Израил болон Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцсон тухай АНУ-ын нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан баасан гаригт мэдээлжээ. Саяхныг хүртэл Ливанд мөргөлдөөн хурцадсан нь Ойрх Дорнодын өргөн хүрээтэй зөрчилдөөнийг эцэслэх зорилгоор АНУ-Ираны хооронд байгуулсан түр хэлэлцээрийг хүндхэн сорилтод оруулаад байсан юм.
Талуудын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулсан болохыг Израилын өндөр албан тушаалтан болон "Хезболла"-гийн хоёр эх сурвалж "Reuters" агентлагт баталсан бөгөөд АНУ-ын албан тушаалтны хэлснээр гал зогсоох дэглэм үдээс хойш 16:00 цагаас хэрэгжиж эхэлжээ.
"Хэрэв Хезболла бидэн рүү довтлохгүй бол бидний хувьд дайны үе биш байх болно" гэж Израилын албаны хүн хэлээд, тус улсын цэргүүд Ливаны өмнөд хэсэгт үлдэнэ гэдгийг дурдсан байна.
Ливаны аюулгүй байдлын хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Израилын тал гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойших эхний цагуудад 12 удаа агаарын цохилт өгсөн хэдий ч 17:00 цагаас хойш дахин довтлоогүй аж.
Израилын цэргийн албан тушаалтан 17:00 цагаас хойш цохилт өгөөгүй болохыг баталсан боловч 16:00 цагаас хойш 12 удаа цохилт өгсөн гэдгийг үгүйсгэсэн байна. Харин Израил-Ливаны хойд хил дээр байсан "Reuters" агентлагийн сэтгүүлч 16:50 цагийн орчимд Ливаны нутаг дэвсгэрт агаарын цохилтууд үргэлжилж байсныг харжээ.
Оройн 20:00 цагийн орчимд Ливаны Үндэсний мэдээллийн агентлаг (NNA) мэдээлэхдээ, тус улсын өмнөд нутгийн хурдны зам дээр дроноор цохилт өгсний улмаас мотоциклтой явж байсан хоёр хүн амиа алджээ. Израилын арми дроны цохилтын талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
Баасан гаригийн шөнө дундаас хойш өгсөн Израилын агаарын цохилтын улмаас Ливанд хамгийн цөөндөө 47 хүн амиа алдсан тухай Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Харин Израилын тал "Хезболла" бүлэглэлийн довтолгоонуудын үеэр Ливаны өмнөд нутаг 4 цэрэг нь амиа алдсан талаар мэдээлж байв.
Ирантай байгуулсан гэрээнд АНУ, Иран болон тэдний холбоотнууд бүх фронтод, тэр дундаа Ливанд цэргийн ажиллагааг нэн даруй, бүрмөсөн зогсоохыг шаардаж байгаа билээ. Анх хэлэлцээрийг зарлах үед хүчирхийлэл намжсан боловч энэ долоо хоногийн турш дахин ширүүссэн байна.
"Хезболла" бүлэглэлийн хууль тогтоогч Хассан Фадлаллах үүнээс өмнө "Reuters" агентлагт хэлэхдээ, гал зогсоох иж бүрэн хэлэлцээргүйгээр АНУ-ын засаг захиргаатай хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг Ираны тал тус бүлэглэлд мэдэгдсэн гэжээ.
Талууд гал зогсоох тохиролцоонд АНУ, Катарын төлөөлөгчид, Ираны дэмжлэгтэйгээр хүрсэн байна.
Reuters



