Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Хан Хэнтийн дархан цаазат газрын Майн зоо орчмын нутагт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймэр өнөөдрийн /2025.05.08/ 13:30 цагийн байдлаар 221 орчим га талбайд ассан байдалтай үргэлжилж байна.
Түймрийн голомтод одоогоор нийт 110 хүн, 8 автомашин, 6 морьтойгоор ажиллаж байна. Тухайлбал:
-
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын албанаас 12 хүн, 6 морьтой
-
Нийслэлийн Онцгой байдлын газраас 25 хүн
-
Мандал сумын ОБГ-аас 15 хүн
-
Үндэсний аврах бригадаас 5 хүн
-
Булган аймгийн ОБГ-аас 10 хүн
-
Мандал сумын аж ахуйн нэгж, байгууллагуудаас 41 хүн
-
Сайн дурын хоёр иргэн
-
Зил-131 автомашин 6, Ланд-76 автомашин 2 ажиллаж байгаа юм.
Одоогоор Шарлан голын хойд энгэрүүд, Майн голоос Атаа шарлан голын бэлчир, мөн Атаа голын эх хүртэлх энгэрүүдийг бүхэлд нь бүрэн унтраажээ.
Онцгой байдлын албаныхан болон орон нутгийн байгууллагууд хамтран үлдсэн голомтыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдалд хяналт тавьж байна.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар