x

Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр

Гэрэл зургийг "Засгийн газрын мэдээ" сонин

“Хүүхдийн төлөө” гэдэг хоёрхон үг ямар ч парламентыг номхруулаад зогсохгүй олон нийтийн шүүмжлэлийг ч таслан зогсоодог ид шидтэй. Сүүлийн жилүүдэд Монголын улстөрчид хуулийн төсөл санаачлах, татвар нэмэх, тодорхой салбарт хориг тавихдаа энэ уриа лоозонг ашиглах нь гаарлаа.

Чихэрлэг ундааны онцгой албан татвар, электрон тамхийг хязгаарлах зэрэг асуудал хэлэлцэгдэх бүрд манай түшээд гэнэтхэн “өрөвч эцэг”, “халамжит эх”-ийн дүрд хувирдаг. Тэдний УИХ-ын танхимд хэлж буй үгс нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого гэхээсээ илүү уянгалаг поп дууны үг шиг сонсогдоно. Хэн ч хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйн эсрэг үг хэлж зүрхэлдэггүй учраас энэ лоозонгийн цаадах эдийн засгийн бодит тооцоолол, хувь хүний сонгох эрх чөлөө, хууль хэрэгжих хөрс суурь зэрэг чухал асуудлууд хэлэлцүүлгийн гадна үлддэг. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл бол эрүүл саруул бодлого биш, улс төрийн хамгийн ашигтай, эрсдэлгүй пиар хэрэгсэл болон хувирчээ.

Моралын паник ба Think of the children!

Барууны улс төрийн шинжлэх ухаанд үүнийг Think of the children! (Хүүхдүүдээ бод!) гэдэг логикийн алдаа, манипуляцийн тактик гэж нэрлэдэг. Энэ тактикийн цаад механизмыг социологич Стэнли Коэний (Stanley Cohen) боловсруулсан “Моралын паник” (Moral Panic) буюу нийгмийн ёс зүйн эмзэглэлийн онолоор тайлбарлаж болно. Коэний тодорхойлсноор, нийгмийн дэг журам, үнэт зүйлд “заналхийлж буй” үзэгдэл эсвэл бүлэг хүмүүсийг зориудаар олны анхаарлын төвд оруулж, түүнийг нь хэвлэл мэдээлэл болоод улстөрчид хэтрүүлэн дэвэргэхийг моралын паник гэдэг.

Энэ тактик яагаад ийм хүчтэй ажилладаг вэ гэвэл хүүхэд бол нийгмийн хамгийн эмзэг, хамгаалалт шаардлагатай, ямар ч гэм буруугүй хэсэг. Улстөрчид ямар нэгэн асуудлыг “хүүхдийн эсрэг заналхийлэл” болгон хувиргаж чадвал нийгэмд шууд айдас, зэвүүцэл, сандрал үүсдэг. Энэ үед хүмүүсийн логик сэтгэлгээ гацаж, сэтгэл хөдлөл нь давамгайлж эхэлнэ.

“Хэрэв та вэйпийг бүрмөсөн хориглохыг эсэргүүцэж байгаа бол хүүхдүүдийг хордуулахыг дэмжигч, тамхины компанийн лоббист” гэх маягаар туйлшруулах нь моралын паникийн сонгодог жишээний нэг.

Үр дүнд нь төрөөс тухайн асуудлыг сууриар нь (жишээ нь, насны хязгаарлалтын хяналтыг чангатгах, боловсрол олгох) эрүүл саруул шийдэхийн оронд хамгийн богино хугацаанд олон нийтэд таалагдах “бүрмөсөн хориглох” гэх мэт тунхаглалын шинжтэй, амьдралгүй хуулиудыг батлан гаргадаг.

Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушги

Үүний хамгийн том, хохирол ихтэй жишээг бид уул уурхай, стратегийн ордуудын хэлэлцүүлгээс хардаг. Оюутолгой, Тавантолгой болон бусад томоохон төслүүдийг гацаах, гэрээг цуцлах, эсвэл төрийн мэдэлд авах тухай яриа өрнөх бүрд поп улстөрчид “Үр хойчдоо үлдээе”, “Хүүхэд, ач нартаа өвлүүлж, газрын доорх баялгийг нь бүрэн бүтэн хадгалъя” гэдэг уриалгаар шүршдэг.

Гаднаас нь харвал эх оронч, байгаль хамгаалсан, хойч үедээ сэтгэл зовсон мэт харагдавч, гүн рүү нь өнгийвөл эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй, цэвэр улс төрийн оноо цуглуулах хэрэгсэл. Баялгийг газрын доор “үхмэл” байдлаар үлдээвэл харин ч хүүхдүүдийнхээ ирээдүйг хулгайлсанаас өөрцгүй. Маргаашийн үр хойчид баялаг үлдээх нэрээр өнөөдрийн хүүхдүүдийг утаатай, дэд бүтэцгүй, чанаргүй боловсролтой нийгэмд амьдруулах нь ямар логик вэ?

Улстөрчид баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон ашгаар өнөөдөр Норвеги шиг Баялгийн сан үүсгэж, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн түвшинд хүргэхийн төлөө ажиллахын оронд “Зүгээр л ухахгүй үлдээе” гэж уриалах нь арчаагүй залхуу бөгөөд хариуцлагагүй тактик. Энэ бол байгаль хамгаалах чин сэтгэл огт биш, харин ч нийгмийн үндсэрхэг, популист сэтгэлгээг өдөөж, өөрсдийнхөө бодлогын чадамжгүйг нуух гэсэн улс төрийн хэрэгсэл төдий.

Давхар стандарт

Энэ лоозонгийн хамгийн хоржоонтой бөгөөд эмгэнэлтэй тал нь түүний цаана нуугдаж буй давхар стандарт. Улстөрчид хүүхдийн нэр барьж ямар нэгэн зүйлийг хориглох, хязгаарлах, шийтгэх болохоор маш соргог, идэвхтэй байдаг хэрнээ, хүүхдийн амьдрах орчныг бодитоор дэмжих, хамгаалах, хөгжүүлэх асуудал дээр бүрмөсөн “хэлгүй, дүлий” болчихдог.

Жишээг холоос хайх хэрэггүй. Төрөөс татвар нэмэх, шатахууны үнийн өсгөх, инфляцийг хөөсрүүлсэн шийдвэр гаргахдаа тэд хүүхдийн тухай огтхон ч дурсдаггүй. Инфляци өсөж, төгрөгийн ханш унавал дундаж амьдралтай эцэг эхчүүдийн нуруун дээр ирэх санхүүгийн дарамт үлэмж нэмэгдэнэ. Ингэвэл улстөрчийн “хайртай” хүүхдийн идэж буй хоолны чанар, өмсөж буй хувцас, авч буй боловсролын үйлчилгээнд шууд сөргөөр нөлөөлдөг.

Гэр бүлийн санхүүгийн ачааллыг нэмж, татварын дарамтаар дунд давхаргыг туйлдуулж байхдаа манай улстөрчид “Энэ шийдвэр маань хүүхдүүдэд яаж тусах бол” гэж хэзээ ч боддоггүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаагаас үүдэж эцэг эхчүүд хүүхдээ зөөх гэж ажлаасаа гарч, эдийн засгийн хувьд хараат болж байхад бодит шийдэл санал болгодоггүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд тэдний хувьд зөвхөн хориг тавих, татвар нэмэх шалтаг болохоос төрийн бодлогын төвд байх ёстой гол субъект даанч биш.

Сөрөг үр дагавар

Энэ тактик бодит, эрүүл саруул шийдэл олох үйл явцыг бүрэн саатуулдаг хамгийн аюултай сөрөг үр дагавартай. Жишээ нь, электрон тамхины хэрэглээг зөв зохистой зохицуулах, насны хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, далд наймааг таслан зогсоохын оронд “бүрмөсөн хориглох” шийдвэр гаргаснаар асуудал шийдэгддэггүй, харин ч хар зах руу шилжиж, хяналтгүй хэрэглээг улам гааруулдаг. Хүүхдийн нэр барьсан тактиктай улстөрчөөс эрүүл саруул ухаан нь “зугатдаг”. Амьдрал дээр тохиолдсон жишээ дурдъя.

Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн нарт ууталсан никотин буюу завьжны тамхи(snus)-нд татвар тогтоогоод өгөөч гэдэг хүсэлт тавихад өнөөг хүртэл хариу өгөөгүй. Мөн хуулийн төслийн баг “ажилдаа орсон”-оос хойш 6 сарын дараа УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлд халаадаг тамхи үзүүлээд үүнд бас онцгой албан татвар оноох ёстой гэхэд “Бас ийм тамхи байдаг юм уу? ДЭМБ бид нарт хэлээгүй” гэх жишээний. Гэхдээ хүүхдээр түрүү барьж “өнөөх хуулиа” батлуулах тактик л барихаас хуулийн хүрээний асуудлаа огтхон ч судлахгүй, дээрх хоёр тамхин бүтээгдэхүүнээс төсөвт орж ирэх мөнгийг ч тоохгүй.  

Энэ бол улстөрчдийн Virtue Signaling буюу “Би хэчнээн ёс суртахуунтай, сайн хүн бэ” гэдгээ харуулах хоосон жүжиглэл. Ямар ч судалгаагүй, бодит үр дүнгүй хууль баталчхаад, “Бид хүүхдүүдээ аварлаа” хэмээн цээжээ дэлдэнэ. Гэхдээ хүүхдийн нэр барьсан хууль, шийдвэр бүхний цаана ямар нэг хувийн ашиг сонирхол, лобби явдаг нь дэлхийн улс төрийн түүхнээ тодоор бичигдэн үлдсэн буй.

Манай нийгэмд энэ үзэгдэл улам бүр харгис хэлбэрт шилжиж байна. Хүүхдийн төлөөх халамжийн бодлого нь (хүүхдийн мөнгө гэх мэт) сонгуулийн өмнөх бэлэн мөнгөний амлалт, саналын наймаа болж хувирсан. Хүүхдийн амьдрах аюулгүй орчин; сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхдийн сурах орчины аюулгүй байдал, хүүхдийн автобусны хүртээмж, цахим орчны хамгаалалт зэрэг бодит ажлууд нь төсөвгүй, эзэнгүй хаягдсаар ирлээ.

Уярлаас ухааралд шилжих цаг

Улстөрчид “хүүхдийн нэр барьж” хоосон попрохоосоо илүүтэй, хүүхдийн төлөө бодит, хэмжигдэхүйц бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Хэрэв тэд үнэхээр үр хойчдоо хайртай бол татварын ухаалаг хөнгөлөлт, гэр бүлийг дэмжсэн эдийн засгийн орчин, чанартай бөгөөд хүртээмжтэй боловсрол, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд төсвийн мөнгийг зарцуулах ёстой. Хоосон уриалга, хориг саад хууль хэзээ ч хүүхдийн ирээдүйг хамгаалахгүй. Сонгогчид оо, эцэг эхчүүд ээ, аль нэг улстөрч индэр дээрээс “хүүхдийн төлөө” хэмээн дуугарахыг сонсвол өөртөө “Энэ шийдвэрийн цаана ямар эдийн засгийн сонирхол нуугдаж байна вэ”, “Энэ хууль үнэхээр хүүхдийг хамгаалах уу, эсвэл зүгээр л миний хэрэглээний зардлыг нэмэх шалтаг уу” гэдэг асуултыг заавал тавь.

Популизмын хөшгийг сөхөж, асуулт тавьж сурсан цагт л бид үр хүүхдэдээ үнэхээр эрүүл, ухаалаг, давхар стандартгүй нийгмийг өвлүүлэн үлдээх билээ. 

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 мин 2026 оны Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулна 18 мин Хөвсгөл нуур, Эгийн голын сав газарт их цэвэрлэгээний аян эхэллээ 18 мин Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна 21 мин Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр 1 цаг 15 мин Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй 1 цаг 27 мин Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно 2 цаг 25 мин "Хүрээ цам - Даншиг наадам 2026" ирэх амралтын өдрүүдэд болно 2 цаг 26 мин МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо 2 цаг 27 мин Улаанбаатарын “Их дуулга” жүдо бөхийн тэмцээн өндөрлөлөө 2 цаг 28 мин COP17 хурлыг угтсан “Торгоны замын тэмээн жингийн цуваа” Монголыг зорин хөдөллөө 2 цаг 29 мин Монголын шатарчид багийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 2 цаг 29 мин "Уян" олон улсын уран нугаралтын чуулга уулзалт Налайх дүүрэгт боллоо 2 цаг 32 мин БНСУ-д гадаадын иргэд залилангийн хохирогч болох тохиолдол дөрөв дахин нэмэгджээ 2 цаг 34 мин Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа 4 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 4 цаг 28 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол 4 цаг 37 мин Хөвсгөл аймагт "Цаатан фестиваль" 22 дахь жилдээ болно 4 цаг 39 мин Боловсролын баримт бичгийг eMongolia-гаар дамжуулан цахим апостилиар баталгаажуулна 4 цаг 39 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ДЦС-3-ын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа 4 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top