Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг өчигдөр /2026.06.25/ албан ёсоор нээж олон нийтэд дэлгэлээ.
“Чингис хаан” үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн.
Үзэсгэлэнг нээж “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэн харуулах, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог" болохыг тодотгов.
Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд багтсанаас “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Ийнхүү “Чингис хаан” үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болснгы тус музейгээс мэдээлэв.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад албаныхан оролцов. Уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл европын үзэгчдийн хүртээл болно.
Ташрамд дурдахад, Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэгээр тооцогддог байна.








