Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал өнөөдөр Усны өдрөөр үргэлжилж байна. Усны асуудлыг энэ өдөр дангаар нь бус ус, газар, хүн гурвыг холбосон шийдлээр авч үзэж, ус, газар, уур амьсгалын уялдаа, гангийн тэсвэрлэх чадвар, усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтын талаар ярилцана.
Тухайлбал, “Усыг холбогч хүчин зүйл болгох нь” хэлэлцүүлгээр ус нь уур амьсгал, газар, биологийн олон янз болон хүнсний аюулгүй байдлыг холбох стратегийн хүчин зүйл болохыг онцолж байгаа бол “Хөдөө аж ахуйн усны менежментийг өөрчлөх нь” хэлэлцүүлгээр усны үр ашигтай хэрэглээ, ганд тэсвэртэй хүнсний тогтолцоо, хөрөнгө оруулалтыг нэмэх тухай хөндөнө. “Ус-Газар-Хүн” өндөр түвшний яриа хэлэлцүүлгээр шинжлэх ухаан, бодлого, практикыг уялдуулан ус, экосистем, газрын нэгдсэн менежментийг, “Усны тэсвэрлэх чадварын төлөө газрын нөхөн сэргээлт” хэлэлцүүлгээр экосистемийн нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, гангийн эрсдэлийг багасгахад шинжлэх ухаан, түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах шийдлийг авч үзэх юм.
Монгол Улс СОР17-гоор дамжуулан “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ыг дэвшүүлж буй талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-“Монгол Улс СОР17-г зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд дэвшүүлж буй 3 санаачилгын хоёр дахь нь болох “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ыг өнөөдөр зарлаж, нээлтээ хийлээ. Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохын тулд усны төслүүдээ танилцуулна. Эхнээсээ үр дүн гарч, олон санамж бичиг байгуулж байна. Өчигдөр ой, бэлчээр, усны чиглэлийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, томоохон гэрээнд гарын үсэг зурлаа. Дээрх санаачилгын гол агуулга, зорилго нь говь, тал хээрийн бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэн, малчид, тариаланчдын усны хүртээмжийг нэмэх юм. Гэрээ, санамж бичгийн хүрээнд бий болох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг усны төслүүдэд зарцуулах боломж бүрдүүлнэ.
Цаашид энэ конвенцыг даргалах улсын хувьд усны санаачилга, төслөө олон нийтэд зөв ойлгуулж, ач холбогдлыг нь таниулж, олон улсын анхаарлыг татах нь чухал байна. Усны хомсдолтой энэ цаг үед үйлдвэрлэл, үйлчилгээнд саарал усыг дахин боловсруулж ашиглах, усны хэрэгцээ дутагдалтай бүс нутгуудад гүний болон гадаргын усыг хүргэх төсөл, хөтөлбөр бий болгох шаардлагатай. Ингэснээр орон нутгийн иргэд тогтвортой суурьшин амьдрах нөхцөл бүрдэнэ.

Ус нь газрын доройтол, цөлжилттэй шууд холбоотой. Манай орны цөлжсөн бүс нутгуудад ус хомсдсон тул гүний болон гадаргын усны нөөцийн зохистой хэрэглээ чухал байгаа. Уул уурхай, үйлдвэрлэлд гүний усыг түлхүү хэрэглэдэг тул цаашид гадаргын усыг илүү зохистой, дахин боловсруулж саарал ус ашиглахад анхаарах шаардлагатай. Мөн говийн бүс нутагт усны томоохон төслүүдийн ТЭЗҮ-г хийж байна.
Говь руу ус татах төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юунд анхаарч, олон улсын анхаарлын төвд хүргэх, хэрэгжүүлж буй төслүүдэд хамтын ажиллагаа бий болгох, хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох нь чухал байгаа юм. Монгол Улсын хувьд Усны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Бэлчээр усгүйдэж, хүн, мал амьтан тогтвортой амьдрахад хүндрэлтэй болсон нөхцөл бий. Тиймээс гадаргын усыг зөв зохистой ашиглах, нөөцлөх, хөв цөөрөм байгуулах, тухайн бүс нутагт экологийн тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй. Энэ нь эргээд орон нутгийн иргэдийн тогтвортой амьдрах, эдийн засгийн суурь нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдолтой” гэв.
Усны санаачилга нь ус, газрын нэгдмэл байдал бөгөөд хуурай газрын тогтвортой хөгжилд ус, газрын нөөцийг тусад нь салангид бус хамтад нь цогцоор удирдахыг зорьж буй. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, усны хомсдолтой тэмцэхэд чиглэсэн санхүүжилт, шинэ технологийн шийдлийг нэвтрүүлэх, байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийг хөгжүүлж, усны эргэлтийн менежментийг сайжруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дунд усны засаглал, хууль эрх зүй, хил дамнасан эрсдэлээс хамгаалах түншлэлийг бэхжүүлэх чиглэлд ажиллах юм.



