэслэгч Невилл Фрэнсис Фицджеральд Чемберлен зохиож шинэ тоглоомдоо пул бильярдын өнгөт бөмбөгүүдийг авч тусгай байрлалд байрлуулан дараалалтайгаар тоглолж эхэлсэн нь уг тоглоомын эхлэл байв.
“Снукер” гэдэг үгийг ч тэр бас үүсгэсэн гэнэ. Тэр нь “анхны жилдээ алба хааж байгаа кадет” гэсэн утгатай аж. Хамгийн анх нуугдсан өнгөт шарыг цохих хүнд байдалд орсон офицерийг Невилл “снукер” гэж нэрлэснээр энэ нэр уг тоглоомд тогтон үлджээ.
Эхлээд Энэтхэгт байсан офицерүүдийн дунд дэлгэрсэн уг тоглоом дараа нь Англид орж ирсэн ба 1891 онд өнөөгийн оноог тоолох журам тогтсон байна. Тоглоом, түүний журамыг зөвхөн 1900 онд бильярдын холбоо албан ёсоор зөвшөөрсөн байжээ.
Снукерийн сонирхогчдын анхны аваргын тэмцээн Дэлхийн нэгдүгээр дайны үеэр явагджээ. Хожим Их Британийн аваргын тэмцээн тогтмолжсон байна. 1927 онд мэргэжлийн тамирчдын дунд дэлхийн аваргын тэмцээн анхлан явагджээ.
Снукерийг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд Жо Дэвис онцгой хувь нэмэр оруулав. Тэр хар багаасаа бильяад сонирхох болсон ба эцгийнх нь уушийн газар бильяардын ширээ байсан юм.
Дэвис 13 настайдаа Честерфилдын аваргын тэмцээнд ялж байжээ. Тэр танихгүй хүмүүстэй тоглон хожин мөнгө олж байгаад 18 насандаа мэргэжлийн тоглогч болжээ. Анхны аварга цолыг тэр 1927 онд аваад гурван жил дараалан түүнийгээ хамгаалсан юм. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулалцаж, аварга нь болж байжээ.
Дайны дараа дахин дэлхийн аварга болов. ХХ зууны дундуур тэр "News off the World" нэртэй тэмцээнд гурван удаа аваргалажээ. Анхны дээд брэйкийг тэр 1955 онд бүртгүүлсэн байгаа. Тэр карьераа 1964 онд дуусгасан юм. Жо Дэвис л снукерийн домог болон түүнийг алдаршуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Өнөөдөр энэ тоглоом Европ, Хятадад их алдартай, Жил бүр аваргаа шалгаруулж, дэлхийн олон улсад хөгжсөн билээ.