Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тогтоолоор 2024-2027 оны хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл шүд” үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Тус төлөвлөгөө зургаан зорилтын хүрээнд нийт 40 ажил багтсан бөгөөд 2025 онд амны хөндийн өвчлөл, түүнд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн онцлох үйл ажиллагааг эхлүүлж байна.
Тодруулбал, хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахын тулд "Бэлгээ бэлдье" нэртэй үйл ажиллагаа эхэлж байгаа бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тэмдэглэдэг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр элсэн чихрийн агууламжтай бэлэг бус, эрүүл мэндийн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг бэлэглэх зорилго тавьжээ.
Энэ ажлын хүрээнд хамгийн түрүүнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн 1070 хүүхдийг хамруулсан байна. Хүүхдүүд шүд, нүд, арьс харшил, гэмтэл, хоол зүйн чиглэлээр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, давхар эрүүл мэндийн боловсролын сургалтад орж байна.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар элсэн чихэр ихтэй бэлэг нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд төдийгүй дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул эцэг эх, багш, олон нийтийг эрүүл сонголт хийхийг уриалж байгаа юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам