Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Даян дэлхийн байгаль орчны сан”-гийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг албан ёсоор нээлээ.
Нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ дөрөвдүгээр сард төслийн баримт бичигт гарын үсэг зурсан бол өнөөдөр бэлтгэл үе шатнаас бодит хэрэгжилтийн үе рүү шилжиж байна. Төслийг хэрэгжүүлэхэд “Даян дэлхийн байгаль орчны сан”-гийн 7.26 сая ам.долларын буцалтгүй тусламж, Засгийн газар болон түнш байгууллагуудын 227.8 сая ам.долларын хамтын санхүүжилт карцуулна. Үр дүнд 11.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, 39 мянга гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 75 мянга гаруй иргэнд шууд үр өгөөжийг хүргэхээр зорьж байгаа” гэдгийг онцлов.
Энэхүү төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд хотжилт цаашид ч эрчимжих төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн агаар, орчны бохирдол, газрын доройтол, үерийн эрсдэл, хог хаягдал, ногоон байгууламжийн хомсдол зэрэг сорилт хотуудын өмнө тулгардаг. Эдгээр нь зөвхөн байгаль орчны бус, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, хотуудын өрсөлдөх чадварын асуудал юм. Тэгвэл эдгээр асуудлыг энэ төслийн хүрээнд шийдвэрлэнэ.





