Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орны нөхцөл байдал болон коронавирусийн эсрэг вакцин хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар АНУ-д халдварын тохиолдол 500 мянга гаруй, нас баралт 24 мянга гаруй байна. Мөн энэ улсад олон нийттэй харилцах албанд ажиллаж байгаа иргэддээ амны хаалтыг үнэгүй олгох үүрэг өгчээ.
Франц, Итали улсад сүүлийн 24 цагийн байдлаар өнгөрөгч өдрүүдээс нас баралт буурсан үзүүлэлт гарсан. Турк улсад халдварын тархалт эрчимтэй явагдаж нийт халдвар авсан хүний тоо 50 мянгыг давжээ.
Япон улсын засгийн газраас гар утсаар хүмүүсийн дамжуулан хүмүүсийн бөөгнөрөлийг хянаж байгаа бөгөөд онц байдал зарласан ч худалдааны төвүүдээр үйлчлүүлсээр байна.
БНСУ-д эдгэрсэн 111 хүнээс дахин халдвар илэрсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн албаны газрын захирал мэдээлжээ. Эдгээрийн дийлэнх нь Тэгү болон хойд Кёнсан аймагт бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдэд эсрэг бие үзэх шинжилгээ хийж эхэлжээ. Эсрэг бие үүссэн тохиолдолд тухайн хүн халдвар аваад эдгэрсэн гэж үзэх ба цааш дамжуулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
ДЭМБ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг эмнэл зүйн туршилтын шат буюу хүний бие дээр туршиж үзэх үйл ажиллагаа ид хийгдэж байна.
Мөн 67 нэрийн вакцин эмнэл зүйн туршилтын өмнөх шатандаа байгаа.
Эмнэл зүйн туршилтыг хамгийн анх гуравдугаар сарын 16-нд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон "Moderna" компанийн хамтран гаргаж авсан вакцин дээр эхлүүлсэн байна.
Түүний дараа дөрөвдүгээр сард АНУ-ын "iNova Pharmaceuticals" компанийн вакциныг хүний бие дээр турших ажлыг эхлүүлсэн байгаа.
Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын биотехнологийн хүрээлэнгийн гаргаж авсан вакциныг гуравдугаар сараас эмнэл зүйн туршилтад оруулсан байна" гэв.