Эрүүл мэндийн салбарын цорын ганц тээг бол “дарга анги” нь болчихжээ. Энэ дүгнэлт өдөр ирэх тусам батжиж байна.
Энэ бохир давхаргыг үе үеийн сайд нар бойжуулсан юм. Үе үеийнсээд байх ч юм байхгүй. МАН-ын энэ салбарт хандаж ирсэн хандлага, явуулсан бодлогоор бий болсон ужиг зузаан давхарга гэсэн үг. Хоёргүй утгаар шүү. Одоо сайд гэх нэр саад гэж л уншигддаг болсон. Юу үнэн, энэ үнэн. Новшийн саадууд өөрийн багийг бүрдүүлэх нэрээр эмнэлгүүдийн толгойд хүмүүсээ тавьдаг. Тэд нь бас өөрийн хүмүүсээ нэгж тасаггүй толгой дараалан байршуулдаг. Эдний явж ирсэн байдал ердөө энэ. Системийг ингэж л угсардаг.
Өнөөдөр илжирч муудсан, энэ салбарыг нэр нүүргүй болгосон энэ системийг эрэг боолт бүрээр нь тайлж хаяхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй. Ямар ч “хөөрхөн хүү” ирээд, ямар ч гоё юм бодож зүтгээд үр дүн гаргахад хэцүү.
Эрүүл мэндийн яамнаасаа эхлээд “дарга анги”-ийг загалмайлж байдаг ДААМ гарчихсан дарга сайдын эхнэрүүд, тэдний баг, гар хөл болсон хэсэг бүлгийг үндсээр нь суга татан зайлуулж чадахгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй. Энэ систем доошоо гүн бат хэрсэн. Худлаа гэвэл нэг дүүргийн эмнэлэг дээр л юу болж буйг хар...
Өнөөдөр “дарга анги”-д зүгээр л таалагдаагүй гэх шалтгаанаар ажлаас халагддаг жишиг энэ салбарт нэгэнт жишиг болон тогтжээ. Юун ардчилал, ажиллаж амьдрах эрх, түүнийг хамгаалдаг хуулийн тогтолцоо... Бүгд байхгүй.
Цагдаа, АТГ, Шүүх бүгд “дарга анги”-ийн захиалгаар хөдөлнө. Бүгд эхнэр нөхрүүдээрээ, гэр бүлээрээ дарга нар болж хувирсан гэхэд хилсдэхгүй болсон эрүүл мэндийн салбарын “дарга анги”-ийнхны оршин тогтнодог нэг том хана нь хуулийнхан болсон гэсэн үг.
Нэгэн жишээ:
Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн “дарга анги”-ийг тус эмнэлгийн захирал Т. Энхзаяа толгойлдог. Түүний таалалд нийцдэг, үг дуугүй даалгаврыг нь биелүүлдэг баг нь доошоо Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Д.Мажигсүрэн, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал П.Ундармаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Аж ахуйн албаны дарга болон ТУЗ-ийн гишүүн Л.Оюунбилэг гээд бичил систем угсрагдсан. Эдний дур зорго, ёс суртахууны хамгийн энгийн хязгаар, заагийг хэдийнэ давжээ. Энэ эмнэлэгт Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, аюулгүй ажлын байраар хангагдах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зэрэг бүх эрхүүд аль хэдийнэ амь тавьсан.
Эдний дарамт шахалтын улмаас ажлаас халагдсан хүмүүс хэд хэдээрээ өнөөдөр шүүхийн хаалга ширтэн сууцгааж байна. Тэд бүгд албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт нь хэвийн буюу сайн үнэлгээтэй, ёс зүй, сахилга хариуцлагын болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаагүй байхдаа дээрх албан тушаалтнуудын шахалтаар өргөдлөө бичин, ажлаас чөлөөлөгдсөн байх нь хачирхалтай. Өргөдлийг бараг цус харватал нь дарамталж байгаад өөрөөр нь өгүүлдэг энэ технологи бол угаасаа манай яруу алдарт МАН-ын язгуурын арга барил.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2025-2026 онд захиргааны нийт 33 ажилтны 70-80 хувь нь удирдлагын дарамтаар өргөдлөө бичиж, халагдахаас өөр аргагүй байдалд орон ажлаас чөлөөлөгдсөн байна. Баримтын хэсгээс доор өгүүлнэ.
Энэ эмнэлэгт энгийн эмч, ажилтнуудын эрх хэрхэн яаж зөрчигдөж байгааг анхааран үзэж, хууль эрх зүйн хүрээнд хяналт шалгалт явуулж өгөөч гэж дээшээ олонтаа хандсан ч дуу хоолой нь дундаа гацчихдаг. Тэнгэр мэт “дарга анги” нь тусгай анхаарал хандуулдаг гэсэн үг.
Хан-Уулын Нэгдсэн эмнэлгийн боссууд бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шууд өрөөндөө дуудаж оруулж ирээд, гар утсыг нь хурааж байгаад дарамталдаг тусгай арга барил явуулдаг гэдгээрээ зартай бүлэглэл. Хажуудаа суулгаж байгаад “яг одоо бич” гэж өргөдөл бичихийг шаарддаг. Эмнэлэг биш гестапо гэмээр. Чингээд зогсохгүй ийм дарамт шахалтанд орж өргөдөл бичсэн ажилтны өргөдлийн огноог тухайн өдрөөс өмнө болгон засаж бичүүлэх гэх мэтээр байж боломгүйгээр авирладаг. Санаа зовох, айж ичих гэх мэт нь энэ газар байхгүй.
Мөн өөрийн хүсэлтээр өргөдлөө бичихгүй гэсэн ажилтны талаар бусад /өөрсдийн хүн гэгдэх/ ажилтнуудыг дуудан зохиомлоор гомдол бичүүлдэг. Араас нь хамт олны дунд нэр хүндийг нь унагаах, тухайн ажилтныг сэтгэл санаагаар тамиргүй болгон сөхрүүлэх ажиллагааг нарийн явуулдаг гэж байгаа. Ямар муухай хорон, бохир аргачлал гэж энэ вэ.
Мэдээж ийм байдалд оруулж байгаад бодлогоо хэрэгжүүлдэг. Дарамтанд нь толгойгоо өргөх тэнхэлгүй болтол гуйвсан хүмүүс өөрөө өргөдлөө бичихээс аргагүй байдалд ингэж хүрдэг байна. Энэ бол ойлгомжтой технологи. Хамгийн хачирхалтай нь тэд аж ахуйн нэгж, албан байгууллагад өргөдөл гомдол гаргах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэдгээ ч тоодоггүй. Ингэж л тэд туйлж байна.
Системээ харин яаж усалж амьдруулдаг вэ гэх асуулт гарч ирж байгаа биз. Энэ маш амархан. Өөрсдийнх нь үгэнд орж, даалгаварыг нь шууд биелүүлж, захиалгаар зохиомол гомдол бичиж, эрэг шураг болж өгсөн хүмүүсээ гадаад аялалд явуулах, KPI бүрэн олгох, албан тушаал амлах зэрэг урамшуулалд хамруулдаг. Ер нь бол энэ бас л 35 жил угсрагдсан технологи. Шинэ юм биш.
Одоо баримт өгүүлье.
1. Жишээ нь, тооцооны нягтлан бодогч Ж.Сүхгэрэлийг өрөөндөө дуудаж, утсыг нь хурааж байгаад ажлаас гарах тухай өргөдөл бичүүлжээ. Шалтгаанаа аудитын дүгнэлтийг үндэслэж халсан гэх боловч тухайн үед хийгдсэн аудитын дүгнэлт зөвлөмж нь байгууллагад огт ирээгүй байдаг. Энэ бол хууль зөрчсөн үйл ажиллагаа. Тухайн ажилтанд аудитын ямар дүгнэлт ирээд, ямар алдаа зөрчил гаргасан учраас ажлаас халагдаж байгаа нь огт тодорхойгүй байхад халах шийдвэр гаргачихсан. Шийдвэрээ бичгээр танилцуулаагүй болохоор дарамт шахалтаар гүйцэлдүүлэхээс өөр аргагүй болж, 2026 оны гуравдугаар сарын 05-ны өдөр өргөдлийг нь бичүүлж авсан төдийгүй өргөдлийн огноог урагшлуулан 2026 оны хоёрдугаар сарын 28 буюу амралтын өдөр болгон засуулсан байх юм.
2. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга М.Энхцэцэгийг бас л маш хөгжилтэй үндэслэлээр ажлаас “халжээ”. Тэдний хэлсэн шалтгаан нь “ Хамт олон танд сайн ханддаг. Та өрөөндөө орж ирсэн эмч, ажилтнуудыг цай кофегоор дайлдаг. Энэ бол хамт олныг хагалан бутаргаж байгаа явдал мөнөөс мөн” гэх үндэслэл. Үнэхээр хөгжилтэй байгаа биз. Мэдээж дараагийн явуулах хүнээр тодруулсан учраас түүнийг ажил хийх боломжгүй болгон дарамталж, ажлын компьютерыг нь цахим системээс салган, өдөрт 2-3 удаа дарга нар ээлжлэн өрөөндөө дуудаж, өргөдлөө бич гэж дарамтлах ажиллагаа явуулсан. Хариу хууль ёсны үндэслэл шаардаад хөдөлж өгөхгүй болохоор нь чанарын менежер Н.Цэндбаясгаланг ажил тарсны дараа дуудан, албаны даргадаа гомдол бич гэж шахалт үзүүлсэн гэж байгаа. Энэ аймшгийн үйл ажиллагааг явуулах үед нь эмнэлгийн захирал Т.Энхзаяа, Д.Мажигсүрэн, П.Ундармаа нар бүгд байлцсан байдаг. Тэд түүнийг дундаа суулган шахаж байгаад зохиомол гомдол бичүүлсэн. Энэ тухай нь Н.Цэндбаясгалан хэлэхдээ захирлуудын дарамт үнэхээр аймшигтай байсан гэж дурсдаг. Мөн энэ үеэр тэд “М.Энхцэцэгтэй ажлын орчинд буюу эмнэлэг дотор уулзсан байна, юу ярьсан бэ” гэх мэтээр бусад ажилчдыг ч байцаан дарамталж байжээ. Бараг мэндэлсэн хүн болгоныг нь дуудан загнаж, улмаар сүрдүүлсэн талаар сонсоход л бие зарсхиймээр баримт олон байв.
3. Лавлагаа мэдээллийн ажилтан Б.Цэвэлмааг мөн нурууны диск авахуулах хагалгаанд орсон хойгуур нь буюу өвчний чөлөөтэй байх үед нь байгууллагын орон тооны бүтцийн өөрчлөлт хийн “халсан”. Энэ удаагийн аргачлал нь лавлагаа мэдээллийн ажилтны орон тоог байхгүй болгож зайлуулсан байдаг. Өвчний чөлөөгөө дуусгаад ажилдаа орж ирэхэд нь нөгөө технологиороо шахаж байгаад өргөдлийг нь бичүүлж ажлаас халсан.
4. Энд бас нэг инээдтэй жишээ гарч ирж байна. Нягтлан Н.Баярхүүг Т.Энхзаяа захирлынхаа цалинг “хуулийн үндэслэлгүй байна, ТУЗ цалин тогтоохгүй шүү дээ” хэмээн хууль ёсны дагуу шаардлага тавьсны улмаас цомхотгол нэрээр халсан гэж байгаа. Азаар энэ асуудал дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комиссоор орж байж тэрбээр буцаад ажилдаа орсон байх юм. Гэвч ажлын байрны дарамт нь улам нарийсан орж ирсэн гэдэг. Ажил хийх боломжийг нь хаан боогдуулж, хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дах заалтуудыг зөрчин, 123.2.3-ыг хэрэгжүүлэн үндсэн цалинг нь гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авах мэтээр дарамтыг үргэлжлүүлжээ. Ийм нөхцөлд хэчнээн гүргэр, тэвчээртэй хүн ч байж суух аргагүй болох нь дамжиггүй.
5. Архив бичиг хэргийн ажилтан Б.Эрдэнэцэцэг дээр дараагийн аргачлалыг маш амжилттай явуулав. Архивын улсын үзлэгт бэлтгэх ажил явагдаж байх үеэр гаднаас А.Уянга гэх захиралтай байгууллагаар гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх болов. Энэ бол байдаг л явц. Харин энэ ажил дуусахад нөгөө хамтран ажилласан байгууллагын захирал А.Уянга гэгч Хан- Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “хөтөч” гэх ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад ороод ирж. Ингэж хөтөч гэх боловч архивын бичиг хэргийн ажлыг гүйцэтгэн ажилладаг тун өвөрмөц ажилтан ингэж нэмэгдсэн байх жишээтэй.
Энэ үйлдэл нь архив, бичиг хэргийн ажилтан Б.Эрдэнэцэцэгийг ажлын байрнаас шахан гаргах ажиллагааны бэлтгэл юм. Ахиад л нөгөө бузар технологио явуулсан. Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал П.Ундармаа нь өрөөндөө дуудан ирүүлж, өргөдлөө өгч ажлаасаа гар, эргээд уулзах нүүртэй байгаарай гэх мэтээр дарамталж эхэлсэн. Хувь хүний өөрөө шийдвэр гаргах эрх мэрх бол энэ газар үйлчилдэггүй.
6. Эдийн засагч Х.Цэрэннадмидыг мөн ажлаас гарга гэсэн үүргийг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал П.Ундармаад дээрээс өгчээ. Эдийн засагч ч ажлаа өгөхийг зөвшөөрөн ажлаасаа гарах гэтэл тухайн үед тендерийн ажлууд болон байгууллагын магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажил ид хийгдэж байсан тул “...хүлээж бай, ажлаа хийж бай” гээд түр зогсоож. Ингээд 2025 оны 10 дугаар сараас 2026 оны хоёрдугаар сар хүртэл цаашид ажиллах, эсвэл халагдахын аль нь ч тодорхойгүй байдалд тамлагдсан. Мэдээж сэтгэл санааны хувьд энэ бол асар том дарамт.
2026 оны нэгдүгээр сард Хятад улсад биеэ үзүүлэх цаг авсан байсан тул арга буюу чөлөө хүстэл, анаж байсан хэд “Энэ тухайгаа урьдчилж мэдэгдээгүй” гэх шалтгаанаар чөлөө олгохгүй гэсэн хариу өгчээ. Мэдээж ямар нөхцөл байдалд ажиллаж байгаагаа сайн мэдэж байсан хүн учраас гадны эмнэлэгт үзлэгийн цаг авсан тухайгаа, өөрийн шууд удирдлага болох ахлах нягтлан бодогч А.Хандмаад урьдчилж хэлж мэдэгдсэн байсан. Энэ мэтээр дарамт шахалтан дунд энэ эмнэлгийн ажилчид тарчилж байдаг.
7. Дараагийн жишээ, хүний нөөцийн ажилтан Н.Эрдэнэзаяа. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ажилд орсон. Гэтэл 2025 оны 11 сараас эхлэн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал П.Ундармаа дуудаж уулзаад “Захирал чамайг явуул гэсэн аман мэдэгдэл өгсөн” гэж шахаж эхлэв. Тухайн үед Магадлан итгэмжлэлийн үнэлгээ орох бэлтгэл ажилтай байсан учир “...ажлаа хамгаалж дуусгана, би ажлаа өгөхгүй” гэсэн боловч шахалт үргэлжилсээр байж. Магадлан итгэмжлэлийн шалгалтаа ч 12 сард амжилттай хамгаалав. Гэвч дарамт зогссонгүй.
Хашраан залхаагч П.Ундармаа, Дотоод хяналтын ажилтан Ч.Жавхлантөгс нар нөгөө л тогтсон аргачлал ёсоороо дуудаж уулзан, “эмч нараас ёс зүйн гомдол ирсэн” гэх эзэн биенгүй шалтгаан тулган дарамтлав. “Тэр гомдол нь бичгээр байна уу, би үзэж танилцах ёстой шүү дээ” гэсэн боловч юу ч үзүүлсэнгүй. Өмнөөс нь сөрөн гүрийсэн болохоор 12 сараас сургалтын менежер хий, үгүй гэвэл ажлаас гараарай гэх зарлиг буулгаж. Тэрнээс хойш коридорт таарах, ажлаа танилцуулах гээд “дарга анги”-ийнхны өрөөнд орох тоолон ажлаа өг, өргөдлөө хэзээ өгөх гэж байна гэх дарамтаар үй зайгүй шахах болсон учраас 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс арга буюу өргөдлөө өгч ажлаас гарчээ. Үнэхээр аймшиг гэж л энэ байх. Энэ эмнэлгийг өөрсдийн орон гэр шигээ болгох эрхийг хэн тэдэнд өгөв өө.
Нэгэнт уг эмнэлэгт ийм уур амьсгал үргэлжилж, ажлын байрны дарамт ил далдгүй өрнөж байхад бусад ажилчдад ямар байх нь ойлгомжтой. Нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа хамт олон шүү дээ. Энэ таагүй байдлаас болж эрсдлийн менежер Н.Дэлгэрмаа, Халдвар судлаач Г.Нармандах нар мөн л өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд орж халагдав.
Ийм шахалт, дарамт үүсгэн өргөдөл бичүүлсэн жагсаалт маш урт боловч айдаст автан, үгээ хэлж чадахгүй яваа ажилчид дэндүү олон.
Энэ мэт асуудал өдөр тутамд үргэлжлэн гүнзгийрч, эмч, мэргэжилтнүүдийн сэтгэл санаанд хүнд цохилт болж, үнэн мөнийг дуугарах зориг зүрх нь мохож, ажлаа үнэнчээр хийж дүгнүүлэх хэвийн явц ч утгаа алдан замарч, захирлуудад мэдээлэл хүргэж үнэлгээ авах нь илүү ашигтай гэдэг ойлголт энэ газарт гүн бат шингэжээ.
Захирлууд дарамталж өргөдөл бичүүлэхдээ “эрүүл мэндийн салбар жижигхэн шүү, эргээд тааралдана шүү” гэж эелдэгээр сануулдагийг энд дурьдах нь зүйтэй байх. Үүнээс нь болоод зарим халагдсан хүмүүс захирлууд өрөөндөө дуудан өргөдлөө бич гэж шахаж байх үеийн дуу бичлэгийг өөрийгөө хамгаалах, нотлох баримт үлдээх үүднээс нууцаар хийж авсан тухайгаа ярьж байх юм. Ингэж Хан-Уулын нэгдсэн эмнэлэг “дарга анги”-ийнхаа аймшигт дарамтанд ёс зүйн хувьд шоронжиж гүйцжээ.
“Дарга анги” зөвхөн өөрсдийнх нь гар хөл болох хүмүүсийн хувьд л амьсгалах агаартай байлгадаг гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэд өргөдөл бичүүлэх үйл ажиллагаандаа эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооны дарга Х. Цэрэнхорлоо эмчийг байнга татан оролцуулдаг ба бүр ёс зүйн хороондоо гомдол олж авахыг даалгавар болгон өгдөг. Урамшуулалд нь цалинг нэмж өгөөд дуугарах нөхцөлгүй болгодог. Энэ бол бусадтай харьцуулахад хамгийн таатайд орох дарамт биз.
Энэ эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Л.Оюунбилэг гэгч ажиллагсад нь ийм нөхцөл байдалд байхад өөрийн чиг үүргийн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн оронд хүмүүсийг өргөдлөө бич гэж л шахдаг ажил хийдэг. Өөрөө тайлангийн хурлаа хийдэггүй бөгөөд эсрэгээр нь хурлаа хий гэж шаардсан ажилтнуудыг захирлууддаа ховлож дарамтлуулдаг , удирдах дээд холбоондоо илгээдэг тайлангаа бусад албадын хийсэн ажлуудаар бөглөн аргацааж, санхүүгийн тайланг ч худлаа тайлагнадаг. “Дарга анги” үйлдвэрчний эвлэлээ ч ингэж мутацид оруулсан байгаа юм.
Өнгөрсөн жилийн Нийслэлийн дотоод аудитын хяналт шалгалтаар ТУЗ-ын дарга асан, одоогийн Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшинд илүү урамшуулал цалин авсан гэх үндэслэлээр 6 сая, хуулийн зөвлөх С.Батбаатарт 26 сая төгрөгний акт тавигдсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа гэх мэтийн завхрал энэ газар пиг хөглөрч байна.
Мөн манай босс бүлэглэлийнхэн ТУЗ-ийн тушаал, шийдвэрийг аудитад зориулан хуурамч дугаартайгаар, хоёр өөр утга найруулгатайгаар гаргадаг ба энэ нь удаа дараа давтагдаж байв. Тэдний галзуурал үүгээр зогсохгүй. ТУЗ-ийн гишүүний эмнэлгийн ажилтны төлөөллийн сонгон шалгаруулалтад Яармаг салбарт амбулаторын эрхлэгч ажилтай, эмч мэргэжилтэй Ц.Гэрэлт-Одыг захирлуудын санаачилгаар нэр дэвшүүлж, санал хураалтын хайрцгийг Хан-Уулын эмнэлгийн тэргүүн хатагтай Т.Энхзаяа, шадар ахайтан Д.Мажигсүрэн нар өөрсдөө даган явж, хяналт тавин хууль бусаар хийсэн гэх юм. Энэ бол ТУЗ-д энгийн ажилтныг оруулахгүй, өөрийн хүнээ оруулсан хууль бус үйлдэл гэдэг нь дэндүү ил харагдаж байгаа биз ээ.
Мөн Т.Энхзаяа хатагтай болон Д.Мажигсүрэн, П.Ундармаа нар өөрсөддөө цалингийн нэмэгдлийг 100 хувь хүртэл тулгаж авдаг ба энэ нь Төрийн албаны цалингийн системийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэсэн багананд, 10-25 хувь хүртэлх нэмэгдлийг сургуулийн нийгмийн ажилтан, архивын ажилтан гэсэн багананд бичигдэж явдаг. Ямар гээчийн дур зорго гэж ийм байдгийг бурхан л мэдэх байх.
Ингээд зогсохгүй, улсын эмнэлгийн байранд түрээсээр ажилладаг CU гэх мэт аж ахуйн нэгжийн түрээсийн тооцоог гэхэд үйл ажиллагаа хариуцсан дэд захирал П.Ундармаа нь бие даан хийдэг. Мөн эмчилгээний хоолыг гэрээлэн гүйцэтгүүлдэг “Сити Агро” гэх компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажиллуулдаг гээд “дарга анги”-ийн хатагтай нарын хийдэг завхрал хөврөнө. Эдгээр харилцагч байгууллагуудтай гэрээ дүгнэх асуудлыг ганцхан үйл ажиллагаа хариуцсан дэд захирал л хариуцдаг нь ашиг сонирхлын зөрчлийн нэг том цоорхой юм.
Мөн Хан -Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг ХУДЭМТ, ЭНЭҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгүүд бактериологи, серологи гэх мэт шинжилгээг өөрсдөө хийх чадамжтай атал “Дерма мед” лабораториор гэрээгээр гүйцэтгүүлдэг бөгөөд уг лаборатори нь УБИС-ийн урд байрладаг, сорьц хол зөөвөрлөдөг, шинжилгээг цагтаа гаргаж өгдөггүй ч өөрчлөх тухай шаардах эрх эмч нарт байхгүй. Энэ тухай үг хэлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өмнөө зогсоож байгаад хашгирч загнан дуугүй болгодог. Эд ямар кинонд гардаг шоронгийн хянагч нар уу гэж өөрийн эрхгүй уншигч авхай та дуу алдаж байгаа биз дээ.
Тийм ээ, би ч гэсэн дуу алдсан.
Өнгөрсөн 2024-2025 оны хугацаанд “дарга анги” Солонгос, Герман,Тайвань,Хөх хот, Бээжин рүү аялалд явцгаасан. Хамаг том босс хатагтай Т.Энхзаяа, Д.Мажигсүрэн нар нь Тайваниас бусад бүх аялалд өөрсдөө байнга явдаг юм байна. Мэдээж аялалд явах ажилтнуудыг ажлын гүйцэтгэлээр буюу шударга ёсны хэмжүүрээр хэзээ ч шалгаруулдаггүй.
Үүнээс гадна Хан- Уулын эмнэлгийн хамаг том босс Т.Энхзаяа нь түргэний зориулалттай тоноглогдсон эмнэлгийн машиныг хувийн хэрэгцээнд байнга унадаг төдийгүй, дуут дохиог тогтмол хэрэглэн замын хөдөлгөөнд оролцдог гэж байгаа. Мэдээж санхүү бүртгэлийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, явсан замын маршрутыг байнга худлаа бичүүлдэг.
Мөн эрүүл мэндийн даатгал, статистикийн албаны дарга Ж.Мөнхцэцэг нь гадаад иргэдийн шинжилгээ хийлгэсэн, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, хэвтэн эмчлүүлсэн мөнгийг бэлнээр өөрийн гараар авдаг. Тэр мөнгөө байгууллагын дансанд оруулдаггүй, ЭМДЕГ-т өгөх нэрийдлээр байгууллагаас бэлэн мөнгө удаа дараа гаргуулан авдаг, бөгөөд тэрийгээ хэнд өгдөг нь тодорхойгүй гэх мэт ужигарсан олон асуудлуудын нэг хэсгийг л би бээр ийнхүү уйгагүй тоочин та бүхний сонорт хүргэж байгаа юм. Энэ эмнэлэгт тогтсон дээрх ёс суртахууны гажуудлаас үүдэн хэлмэгдэн зовсон хэдэн арван эмч , ажилтнуудын сэтгэл санааны хохирол бол юугаар ч хэмжигдэшгүй хар толбо болон үлдсэн нь хамгийн гунигтай. Үүний төлбөр төлөөсийг хэн ч төлөхгүй шүү дээ.
Яаж ингэж дураараа хаанчилж, хар ярианы хэлээр бол азаргалж болдог гэдгийг нийгмийн эрээн бараан дунд 30 гаруй жил чанагдаж яваа сэтгүүлч би ч гайхширч барахгүй сууж байна. Аргаа бараад холбогдох хууль журмуудыг нь сөхөж үзэхэд дээрх захирлуудын үйлдлүүд нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн есдүгээрт заасан “Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ”-г (9.1ээс 9.12 хүртэлх заалт,) мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд тус Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт нүүрлэсэн хөдөлмөрийн харилцаан дах ялгаварлан гадуурхалтыг даруй зогсоож, хэлмэгдүүлэн хохироож, ажил амьдралыг нь баллаж хаясан эдгээр үй олон тохиолдлуудыг эргэн харж, хариуцлагатайгаар авч үзэхийг салбарын сайдаас хичээнгүйлэн хүсч байна.
Б.Ганчимэг, Baabar.mn



