Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон шинэчлэн өргөтгөх ажлын зураг төслийн ажил хийгдэж байна.
Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон өргөтгөж, шинэчилснээр олон улсын болон дотоодын том оврын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүрдэж, нислэгийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрэх боломж бүрдэх юм.
Мөн гадаад, дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэхэд тээвэр, логистикийн суурь дэд бүтцийг сайжруулах нь нэн тэргүүний шаардлага бөгөөд энэхүү төсөл нь Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чухал алхам болж байна.
Тус ажлын төсвийг боловсруулах ажлын явцтай холбогдуулан “ЭЗТ” ХХК-ийн захирал Ц.Цолмонг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр тус компанийн зүгээс зураг төслийн ажлыг 2026 оны 7 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан бөгөөд уг чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн баг хамт олонтой гэдгийг онцолжээ.





