Олон ялсны дараа сонгогчдын санал үнэгүйдэж байгааг бид бүгдээрээ МАН-аас харж байна. Олдвол өлддөг. Олон дараалж ялуулахдаа олууланг нь сонгож бас буруудаж. Ээлж ээлжээрээ Монгол төрийн өндөр албан тушаалуудыг зайдалдаг болсон. Улс орныг бодож байгаа юм алга. Даргын суудал, дараагийн сонгууль л тэдэнд чухал байх шиг. Сүүл рүүгээ 30:34-өөрөө хуваагдаж байгаад төрийн эрх мэдлийг ээлжлэн барьдаг боллоо.
Нэг жил гаруйн өмнө эхэлсэн 30:34-ийн зодоонд 34-ийнхөн ялсан. Төрийн хамаг эрх мэдэл тэр 34-ийн гарт шилжсэн. 30 төлөөллөөс хамгийн сүүлд Х.Нямбаатар хот дээр чардайж, чардайж буугаад явлаа. Түүний оронд Ерөнхийлөгчийн хүргэн хэмээх тодотголтой МАН-ын залуучуудын холбооны дарга Б.Пүрэвдагвыг томилсон. Уул нь хуульд: Хотын даргыг сонгоно гэж байдаг. Гэхнээ: МАН-ын удирдах зөвлөл залуучуудын холбооны даргаа Хотын даргаар томилоод явуулсан.
Гэтэл нь: Б.Пүрэвдагва сар ч бололгүй хотын удирдлагыг алджээ. Д.Амарбаясгалан хотыг авчээ. Долоон сарын өмнө УИХ-ын даргаас шахагдаж буугаад, бор тээгийн ордыг авсан хэргээр хэзээ мөдгүй ачигдах гэж байгаа гэж Б.Энхбаяр мэтэд чичлүүлээд байсан Д.Амарбаясгалан төсөрхөн хилийн хоригоо цуцлуулж гадагшаа нисдэг болж. Яав ийв гэсэн нь: Ерөнхийлөгчийн өрөөгөөр нэг ороод, 2 дахь Их тэнгэрт Ерөнхий сайдтай уулзсаны дараа Д.Амарбаясгаланд хандах улс төрийн, хуулийн хандлага тэр чигтээ өөрчлөгдөж. Тэрний илрэл нь: Хотоос Х.Нямбаатарыг явуут Б.Пүрэвдагвын дор хамаг хүнээ аваачаад байршуулснаас харагдана.
Эдүгээ тэрээр орой салхилангаа байсхийгээд Хотын захиргаа руу очдог болж. Заавар чиглэл өгөөд буцдаг гэх. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гээд байдаг. Тэрэн лүгээ Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас албадуулан буусан ч хотыг албан бусаар авч чадаж. Энэний дүнд: Эдүгээ хүртэл намынхаа 30 руу түгжилдсэн 34-ийн хэд хот руу зүглэх эрхгүй болсон байна...
Өдрийн сонин



