“Google” компани “Chrome” хөтчөөр дамжуулан 4 Гигабайтын (ГБ) хэмжээтэй хиймэл оюуны загварыг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр суулгасан нь хувийн нууцлал болон байгаль орчны стандартыг зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжлэлд өртөөд байна.
“Chrome хэрэглэгчээс зөвшөөрөл авалгүйгээр төхөөрөмжид нь нэвтэрч, 4 ГБ хэмжээтэй хиймэл оюуны загварын файлыг зөвшөөрөлгүйгээр хуулж байна” гэж цахим тооцооллын салбарын судлаач, хуульч Александр Ханфф мэдэгджээ. “weights.bin” гэдэг нэртэй уг файл нь “Google”-ийн “Gemini Nano” хэмээх хиймэл оюуны том хэлний загвартай холбоотой болох нь тогтоогджээ. Энэхүү файл нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр хиймэл оюуны үйлдлүүдийг гүйцэтгэх зориулалттай аж.
“Chrome хэрэглэгчээс зөвшөөрөл аваагүй. Chrome уг файлыг ил гаргаж харуулдаггүй. Хэрэглэгч устгасан ч Chrome дахин татаж суулгадаг” хэмээн А.Ханфф блогтоо бичжээ.
Тэрбээр мөн энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. “Chrome” хөтчийг дэлхий даяар асар олон хүн ашигладаг тул уг файлыг бүх төхөөрөмжид татаж, түгээх нь 6000-60000 тонн хүртэлх нүүрстөрөгчийн давхар исэлтэй (CO2) тэнцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулахад хүргэж болзошгүй гэж тэрбээр тооцоолсон байна. Тиймээс “Google” компани хиймэл оюуны загварыг хэрэглэгчийн төхөөрөмжид суулгахаасаа өмнө заавал албан ёсны зөвшөөрөл авдаг системийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж А.Ханфф бичжээ.
Эх сурвалж: Kazinform



