Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тантай холбоо хамааралтай тендерийн булхай, гадаад паспортны бизнес тойрсон тэрбум тэрбумын гүйлгээнүүд, 17 сонгуулийн турш саналын хуудсыг эзэрхийлэн хэвлэсэн баримтууд, онцгой татварын тэмдгийг монопольдож хэвлэсээр ирсэн гэх кейсүүдийг сүүлийн нэг жил гаруйн турш Монголын хэвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нотолгоо, жишээтэйгээр дэлгэж байна.
Ялангуяа сүүлийн гурван сар орчмын хугацаанд нэр бүхий сэтгүүлчид Таны хамаарал бүхий "Мигасон" компани гадаад паспорт хэвлэдэг "Төрийн үнэт цаас хэвлэл" төрийн өмчит компанийн 49 хувийг ямар ч шалгаруулалт, босгогүйгээр, ҮАБЗ-ийн нууц бичгийн татаасаар шууд эзэмшсэн тухай баримттай дэлгэх боллоо. Таны компанийн хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан Н.Цэрэндолгор "Мигасон" компанийн захирал төдийгүй УБЕГ 51 хувийг нь эзэмшдэг төрийн өмчит компанийн эцсийн өмчлөгч гэх мэт ноцтой баримтууд ил болоод байна.
Мөн Эрхэм сайд Таны хувийн компаниуд хэвлэлийн салбар дахь бүх л том тендерийг эз дийлж хамдгийг тантай нэг салбарт бизнес хийдэг компанийн захирлууд ил, далд мэдэгдсээр багагүй хугацаа өнгөрлөө. Төрд ажилладаг нөлөөгөө ашиглан эзэрхийлж авдаг ажлын тань нэг тод жишээ бол сонгуулийн саналын хуудас. Таны хамаарал бүхий компани 17 сонгууль дарааллан саналын хуудас хэвлэх эрхийг ганцаараа эзэмшинэ гэдэг бол хэтэрсэн монопольчлол.
Энэ тухай “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат “Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгардаг. Удаа дараагийн сонгууль бүрт ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон. Одоо бас хэвлэх гэж байна. Б.Батцэцэг саналын хуудас хэвлэж 14 тэрбум төгрөг халаасалчихаад өөрөө нэр дэвшиж явна. Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр тэрбум 885 сая төгрөгийн орлого олсон” хэмээн хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсныг хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно.
Дэлхийн бүх улс Гадаад харилцааны яамаа Стратегийн гол яам гэж үздэг. Гадаад харилцааны сайд нар улс орныхоо нүүр царай, үнэт зүйл, нэр төрийн баталгаа болдог. Тэр ч утгаараа улс орнуудын Гадаад харилцааны сайд нар өндөр боловсролоос гадна өндөр ёс зүйг хамгийн түрүүнд тавьдаг.
Учир иймд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Та Монгол улсын нүүр царай болсон стратегийн гол яамыг удирддагийн хувьд сэтгүүлчдийн дэлгэсэн баримтуудад хариу тайлбарыг хугацаа алдалгүй өгөх ёстой юм.
Монголын хэвлэл мэдээллийн шударга үнэний дуу хоолой болсон нэр бүхий сэтгүүлчид Эрхэм сайд Таны тендерийн булхай луйвар, 17 удаагийн сонгуулийн саналын хуудсыг тасралтгүй хэвлэсэн ноёрхол, мөн төрийн онцгой албан татварын тэмдэгтийг цор ганцаараа хэвлэсэн гэх мэдээллүүдийг эрэн сурвалжилж, үнэний мөрөөр хайж баримтаар тогтоож нийтэд дэлгэсэн ч Та өнөөдрийг хүртэл энэ бүхэнд баримт нотолгоотой хариу тайлбар өгсөнгүй.
Харин ч бүр өөртэйгөө илт хамаарал бүхий компаниудаас "Б.Батцэцэг сайд бидэнтэй огт хамааралгүй" гэсэн бичиг авч Монгол улсын иргэдийг, баримт дэлгэсэн сэтгүүлчдийг илт тохуурхлаа. Баримт дэлгэсэн, таны булхайг илчилсэн сэтгүүлчдийг Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр "Сангасаа гоожуулсан тагтаа" гэж доромжиллоо.
Энэ бүхэн тань Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд тун болчимгүй, тун харамсалтай, тун бүдүүлэг үйлдэл. Баримт дэлгэсэн сэтгүүлчдийг хууль, шүүхийн байгууллагаар дарамтлуулж байгаад тань мэргэжлийн редакцитай хамт олны хувьд харамсч буйгаа илэрхийлж байна. Сэтгүүлчдийн дэлгэсэн баримтуудад бодит няцаалт өгөхийг Эрхэм сайд Танаас шаардаж байна.
Гадаад харилцааны сайд нь олон арван тэрбумын тендерийн асуудалд нэр холбогдож, баримт ярьсан сэтгүүлчдийг хуулийн байгууллагаар сүрдүүлж, "сангасаа гоожуулсан тагтаа" гэж доромжилж, хэвлэлийн эрх чөлөөнд илтэд халдаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төрийн өндөр дээд албан тушаалтнууд ганц ч үг дуугарахгүй, хууль хяналтын байгууллага энэ тухай нэг ч мэдэгдэл хийхгүй байгаад харамсч байна. "Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой"-г Үндсэн хуулиндаа тусгачихсан Монгол Улсад амьдарч байгааг төрийн өндөрлөгүүдэд зориуд сануулъя.
Гадаад харилцааны сайд, хатагтай Б.Батцэцэг Таныг ажил үүргээ албан ёсоор хүлээлгэн өгч, сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй дээрх асуудалд хамаатай эсэхээ хуулийн дагуу хууль шүүхийн байгууллагад шалгуулахыг шаардаж байна.
Өдрийн сонины Зөвлөл, 2026.06.18



