Дэвид Кеннерлийн алдартай гэрэл зураг дээр АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч Жеральд Фордын эхнэр мөнхөрчээ. Бетти Фордын (1918-2011) Цагаан ордны ширээн дээр бүжиглэж байгаа зургийг 1977 оны Нэгдүгээр сарын 19-нд авчээ.
Вьетнамын дайны болон бусад зургуудаар 1972 онд Пулитцерын шагнал авсан Кеннерли 1974 онд Цагаан ордны гэрэл зурагчин болсон юм. Тэр жил Уотергейтын дуулианы улмаас Ричарт Никсон огцорч, Форд Ерөнхийлөгч болсон юм. Кеннерли Цагаан ордонд 895 өдөр ажиллахдаа Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын ойрын хүн болж чадсан байна.
Цагаан ордны Зууван танхимын хажуугийн зөвөлгөөний тасалгааны ажлын ширээн дээр бүжиглэх санаа Бетти Фордод төрсөн нь Кеннерлид таалагдсан байна. Тэд танхимд хоёулаа зураг авалт зохион байгуулж, ерөнхийлөгчийн эхнэр шаахайгаа тайлж хаяад ширээн дээр бүжиглэж эхэлжээ.

Цагаан ордон дахь сүүлчийн өдрөө яагаад ингэж тэмдэглэх болсныг Бетти Форд тайлбарлаагүй гэж гэрэл зурагчин хожим ярьсан байдаг. Түүний таамаглаж байгаагаар энэ нь тэгш эрхийг дэмжсэн дохио байж болох юм. Тэр үед энэ ширээний ард зөвлөлдөж суусан эмэгтэйчүүд хуруу дарам цөөн байв. Нэг үгээр, Бетти Форд тэр “эрчүүдийн цайзыг” ямар нэгэн хэмжээгээр ганхуулж чаджээ. Мөн энд тэргүүн хатагтай нөхөрт гарахаасаа өмнө бүжиг сонирхон түүнийг мэргэжлээ болгох гэж байсан нь нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

1977 оны гэрэл зураг олон жилээр архивлагдаж байгаад зөвхөн 1995 онд нийтлэгджээ.
Зургийг Кеннерли 1994 онд Жеральд Фордод үзүүлжээ. Энэ агшинд Фордын хөмсөг өргөгдөж, "Беттид энэ таалагдахгүй байх" гэжээ. Яг тэр агшинд Бетти Форд тасалгаанд орж ирээд хуучин зургаа үзэн хөхрөөд би үүнийг мартсан байна гэсэн байна. Хэрэв зургийг нийтэлбэл татгалзахгүй биз? гэж Кеннерли асуухад Бетти Форд татгалзах зүйлгүй гэж хариулсан байв.
Бетти, чи энэ тухай надад огт яриагүй юм аа гэж Форд хэлэхэд Жерри, чамд яриагүй олон зүйл бий хэмээн тэргүүн хатагтай асан хариулжээ.
М.ЦОГТ