Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдгийн нууц нь арай хөнгөн ажил хөдөлмөр эрхэлсэн, амьдралын хэвшилтэй холбоотой биш, харин тэдэнд хөгширлийг удаашруулдаг нэмэлт ген байдгаас болдог байна гэж генийн эрдэмтэд олж тогтоосноо Aging Cell сэтгүүлд нийтэлжээ.
“Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалж байна гэж бид хэдийнээс бодсоор ирсэн. Олон хүн үүнийг хүйсийн ялгаатай холбон тайлбарлаж байлаа. Тухайлбал эмэгтэйчүүд урт насалж үр хүүхэд ач зээгээ асрах ёстой гэдэг байсан” хэмээн Сан-Франциско дахь Калифорнийн их сургуулийн Дена Дубал хэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар өнөөдөр хүний дундаж нас 71 байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж нас африкийн ядуу орноос аваад европын баян орон хүртэл эрчүүдийнхээс илүү 73 байгаа юм. Эрчүүдийн эмэгтэйчүүдээс богино насалдгийг ч хүнд хөдөлмөр, архи тамхи, мансууруулах бодис зэрэг хорт зуршлаас болдог гэдэг байсан. Харин Дубал болон түүний хамтрагчид “Хүйсийн ялгаа” гэдэг энэ уламжлалт ойлголтыг эвдэн, асуудал зөвхөн нийгмийн тухайд биш, харин генитэй холбоотой юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Х.Өлзийбаяр