Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 212 орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдвараар 1.5 сая гаруй хүн өвчилж, 88405 хүн нас барсан бол 339731 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Мөн дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна.
АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Герман, Франц, Швейцарь улсуудад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. Хятад улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол бүртгэгджээ.
Монгол улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. Дөрвөн иргэн эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна. 12 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна.
Одоогийн байдлаар 1572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд тусгаарласан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос "Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна.
Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд хүрэхийг таамаглахад хэцүү, таашгүй байна. Дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Мөн тухайн бүс нутаг, улсын иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй" гэж онцлон сануулсан.
Мөн ДЭМБ энэ шинэ вирустай дайн зарлаж гэсэн. Энэ үед бид нар анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй. Бид анхаарлаа өчүүхэн л сулруулах юм бол энэ дайнд ялагдах болно" хэмээн сануулсан юм.