Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй гранпри ангиллын тэмцээний хоёр дахь цуврал энэ сарын 26-нд Хятадын Чиндаод эхэлнэ.
Гурван өдөр зохион байгуулах тус тэмцээнд 58 орны 521 жүдо барилдахаар мэдүүлэг өгчээ. Казахстаны Елдос Сметов, Японы Хифүми Абэ, Оросын Тамирлан Башаев, Азербайжаны Хидайт Хяадаров тэргүүтэй шилдгүүд зодоглоно. Тэгвэл манай улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва нарын удирдлагад 20 тамирчин оролцох юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Т.Төрболд, 73 кг-д О.Уранбаяр, А.Өсөхжаргал, 81 кг-д О.Шинэбаяр, Ж.Энхтөр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Г.Бямбасүрэн, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, О.Оюунчимэг, 70 кг-д У.Анужин, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул барилдана.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн Чиндаогийн гранприд Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар алт, Л.Энхрийлэн мөнгө, Б.Сүхбат, Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч байсан юм.



