Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн 24 цагийн байдлаар монгол улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Турк улсын иргэнээс коронавирус илэрсэн. Ийнхүү монгол улсад коронавирусийн батлагдсан нийт 15 тохиолдол бүртгэгдлээ. 13 тхиолдол нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Бид өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, ажиглалтад байгаа 184 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна" гэлээ.
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулав.
Тэрээр "Өнөөдөр батлагдсан коронавирусийн тохиолдол нь өмнө нь илэрч байсан Турк улсын хоёр иргэнтэй хавьтал байсан. Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн. Өдөр бүр шинжилгээ авч байгаа. Нэгдүгээр хавьтлын 12 хүнийг тусгаарлан, ажиглалтад аван шинжилгээ авч байгаа" гэв.