Египетийн нийслэл Каир хотоос холгүй оршдог Саккара гэх газраас 4400 орчим жилийн тэртээх эртний бунхан олсон тухай тус улсын Эртний эдлэлийн яамны сайд Халед аль-Анани мэдэгдлээ.
Уг булш нь 4400 жилийн өмнөх үед хамаарах Тавдугаар хаант улсын үед амьдарч байсан номлогчийнх байж магадгүй гэнэ.
Эртний эдлэлийн яамны сайд "10 метр урт, 3 метр өргөн булшны ханыг сийлбэрт хөшөө болон сүг зургуудаар чимэглэсэн бөгөөд сүг зургууд тод, цэнхэр болон улаандуу бор өнгүүд нь ялгагдахуйц хэвээр маш сайн хадгалагдсан байсан" хэмээн онцолжээ.
Бунханы шалан доогуур таван хэсэг байгаа бөгөөд тэдгээрийн дотор авс болон эдлэл хэрэгслүүдийг хадгалсан байж магадгүй аж. Археологичид малтлагын ажлыг үргэлжлүүлсээр байгаа юм байна. Тэд олон шинэ зүйл олж илрүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэлжээ.