Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэт хэрэглээний улмаас зарим өвчний эдгэрэлт буурч, өвчний нян бактери улам тэсвэртэй болж байна гэж анхаарууллаа.
Швейцарийн Женев хотноо гаргасан тус байгууллагын илтгэлд антибиотикийн хэргэлээг багасгахыг улс орнуудад уриалсан байна. Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг. Мөн хүчтэй антибиотик байнга хэрэглэснээр эмэнд нянгийн тэсвэржилт үүсдэг байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинэ судалгаагаар дэлхийн улс орнуудын антибиотикийн хэрэглээ маш их зөрүүтэй байгааталаар мэдээллээ.
Судалгаагаар зарим оронд хэт өндөр хэрэглээтэй байгаа бол зарим оронд хангалтгүй хэмжээнд хэрэглэгдэж байгаа гэнэ. “WHO Report on Surveillance of Antibiotic Consumption” нэртэй уг судалгаанд дэлхийн 65 орныг хамруулсан байна.
ДЭМБ-ын шинжээчдийн судалгаагаар улс бүрийн 1,000 хүнд ноогдох DDD (Defined Daily Doses) хэмээх хэмжүүрийг ашиглан харьцуулжээ. Сонирхолтой нь Монголчууд 64.41 үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 65 орныг тэргүүлсэн байна. Харин Европт 1000 хүнд өдөрт дунджаар 17.9 ногдож байна. Өөрөөр хэлбэл Монголчуудын антибиотикийн хэт хэрэглээ аюултай түвшинд хүрээд байна.
ДЭМБ-иас "Антибиотикийг эмчийн жороор л олгох ёстой. Хэт хэрэглэснээр өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог. Их хэрэглэснээр өвчин эдгэдэг гэж бодож болохгүй" гэж анхааруулжээ.