Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр та бүхэнд мэдээлэл хүргэснээс хойш дэлхийн 211 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар нийт дэлхийн дахинд 1.272.860 хүн өвчилж 69.424 хүн нас барж, 261593 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцарь, Их Британи, Турк улсуудад халдвар эрчтэй тархаж байна.
Сүүлийн үед Азийн орнуудаас Япон улсад халдвар хурдтай тархаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 360 тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 4570 болсон байна. Япон улсын 47 мужийн гурваас бусдад нь коронавирусийн халдвар тархсан байна.
Мөн Сингапурт гадаадын ажилчид байрладаг хоёр ч дотуур байранд халдварйн 100 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 20 мянга гаруй хүн хорионд орсон байна.
Монгол улсын хувьд халдварын 14 тохиолдлын хоёр нь эдгэрч, сувилалд тусгаарлалтад байсан бол өнөөдөр тусгай нислэгээр ирсэн Туркийн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр тохиолдлын тоо 15 боллоо.
Мөн энэ ням гаригт Этопи, Гайти улсад халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Шинж тэмдэггүй буюу бүдэг хэлбэрийн өвчлөлөөс халдвар тараах эрсдэл өндөр байна. Энэ нь хүнээс гадна гэрийн тэжээвэр амьтан болон зоо паркын амьтанд хүртэл халдварлаж байна.
Тухайлбал, АНУ-ын зоо паркын таван баранд коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд тэднийг асарч байсан шинж тэмдэггүй тохиолдлоос халдварласан байна.
ДЭМБ-аас маскыг тогтмол зүүхийг сануулж байгаа" гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад "Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлэл байсан. Ер нь бол Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Мөн худал мэдээлэл тараах, төрийн албан хаагчийг доромжлох тохиолдлуудад арга хэмжээ тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаа.
ХӨСҮТ-д Н.Чинбаяр эмчээр ахлуулсан долоон хүнтэй баг ажиллаж байгаа. Бусад тусгаарлах байр болон орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд тусгаарлагдаж байгаа хүмүүстэйгээ хамтдаа тусгаарлалтаас гарна" гэлээ.