Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын дэлхий дахины нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
-"Их британид лхагва гаригт 938 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 7000-ыг давсан байна. Францын засгийн газар дөрөвдүгээр сарын 15-н хүртэл тогтоосон хөл хориогоо цуцлахгүй үргэлжлүүлэн мөрдүүлэх шийдвэр гаргана гэдгээ урьдчилан мэдээлсэн байна.
Турк улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 4117 шинэ тохиолдол, 87 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын улмаас нас барсан хүний тоо 812 болжээ.
Япон улсад лхагва гаригт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний 140 нь Токио хотод бүртгэгдсэн. Онц байдал зарлах үеэр Ерөнхий сайд Абэ Шинзо "Бид хүн хоорондын хавьтлыг 70-80 хувиар бууруулж чадвал хоёр долоо хоногийн хугацаанд тохиолдлын тоо буурна хэмээн манай мэргэжилтнүүд зөвлөж байна" гээд иргэд аль болох гэрээсээ гарахгүй, хязгаарлалтын дэглэмээ сахихыг анхааруулсан байна.
Япон улсын Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хүн олноор цугласан газар очихгүй байх, агаарын солилцоо туу орчинд байхгүй байх, хүнтэй ойрын зайнаас ярилцахгүй байх гэсэн заавруудыг тогтмол өгч байна. Мөн тус улс лабораторийн чанараа сайжруулж өдөрт 20000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Хонг Конгод зайнаас харилцах арга хэмжээг үргэлжлүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 23-н болгож сунгасан байна. Мөн тус нутагт дөрвөөс дээш тооны хүн цуглахыг хориглосон байгаа бөгөөд зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байгаа.
Перу улсад зарласан онц байдлыг дахин хоёр долоо хоногоор сунгасан байна.
Этиоп улсад халдварын тохиолдол 55, нас баралт 2 бүртгэдэж, онц байдал зарлалаа.
Өчигдөр ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ "Европын зарим оронд халдварын тархалтын муруйд өөрчлөлт орж, эерэг шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн ч тайвшрах болоогүй"-г анхааруулсан. Ялангуяа хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах бус Европ тивийн улсуудын нэгдсэн хүчин чармайлт гаргаж, хоёр гурав дахин нэмэгдэж байж тархалтыг бууруулна гэдгийг хэлсэн байна" гэв.