Израилын Засгийн газар Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэнд армянчуудыг олноор нь хөнөөсөн явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрөх тухай тус улсын Гадаад хэргийн сайд Гидеон Саарын дэвшүүлсэн саналыг санал нэгтэй дэмжин баталжээ. Саар ням гаригт болсон Засгийн газрын ээлжит хурлын дараа мэдэгдэхдээ “Зөв алхам хийхэд хэзээ ч оройтдоггүй” гэсэн байна.
Энэхүү шийдвэр нь Израил болон Османы эзэнт гүрний залгамж улс болох Турк хоорондын харилцааг улам хурцатгах төлөвтэй байна. 2025 онд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг эмгэнэлт үйл явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрсөн тус улсын анхны Ерөнхий сайд болж байсан юм.
2015 онд Израилын олон нийтийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд Ромын Папын жишгийг дагаж, армянчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн улс орнуудтай нэгдэхийг уриалсан өргөдөл гаргаж байсныг “Израилын мэдээ” цахим хэвлэлд дурджээ.
1915-1916 оны хооронд Дэлхийн нэгдүгээр дайны үед 1.5 орчим сая армян амь үрэгдсэн гэж түүхчид үздэг бөгөөд үүний шалтгаан нь Османы эзэнт гүрэнд тэднийг системтэйгээр устгасан явдал гэж судалгаанд дурдсан байна. Харин Турк улс үүнийг геноцид гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тухайн үед 300-500 мянга орчим армян хүн амиа алдсан гэдэг баримтыг л хүлээн зөвшөөрдөг байна.
Израилын эрх баригчид энэ асуудлаар олон жилийн турш албан ёсны байр суурь илэрхийлэхээс зайлсхийж ирсэн бөгөөд парламентад энэ сэдвээр олон удаа хэлэлцүүлэг өрнөж байсан ч нэг ч удаа албан ёсоор санал хурааж байгаагүй юм. Ажиглагчид үүнийг Турктэй харилцаагаа муутгахыг хүсээгүйтэй холбон тайлбарладаг байв. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрс муудсан бөгөөд ХАМАС бүлэглэл дайрсны хариуд Газын зурваст явуулсан Израилын цэргийн ажиллагаа багагүй нөлөөлжээ.
Энэ дайны улмаас Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2023 онд Израилыг “геноцид” үйлдэж байна гэж буруутгасан. 2019 онд АНУ-ын Конгресс, үүнээс өмнө 2016 онд Германы Засгийн газар Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн нь тухайн үед Герман, Туркийн харилцааг ихээхэн хурцатгаж байв.
Израилын Засгийн газрын шийдвэрийг Туркийн Гадаад хэргийн яам эрс зэмлэн буруушааж, улс төрийн зорилготой, Газын зурвас дахь геноцидоо нуун дарагдуулах гэсэн үйлдэл гэж мэдэгджээ.



