О.Номинчимэг нарын +70 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл популизмын сүлд мод болж хувирлаа. “Хүүхдийн төлөө” сэтгэлийг илтгэх сүлд модны чимэглэл нэмэгдэн нэмэгдсэээр утопи, бүр даамжраад дистопи шинжийг олж байна. “Саа чимэг нь хэтрээд байгаа юм биш үү” гэдэг санал шүүмжлэлийг хүүхдийн эсрэг байр суурь мэтээр үзэх болсон хүүхдээр гул баригсад эрүүл саруул ухаанаа гээжээ. Эргэж олох болов уу, түүнийгээ? Юутай ч тэдний засаж буй сүлд модыг харцгаая.
ХҮСЭЛ ТАЧААЛ БА БОДИТ БАЙДЛЫН ЗӨРҮҮ
УИХ-ын гишүүн Ө.Шижир гаатай тамхийг гаалиар ахиж алхуулахгүй гэдэг санал гаргасан нь шууд олонхын (уулаасаа тэд 70+ учраас тэд үнэмлэхүй олонх) дэмжлэгийг хүлээлээ. Монголын янжуурын зах зээлийн тал нь хувь заяагаа үүгээр шийдүүлэв. Одоогоор популизмын сүлд модонд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан сүүлийн бөгөөд “өнгөлөг” generational ban гэх гоёхон чимгийг өлгөөд байна. Агуулга нь (6.7.17-д нэмэгдсэн) “2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно. Энэ хэсэгт заасан этгээтэд тамхи... худалдсан, нийлүүлсэн... этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”. Энэ заалт сүлд модны үнэнхүү радикал, чинхүү утопи чимэглэл.
2010 оноос хойш төрсөн хүүхдүүд одоо 16 хүрцгээж яваа. Тэдний ихэнх нь аль хэдийн тамхи, вэйп туршаад үзчихсэн гэдэгт мөрий тавихад ч бэлэн. Судалгаагаар хүүхдүүд 13-16 насандаа анх амандаа тамхи зуусан байдаг. Тэгэхээр энэ хэтэрхий хожимдсон утопи шийдвэр. Энэ заалт нэмэгдсэнээр төсөл “хүүхэд залуучуудаа хамгаалах” зорилгоосоо эрс холдож, “ирээдүйн үеийг төгс болгоё” гэдэг үл гүйцэлдэх төсөл болж хувирлаа.
Заавал ийм (generational ban) заалт оруулна гэвэл 10-15 жилээр хойшлуулах (жишээ нь 2025 оноос хойш төрсөн) нь илүү бодитой нөхцөл байх сан. Т.Мөнхсайханы чимэглэл хууль тогтоогчийн хүсэл тачаал ба бодит байдлын хоорондох том зөрүүг харуулахаас их хэтрэхгүй. Тэгээд ч шүүхэд зарга үүсгэвэл хүчингүй болгох эрсдэл асар өндөр. Дээрээс нь хуулийг “популист, утопи” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлнэ.
ТЕХНИКИЙН ОНЦ МУУ ҮНЭЛГЭЭ
Т.Мөнхсайханы санал болгосон заалтыг төслийн 6.7.17-д нэмсэн гэдгийг дээр дурдсан. Тус 6.7.17-ын анхны агуулга “тамхи, татах төхөөрөмжийн хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл... бусад эд зүйлстэй андуурагдахаар байх” буюу сурталчилгаа, дизайнтай холбоо бүхий хоригийн заалт. Гэтэл generational ban-ийн заалтыг энэ мөрөнд нэмчихэж. Даанч дээ, хүүхдэд хайртай хууль тогтоогчид минь. Хүүхдээр түрүү барьж, бяр нь амтагдсан +70 нэг заалтанд хоёр өөр агуулгыг чихээд хаяж. Хүүхдийн төлөө хийж байгааг нь ойлгож болох ч техникийн ийм алдааг нь хууль боловсруулах шинжлэх ухааны үүднээс уучилж хэрхэвч боломгүй.
Энгийн эрүүл саруул ухаанаар харвал ойлголтыг төөрөгдүүлээд байна. Хуулийн текстэд ийм “салангид” нэмэлт оруулах нь хуулийн техникийн үнэлгээгээр “онцмуу” дүн авна. Хуульзүйн техникт ийм чухал, маргаантай заалтыг тусдаа зүйл, хэсэг болгож тодорхой оруулах ёстой. Энэ хэсэг хуулийн төслийн чанарыг огцом унагааж байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсын залгамж үеийн шийдэх асуудлыг сав баглаа, боодол дотор “нууж” оруулсан мэт хөгийн харагдаж байна. Generational ban бол дэлхийн ганц нэг улс орон цаасан дээр бичээд орхичихсон, 20-30 жилийн дараа үр дүнг нь харах математик тооцоолол. Ирээдүйн хүүхэд, залуучуудыг “Та нар тамхи татах ёсгүй, бид өмнөөс чинь шийдчихлээ” гэж төрсөн өдрөөр нь урьдчилан хориглох нь тэднийг бие даасан хүн бус, нийгмийн төсөл мэт үзсэн хэрэг. Эцсийн бүлэгт энэ заалт төслийг бүтэшгүй мөрөөдөл, улс төрийн лоозон болгож, хуулийн нэр хүндийг аймшигтай гутаажээ.
2010 оноос хойш төрсөн хүүхдүүдодоо 16 хүрцгээж яваа. Тэдний ихэнх нь аль хэдийн тамхи, вэйп туршаадүзчихсэн гэдэгтмөрий тавихадч бэлэн. Судалгаагаар хүүхдүүд13-16 насандааанх амандаатамхи зуусан байдаг. Тэгэхээр энэ хэтэрхий хожимдсон утопи шийдвэр. Энэ заалтнэмэгдсэнээр төсөл “хүүхэдзалуучуудаахамгаалах” зорилгоосоо эрс холдож, “ирээдүйн үеийг төгс болгоё” гэдэг үл гүйцэлдэх төсөл болж хувирлаа.
ОРОС ДОКТОР ТЭГЖ БАЙНА УУ
Тамхины татварыг нуга суга нэмчихээр тамхичдын тоо толгой 15-18 хувиар буурдаг гэж ДЭМБ зааж өгсөн шиг билээ. Янжуурын онцгой албан татварыг огцом, тухайлбал 2026 онд хоёр дахинаас ч илүү буюу 139 хувиар шууд нэмэгдүүлэхэд хууль бус наймаа газар авна. Холыг хардаг хүнд бол энэ хуулийн төсөл алсдаа хүүхдийн төлөө утгаа алдаж хар захыг тэжээнэ. Өнөөдөр Монголд тамхины хууль бус худалдаа, хуурамч тамхи байхгүйтэй адил. Татвар огцом нэмчихээр замаа алдана, Nielsen Consumer LLC олж тогтоосноор Тажикстан татвараа огцом нэмэгдүүлэхэд хууль бус наймаа 94.7 хувьд хүрчээ.
Дэлхийн дөрвөн том аудитын компанийн (Big Four) нэг KPMG-гийн судалгаагаар Европын Холбооны хууль бус янжуурын тоо 41.8 тэрбум буюу нийт хэрэглээний 10.3 хувьд хүрч, татварын алдагдал 16.7 тэрбум евро болжээ. Тус компанийн мэдээлснээр 2025 онд францчуудынтатсаннийт янжуурын 41.4 хувь(10 тэрбум орчим нь гарцаагүй хуурамч), Их Британид татсан янжуурын бараг тэн хагас нь (45%), Бельгид 24.8 хувь, Нидерландад 22.1 хувьнь хууль бус янжуур байжээ. ЕХ-ны хууль бус хэрэглээний 44 хувийг хуурамч янжуур эзэлж байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд хуурамч тамхинынууц үйлдвэрээ Европын гол гол зах зээлийн зэргэлдээ байгуулсаар байна.
Эхний 1-2 жилд төсвийн орлого нэмэгдэх ч, ДЭМБ-ын хэлснээр хэрэглээ бас буурна, дээр нь худалдаа хар зах руу шилжээд явчихаар татвараас орж ирэх мөнгө 3-4 жилийн дараа эрс буурна. Тэгэхээр хэдэн жилийн хойно төсөлд тусгасан “хүүхдийн хоол”-ны мөнгөгүй сууж байх магадлал өндөр. Төсөл тэрчигтээ вэйпийг нүд үзүүрлэсэн нь энгийн хүнд ч ойлгомжтой. Вэйпийн 1 мл шингэн тутмын татвар 5 000 төгрөг гэдэг бол вэйпийг бүрмөсөн хар зах руу түлхэх эрсдэлтэй. Татвар нэмэх нь зөв чиглэл хэдий ч, аажмаар, 5-7 жилээр шаталсан байдлаар хийх ёстой байсан. Одоогийнхоор 5 жилийн дотор 12 дахин өсгөх нь хэт түргэн, эдийн засгийн цохилт ихтэй.
ХЯНАЛТААС ГАРСАН ТӨСӨӨЛӨЛ
Төслийн 111 дүгээр зүйл бүхэлдээ хяналтын системд зориулагдсан. Энэ зүйл төсөл зохиогчид дотор улсын төсөв баталдаг хүн, ядаж л санхүүч багтаагүй юм болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Бүх тамхи, вэйп, төхөөрөмжийг дахин давтагдашгүй цахим код ашиглаж бүртгэнэ л гэнэ. Татвар, гааль, борлуулалтын мэдээллийг нэгдсэн санд холбоно л гэнэ. Хэрэглэгч өөрөө цахим төлбөрийн баримтаар мэдээлэл шалгах боломжтой л гэнэ. Цаад санаа нь хар зах, сүүдрийн эдийн засгийг бууруулах
(согтууруулах ундааны системтэй ижил) бас татвар алдагдлыг багасгах зорилготой. Гэвч хэд хэдэн том асуудал байна. Тухайлбал, импортлогч, жижиг худалдаачдад шинэ систем нэвтрүүлэх, тоног төхөөрөмж, сургалт, лабораторийн зардал өндөр. Мэдээж жижиг бизнесүүд хаагдах том эрсдэлтэй. Монголд одоо ч согтууруулах ундааны track & trace бүрэн ажилладаггүй. Тамхи, вэйп дээр үүнийг хийх илүү хүнд учир хэрэгжүүлэх чадамж бараг тэгтэй тэнцүү. Хэрэглэгч бүрийн худалдан авалтыг мөрдөх систем нь хувийн нууцад халдах эрсдэлтэй. Үүнийг манайхан тоохгүй биз дээ. Гол нь технологийн хоцрогдол. Олон жижиг дэлгүүр, хөдөө орон нутагт интернет, тоног төхөөрөмж байхгүй гэх мэт наад захын асуудал гарна. Хяналтын систем санаа нь сайхан ч Монголын нөхцөлд хэтэрхий төвөгтэй, давж дийлэхийн аргагүй үнэтэй.
Төсөлд зардлыг үйлдвэрлэгч, импортлогч голлон төлнө (EU загвар шиг) гэж тусгажээ. Гэвч бодит байдал дээр жижиг импортлогч, дэлгүүрүүд энэ зардлыг тэсвэрлэхгүй олон жижиг бизнес хаагдана. Зардал нь эцсийн үнэд шингэж тамхины үнэ илүү өснө. Төр лаборатори, хяналт, сургалт зэрэгт нэмэлт төсөв гаргах шаардлага үүснэ. Өнөөгийн нөхцөлд дэндүү өндөр зардалтай, хэтэрхий төвөгтэй систем. Одоо ч согтууруулах ундааны үүнтэй ижил систем бүрэн ажиллахгүй байхад дээр нь тамхи + вэйп + төхөөрөмжид ийм нарийн track хийнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар.
Вэйпийг мангасаар цоллож, олон түмний сэтгэлийг эзэмдсэн “хүүхдийн төлөө” хэмээх туг намируулсан энэ төсөл утопийг давж, Монголын анхны дистопи шинжтэй хууль болж хувирчээ. ДЭМБ-аас бэлэглэсэн Тамхины хяналтын хууль хэмээх сүлд мод удахгүй амьдралын сүрд дарагдаж хувхайгаад ахиад ийм хуулийн төсөл боловсруулж болохгүй гэдэг үлгэр жишээ болж үлдэх нь цаг хугацааны асуудал аа.
Д.Батбаяр /Өдрийн сонин/



