Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Орос, Солонгос, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг гэсэн 16 орны их, дээд сургуульд 300 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюутан залууст сурлагын амжилт хүсэн төрийн далбаа дурсгаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэв.

Тэрбээр “Эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэе. Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болохыг хүсэн ерөөж байна. Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил, мэргэжилдээ эзэн болох ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байна. Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж яваарай” хэмээн захилаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1055 оюутан залуус 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Энэ жил 136 оюутан сургуулиа төгсөж ирэх бөгөөд гэрээний дагуу харьяалагдах орон нутагтаа таваас доошгүй жил ажиллана. Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд 296 оюутан суралцахаар явсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан. Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.














