x

Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ долоо хоногийн бүлгийн хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэв. Нөгөөтэйгүүр удахгүй УИХ-ын хаврын чуулган өндөрлөх гэж байна. Эрх баригч намын хувьд чуулганы хугацаанд багтаан ямар хуулийн төслүүдийг эцэслэн батлах товтой байгаа вэ?

-Энэ хаврын чуулганыг долдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хуралдуулж, завсарлуулахаар урьдчилсан ерөнхий тов гарсан. Чуулган өндөрлөх хугацаа дөхсөнтэй холбоотойгоор парламентын түвшинд хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудыг эцэслэн батлахтай холбоотойгоор эрэмбэ дарааллыг нь тогтоож, нэн шаардлагатай хуулиудыг урагшлуулан энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлах шаардлага бий. Ингэснээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх ёстой 2027 оны улсын төсөв зэрэг асуудлыг боловсруулах суурь болох хуулиудыг энэ хаврын чуулганы хугацаанд баталж өгөх шаардлагатай.

-Хаврын чуулганаар зайлшгүй батлах шаардлагатай гэж үзэж байгаа ямар хуулиуд байна вэ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Нэгдүгээрт, бизнесийн эрх чөлөөг хангахтай холбоотой багц хууль байна. Энэ хуулийг хаврын чуулганы хугацаанд баталж гаргах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжих, төрийн зүгээс үүсдэг саад тотгор, хүнд суртлыг бууруулах эрх зүйн боломж бүрэн бүрдэх юм.

Хоёрдугаарт, татварын дөрвөн хууль хэлэлцэгдэж байна. Эдгээр хуулийг мөн батлах шаардлагатай. Ингэснээр иргэд болон бизнесийн байгууллагуудын нуруун дээр байгаа татварын ачааллыг бууруулна. Өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд татварын тодорхой хэмжээний орлого баялаг бүтээгчид болон иргэдэд үлдэж, аж ахуйн үйл ажиллагаа болон амьдралын чанарт нь бодит дэмжлэг болно. Өмнө нь хэлж байсанчлан эдгээр хуулиуд батлагдсанаар нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын ачаалал буурах тооцоо бий. Тиймээс энэ асуудлыг хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар бүлэг ямар байр суурьтай байна вэ. Чуулганы хугацаанд багтаад батлах уу?

-Нийгмийн даатгалтай холбоотой асуудал мөн хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн талаар өмнө нь танилцуулга өгч байсан. Харин энэ долоо хоногийн бүлгийн хурлаар илүү тодорхой зохицуулалтуудын талаар ярилцлаа. Үндсэндээ хуулийн үзэл баримтлал болон түүний хүрээнд зохицуулж буй суурь харилцаануудыг хэвээр хадгалж, хэлэлцүүлгийн бүх түвшинд бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтайгаар дэмжин хаврын чуулганы хугацаанд батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хууль батлагдсанаар хэд хэдэн чухал үр дүн гарна. Нэгдүгээрт, тэтгэврийн хэмжээг тодорхой түвшинд нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг бууруулах асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ. Гуравдугаарт, олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн иргэдийг урамшуулсан эрх зүйн зохицуулалтууд бий болно.

-Газрын тостой холбоотой асуудлыг мөн хэлэлцсэн гэж мэдэгдсэн. Энэ талаар ямар асуудал, эрх зүйн зохицуулалтыг ярьсан бэ?

-Тийм ээ. Монгол Улс газрын тосны тодорхой нөөцтэй орон. Бид сүүлийн гучаад жилийн хугацаанд газрын тос олборлолттой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Энэ асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд зохицуулж ирсэн. Анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгагдсан үндсэн зарчим, нөхцөлийг бүрэн хангаж ажиллах шаардлагатай байна. Энэ хугацаанд эрх зүйн орчинд өөрчлөлтүүд гарсан. Мөн холбогдох байгууллагуудаас хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт зэрэгтэй холбоотойгоор тодорхой асуудлууд хөндөгдөж байсан. Тиймээс анх байгуулсан гэрээнийхээ үндсэн зарчмыг баримталж, бүтээгдэхүүн хуваах үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гүйцэтгэгч компаниуд анхны гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, жилд олборлох бүтээгдэхүүний хэмжээг техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан түвшинд хүргэх шаардлагатай. Өмнө нь Монгол Улс жилдээ 1.4 сая тонн орчим түүхий нефть олборлож байсан үе бий. Харин өнөөдөр олборлолтын хэмжээ үндсэндээ 500 мянган тонн орчимд хүрээд байна. Яагаад ийм хэмжээнд буурсан бэ гэхээр анхны бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгагдсан зарчмуудаас давсан шаардлага, нөхцөлүүдийг тавьж ирсний улмаас хөрөнгө оруулагч талд тодорхой хүндрэл үүссэн асуудлууд бий. Тиймээс энэ асуудлыг зөв зохицуулж, хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хэмжээнд олборлолтоо хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзэж байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хугацаандаа орж чадах уу. Саяхан гадаад зээллэг ашиглахтай холбоотойгоор энэ хугацаа хойшлох зүйл яригдсан шүү дээ...?

-Бид газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй тусгайлсан хууль баталсан. Гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг баталж, хоёр том төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тусгасан. Үүнд газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүд багтаж байгаа. Нэгэнт бид 2028 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бол жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх нь зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаас дэлхийн нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалт, үнэ ханш зэрэг олон хүчин зүйл урьдчилан тооцоолохын аргагүйгээр өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд урд хөршөөс хэрэглээнийхээ тодорхой хэсгийг импортлох асуудал ч яригдаж байгаа.

-Урдаас авах шатахууны хэмжээгээ нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Өөрөөр хэлбэл, бид нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хоёр эх үүсвэртэй байх шаардлагатай. Дан ганц ОХУ-аас бүрэн хамааралтай байдлаар нефтийн бүтээгдэхүүнээ авах бус, бусад улс орноос нийлүүлэлт авах боломжийг бүрдүүлэх нь зөв гэж үзэж байна. Энэ чиглэлийн асуудлуудыг мөн гэрээ хэлэлцээрийн түвшинд ярьж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Ер нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд нэн шаардлагатай асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, үүгээрээ дамжуулан улсын хөгжил, иргэдийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх төрийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд хаврын чуулганы хугацаанд дээр дурдсан багц хуулиудыг шийдвэрлэж дуусгах зорилт тавьж байна.

-Татварын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор тэр дундаа 50 сая төгрөгийн босгыг 400 сая төгрөг болгох зохицуулалттай холбоотой асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-НӨАТ бол хэд хэдэн зорилготой татвар. Юуны өмнө хэрэглээний татвар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс үе шат бүрдээ зөв зохицуулалттай явах ёстой. Хэрэв НӨАТ төлөгчдийн хүрээг хэт өргөтгөх, босго хэмжээг нэмэгдүүлээд яваад байвал боловсруулах үйлдвэрлэлийн түвшинд тодорхой хүндрэл үүсдэг. Жишээлбэл, томоохон үйлдвэрүүд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээ худалдан авахдаа НӨАТ төлөгчөөс авах уу, НӨАТ төлөгч биш этгээдээс авах уу гэдэг асуудал үүсдэг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний үнэ өртөгт шууд нөлөөлдөг учраас асуудлыг зөв талаас нь харах шаардлагатай. Тиймээс чуулганаар НӨАТ-ын тухай хуулийн асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа ажлын хэсэгт гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Аль болох үйлдвэрлэл, үйлчилгээг идэвхжүүлэх, мөн НӨАТ төлөгчдөд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр хялбаршуулах чиглэлээр зохицуулалтууд томьёологдох ёстой гэсэн байр суурьтай байна.

-Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ асуудлыг танай бүлэг хэлэлцсэн үү. Мөн танай бүлгийн зарим гишүүн уг бичигт гарын үсэг зурж магадгүй гэсэн болгоомжлол харагдаж байгаа юу?

-УИХ дахь цөөнхийн бүлэг болон УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэр хүрээндээ асуудлаа ярьж байгаа байх гэж ойлгож байна. Манай намын бүлгийн хурлаар ч гэсэн эв нэгдэл, ойлголцлоо хадгалж, ард түмний өмнө хүлээсэн амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө нэг зохион байгуулалт, нэг хүчээр урагшлах ёстой гэдэг асуудлыг гишүүд санал нэгтэйгээр ярилцсан. Тиймээс манай бүлгээс очоод уг бичиг дээр гарын үсэг зурах хүн тун ховор байх гэж бодож байна.

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл яригдаж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлын байршлыг өөрчлөх, УИХ-ын даргыг нам бус болгох, гишүүдийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах зэрэг асуудал бий. Эдгээр дээр бүлэг нэгдсэн байр суурьтай болсон уу?

-Эдгээр асуудлаас болоод санал хураалт хойшилсон зүйл байхгүй. УИХ-тай холбоотой яригдаж байгаа гурван хуулийн төсөл дээр бүлэг судалгаа, тооцооллоо хийж, нэгдсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс бүлгийн тогтсон байр сууриа цаашид тууштай баримталж ажиллана гэдгийг онцлон хэлмээр байна. Нэгдүгээрт, УИХ-ын даргыг нам бус болгох тухай асуудал орж ирсэн. Энэ саналыг бүлэг дэмжээгүй. Хэрэв ийм зохицуулалт хийх гэж байгаа бол УИХ-ын дарга бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа дараагийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нь хангах тодорхой зохицуулалтыг нөгөө талд нь давхар хийх ёстой. Бусад улс орнуудын жишиг ч ийм байдаг. Гэтэл ийм зохицуулалт төсөлд тусгагдаагүй. Нөгөө талаар Монгол Улс улс төрийн намын гишүүнчлэлийн хувьд харьцангуй хатуу тогтолцоотой улс. Тиймээс энэ саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын суудлын байршлыг өөрчлөх тухай асуудал яригдаж байгаа. Монголчууд төрийн нэгдмэл байдал, төрөө дээдлэх уламжлалт ухамсар, харилцаанд тулгуурлан төрийн ордны танхимын зохион байгуулалт, суудлын байршлыг анхнаасаа шийдсэн байдаг. Тиймээс энэ хэлбэрийг эвдэх шаардлагагүй гэж үзэж байна. Одоогийн зохион байгуулалтаа хадгалж явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлын байршлыг өөрчлөх асуудал парламентын ардчилалд нөлөөлнө гэж үзэж байна уу?

-Парламентын ардчилал, парламентын засаглалд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа. Энэ үүднээс асуудалд хандаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хууль болон гишүүдийн санаачилсан төслүүдийг нэгтгэн хэлэлцэх асуудал ямар шатанд явж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэхийг нь дэмжсэн. Анх гишүүдийн өргөн барьсан төслүүдтэй нэгтгэн хэлэлцэх ерөнхий санаа байсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч төслөө нэгтгэн хэлэлцүүлэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс тусдаа ажлын хэсэг байгуулж, асуудлыг бие даан хэлэлцэхээр болсон. Иймээс энэ долоо хоногт, эсвэл ирэх долоо хоногт ажлын хэсгийг байгуулж, уг асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд тусгагдсан гишүүдийн идэвх оролцоо, хариуцлагатай холбоотой нэлээдгүй зохицуулалт нь УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд мөн орсон байгаа. Тиймээс тэдгээр асуудал дэмжигдээд явах боломжтой. Харин үлдэж байгаа зохицуулалтуудын тухайд ажлын хэсэг маш нарийн судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр УИХ-ын дэгийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ гэж бодож байна. Миний хувьд энэ асуудал хаврын чуулганаар амжиж батлагдахгүй болов уу гэж харж байгаа. Учир нь хэлэлцүүлэг нэлээд өргөн хүрээнд өрнөх шаардлагатай. Парламентын засаглал, ардчилал, сонгогчдын эрх ашиг, төлөөллийн дархлаатай холбоотой асуудал учраас эрдэмтэн, судлаачидтайгаа ажиллаж, мөн орон нутгийн иргэд, сонгогчдын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр зөв зохистой шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Хаврын чуулганы өндөрлөх дөхөж байгаа энэ үед чуулганы танхим дахь ирц бага харагддаг. Ийм нөхцөлд чанартай хууль батлагдаж чадаж байна уу гэсэн шүүмжлэл бий...?

-Энэ бол зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой асуудал. УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиудыг дэгийн тухай хуулийн дагуу эрэмбэ дарааллаар нь хэлэлцээд явж байгаа. Гаднаас нь харахад батлагдаж байгаа хуулийн тоо их мэт санагдаж болох ч нэг үндсэн хууль дагаж хууль хоорондын нийцлийг хангах, ялангуяа нэр томьёоны нийцлийг хангахтай холбоотой олон хууль давхар өөрчлөгддөг. Жишээлбэл, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг авч үзье. Энэ хуулийг дагаж 99 хуульд өөрчлөлт орж байгаа. Тэдгээрийн ихэнх нь хууль хоорондын нийцэл болон нэр томьёоны жигд байдлыг хангахтай холбоотой зохицуулалтууд юм. Тиймээс зөвхөн тоогоор нь хараад маш олон бие даасан хууль хэлэлцэж байна гэж ойлгож болохгүй. Мөн УИХ-ын гишүүд танхимд цөөхөн байна гэж ярьдаг. Гэхдээ гишүүн бүрийн өрөөнд чуулганы үндсэн танхимтай холбогдсон дэлгэц, мэдээллийн систем бий. Тэндээсээ бүх мэдээллээ авч, хэлэлцэж буй хуулиудтай танилцаж, нэмэлт санал боловсруулж, тойргийн иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь авч ажилладаг. Үүний дараа асуулт асуух, санал хэлэх болон санал хураалтад оролцох үедээ байр сууриа бүрэн илэрхийлж байгаа. Тиймээс энэ нь УИХ-ын үйл ажиллагааг сулруулж байгаа зүйл биш. Харин орчин үеийн техник, технологид суурилсан нэг цогц системийн хүрээнд ажиллаж байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 4 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 18 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 5 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 9 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top