x

СОЛИОРОЛ

Монголчууд эрт дээр үед дэлхийд хамгийн том эзэнт улс, хүчирхэг төрийг байгуулж,   эзэн хаад нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй ухаалаг хаад байв, ард түмэн нь эзэн хаан, монгол төрөө хүндэлдэг, энэрэнгүй сэтгэлтэй  ард түмэн байлаа. Монгол хүн бүр эцэг эхээ энэрч,хүн нь хүнээ хүндэлдэг, Бурханы шашин, монгол ёс заншлаа дээдэлдэг гэгээрсэн ард түмэн байлаа. Эрүүл биетэй, саруул ухаантай сайхан ард түмэн байлаа. Гэвч сүүлийн зуун жилд монголчууд нийгмээрээ солиоролд автсан эмгэнэлт явдал зөндөө гарсан. Хувь хүн солиорвол түүнийг тусгаарлаж сэтгэцийн эмчээр түүнийг эмчилж болдог. Харин нийгмээрээ солиорч түүнийг нь төр дэмжиж дэвэргээд байвал яах ч аргагүй том эмгэнэл болдог. Солиорол буюу шизофрени гэдэг нь “шизо – бутлах”, “френ - ухаан санаа” гэсэн утгатай грек үг юм. Ийм эмгэнэл Монголд тохиосон.   Үүнээс хэдхэнийг нь онцолж ярья.

Нэг. Хувьсгалын солиорол 

Монголчууд 250 жил монгол төргүй, эзэн хаангүй явж байснаа арайхийж 1911 онд туурга тусгаар улс болов. Гэвч монголчууд өөрсдөө Богд хаант монгол төрөө 1919 онд болон 1921 онд устгав. Ардын намын анхны долоон гишүүн анх 1920 оны наймдугаар сард улаан Орост гаминтай тэмцэх буу, сум гуйхаар Богд хааны тамгатай бичиг авч хууль бусаар нэвтрэн очиход  тэд нарыг анх Коминтерний алс дорнодын газрын Түвд монголын хэлтсийн нарийн бичгийн дарга буриад Элбэгдорж Ринчино угтан уулзаж Зөвлөлт Оросын Коминтерний алс дорнодын хэлтсийн дарга Борис Шумяцкийтай уулзуулж   энэ цагаас эхлээд ардын намынхан улаан Оросоос зөвхөн зэвсэг авах зорилгоо умартаж Монголд улаан орос цэргийг оруулж хятадын гамин цэргийг ялсан Цагаан гвардыг устгана, Богд хаант монгол төрийг устгана хэмээн солиорч буруу замаар будаа тээж эхэлжээ. 1921 оны 3-р сарын 1- ний өдөр Монгол Ардын нам Зөвлөлт Оросын Троицкосавск хотод байгуулагдан хуралдаж 17 хүн оролцож С.Данзанг Ардын намын даргаар сонгож, буриад Цэвээн Жамсраногийн боловсруулсан Ардын намын тунхагийг баталжээ.Энэ хуралд Коминтерний төлөөлөгчид оролцжээ.Зөвлөлт Орос улсаас 10 000 винтов буу, сумны хамт гуйхаар явсан ардын намынхан “Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр ийнхүү зэвсэг бус, олон арван мянган  улаан  орос цэрэг Монголд дуудан ирүүлж 1921 оны 7-р сарын 6 -ны өдөр Богд хаант монгол төрөө устгаж оронд нь харгис улаантны засаг тогтоов.

Удалгүй улс орондоо улаан хувьсгал хийж, хамаг сэхээтэн эрдэмтэй хүмүүс, лам хувраг, тайж язгууртануудаа бүгдийг нь хувьсгалын эсэргүү, хар шар феодал, японы тагнуул хэмээн гүтгэж буудан хөнөөв, Монголд байсан 1250 буддын сүм хийд үүний дотор 1 229 дацан, 2 887 хурлын дуган сүм зэрэг нийт  6000 түүхийн үнэт өв барилга байшинг устгав. Зөвхөн 1937 онд буюу ганц жилийн дотор сүм хийдийн 233 847 төгрөг, 5 916 килограмм алт, мөнгө эрдэнэс, 336 734 малыг хураан авчээ. Ихэнхи алт, мөнгөн бурхад, сүмийн үнэт эдлэлийг дээрэмдэн авч Зөвлөлт улс руу ачуулж зарим үнэт эдлэл одоо болтол оросын Санкт- Петрбургийн Эрмитажийн үзмэр болоод хадгалагдан үлджээ. Хувьсгалчид хувийн өмчийг устгав, шашин шүтэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх, дуртай газраа явах эрхийг нь устгав. Энэхүү хувьсгалын солиорол нь монголын эрэгтэй хүн амын 40.0 хувийг устгаж дуусгасан. Энэхүү хувьсгалын солиорол найман настай балчир хүүхдээс эхлээд наян настай буурлыг хүртэл хайр найргүй хөнөөсөн байдаг. Хөл хүнд жирэмсэн эмэгтэйгээс эхлээд жижигхэн хүүхдийг хүртэл буудан хөнөөж байлаа. Оросын улаан большевикуудын даалгавраар ардын намынхан 1922 онд Ерөнхий сайд Бодоо, Чагдаржав, Да лам Пунцагдоржийг цаазлан хөнөөв, 1924 онд МАХН-ын анхны дарга С.Данзан нарын удирдагчдыг хөнөөв, 1923 онд 30 настай Д.Сүхбаатар жанжин учир битүүлгээр нас барав, 1924 онд Богд хаан, Богд хатан нар учир битүүлгээр нас барав.

Адаг сүүлдээ ардын намын анхны долоогоос Чойбалсангаас бусад нь бүгд буудуулан амь насаа алдав. Монголд 1930-1932 онд ардын бослого гарч 6000 монгол хүнийг буудан хөнөөв. 1933 онд Лхүмбийн хэрэг гэгч, 1934 оноос хамба хутагтуудын хэрэг, 1937-1948 он хүртэл үргэлжилсэн хувьсгалын эсэргүү, Японы тагнуул, Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчээр олон мянган гэмгүй хүнийг цаазаар авав. КУТВ болоод НДС төгссөн боловсролтой цөөхөн бүсгүйчүүд болох МАХН-ын Төв хорооны гишүүн Д .Дунгаржидийг жирэмсэн байхад нь Лхүмбийн хэргээр 1933 онд буудан хөнөөв, Улсын Бага Хурлын гишүүн Ма Бэйсийн Дулмааг 1938 онд буудан хөнөөв, Дэмид жанжны эхнэр их эмч Навчааг жирэмсэн байхад нь 1937 онд нөхрийг нь буудан алсны дараа 2 хоноод түүнийг буудан хөнөөв, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч “орос” Долгорыг 1938 онд буудан хөнөөв, Богд Жавзундамбын хутагтын сүүлчийн хатан Гэнэпилийг жирэмсэн байхад нь 1938 онд буудан хөнөөв. 

Монгол тээхийн орлогч дарга Дуламжавыг орос эхнэр Валя, 2-4 насны гурван хүүхдийн хамт гэртэй нь шатаав, Ховд аймгийн Бардаам хэмээх казах эрийг эхнэр, дөрвөн хүүхдийнх нь хамт буудан хөнөөжээ. 1937 оны их баривчилгаанд цаазлагдсан Ерөнхий сайдын орлогч Ганчигийн Самбуу, Дэмид жанжны орлогч Лхамхүүгийн Дарьжав, Цэргийн яамны жанжин штабын дарга Жигдэнгийн Малж, Улсын ерөнхий прокурор, зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Цэндийн Баттөмөр, Засгийн газрын нарийн бичгийн дарга Чоймболын Өлзий-Очир, Хуягт бригадын дарга Даржаагийн Жамъянжав, бүх цэргийн эмнэлэгийн дарга Лувсандашийн Дэндэв, МАХН-ын тэргүүлэгч, Монгол Тээхийн дарга Дамдингийн Яндаг, Хоршоодын Төв Холбооны дарга Ёндонгийн Жигжид, Цэргийн гар үйлдвэрийн дарга Банзрагчийн Очирбат, Цэргийн яамны хэлтсийн дарга Цэрэнгийн Өлзий нарыг 1937 оны аравдугаар сарын 21-нд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэгч гэдэг зохиомол хэрэг тулгаж буудан хөнөөв.

Тэр үед 13 орчим насны морьтой бяцхан жаалмалдаа явж байгаад хүүхдийн сониуч зангаар давхиад очиход нь ДЯЯ-ны ерөнхий комендант “Маахуур” хочит Дамба гэгч “Амьд гэрч үлдээж болохгүй” хэмээн балчир хүүг барьж буудан хороожээ. Баруун дөрвөн аймагт гарсан ардын бослогын үеэр Дархи / Дарь эх / нэртэй бүх бүсгүйчүүдийг буудан хороов. Халх голын баатаруудыг хүртэл барьж буудан хороож байв. 1939 онд Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг Японы тагнуул, Японоос рациар байлдааны нисэх онгоцуудыг дуудан ирүүлж 90 монгол цэргийг бөмбөгдөн хөнөөсөн гэсэн орос цэргийн даргын гүтгэлгийг өлгөн авч түүнд хилс хэрэг тулгаж цаазаар авав. Үнэн хэрэгтээ Зөвлөлтийн нисгэгч нар зуу шахам монгол цэргүүдийг барга цэрэгтэй андуурч бөмбөгдөн хөнөөсөн хэрэг байсан юм билээ. 

Хувьсгалчид хувилгаан хүүхдүүдийг хайр найргүй буудан алж байв. 1925 онд Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр Сэлэнгээс тодорсон бяцхан хүүг эцэг, эхийнх нь хамт буудан хөнөөв,14 настай Очиржанцан хувилгаан хүүг 1932 онд буудан хөнөөв. 10 настай Хэнтийн мэргэн жаал Цэрэнпунцагийг эцэг Гомбо, эх Цэрэнлхамын хамт 1944 онд буудан хөнөөв, Өвөр Монголд тодорсон Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр 14 настай хүүхдийг Өвөр Монголыг чөлөөлсөн БНМАУ-ын улаан цэргүүд 1945 онд буудан хөнөөв. Ардын засгийн шийдвэрээр 1926 онд өрнөдийн Герман,Францад суралцахаар явуулсан 14-16 насны 43 хүүхдийг 1929 онд хөрөнгөтөн оронд цаашид сурч болохгүй гээд эгүүлэн татаж Ц.Баатарсэнгэ, Л.Гомбожав, Л.Намсрай нарын оюутныг германий тагнуул, хувьсгалын эсэргүү хэмээн хилс ял тулгаж буудан хөнөөжээ. Эдгээр хүүхдийг дагалдан явж Германд хүргэсэн багш Д.Буддарь, Б.Ишдорж нарыг мөн буудан хөнөөжээ. 

Улаантнууд нэг хүн дутлаа гээд малаа хариулж явсан малчин өвгөнийг баривчилж ачааны машины тэвшин дээр ачиж аваачаад буудан хөнөөж байв, Дорноговийн шоронд баривчилсан хүмүүс багтахаа байлаа, зай гаргая гээд шоронд хилс хэргээр баривчлагдсан ардуудыг буудан хөнөөж байв. Ямар ч мэдлэг боловсролгүй, гарал үүсэл нь мэдэгдэхгүй харц гаралтай харгис хүмүүс төрийн толгойд гарч улс орноо сүйтгэж цусан далайд живүүлж байлаа.Чойбалсангийн аллаганаас зугатааж 30 000 ар монгол хүн Өвөр Монгол руу хил даван дүрвэж байлаа. 

Зөвхөн 1937-1939 онд Улсын дээд шүүх, Онцгой бүрэн эрхт комисс, Цэргийн коллегийн комиссын шийдвэр тогтоолоор 28 185 хүнийг буудан хороосноос лам 17 612, албан хаагч 777, цэргийн дарга 412, цэрэг 305, буриад 2 966, хасаг 552 гээд үүн дотор 70-аас дээш насны ахмадууд 1 129 хүнийг буудан хөнөөжээ. 1939 оны эцсээр Чойбалсан баривчилсан хүний тоо болон өөрийн гарын үсэгтэйгээр хөнөөсөн хүний тооцоог гаргасан бөгөөд өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ: 1939 оны арван нэгдүгээр сарын эцэс болгож гаргасан бүх лам нарын тоо 20 356. Үүнд дээд лам 600, дунд лам 3 174, доод лам 13 120. Бүх хуучин байсан сүм хийд 797. 1937 оноос 1939 оны арван нэгдүгээр сар хүртэл бүх баривчлагдсан хүмүүс 56 938. Үүний дотроос бүх буудагдсан хүн 20 396. Жич: Эдгээр баривчлагсдын дотроос 17 335 нь лам нар болно” хэмээжээ.. Сэцэн хан аймгийн Санбээсийн хүрээнд лам байсан Чойбалсан / Дугар / ийнхүү Сталины түүнд өгсөн “Танай лам нар намын гишүүдийн чинь тооноос хэд дахин олон байна.Иймд лам нараа устга” гэсэн тушаалыг “сайн” биелүүлжээ.Чойбалсан  Монголд гардан  зохион байгуулсан аллагын үр дүнгээ Зөвлөлт Оросын НКВД -ын дарга Николай Ёжовт “Таны өгсөн даалгаврыг амжилттай биелүүллээ. Монголд лам хувраг, тайж нарыг толгой дараалан устгаж дуусгалаа. Таны зарц Чойбалсан” гэсэн цахилгаан утас Кремльд илгээж байв. Н.Ёжов бол зөвлөлтийн 681 000 хүнийг цаазалж хөнөөсөн зартай алуурчин байлаа.

Тэр үеийн сонин дээр “1937 оны аравдугаар сарын 22-26 нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны III Бүгд хурлын тогтоол гарч удаа дараагийн хувьсгалын эсэргүү байгууллагуудыг илрүүлэн “олж” чадсан ба мөн Гэндэн, Дэмид нарын эх орноосоо урвасан зандалчингуудыг илрүүлж олсон явдал бол гагцхүү Дотоод Явдлын Яам түүний шалгарсан манлай удирдагч маршал Х.Чойбалсангийн гавъяа мөн” хэмээн бичсэн байдаг. Тэр үед Монголд явуулсан аллагын ажлыг нь зөвлөлт засаг “өндрөөр” үнэлж, 1940 онд Чойбалсанг Лениний одонгоор шагнажээ. Зөвлөлт засаг өмнө нь Чойбалсанд монголын алтан ургийн тайж язгууртнууд болон лам хуврагуудыг устга хэмээн даалгавар өгч автомашин, үлэмж их буу, сумыг үнэгүй шуурхай олгож, 1932 оны хувьсгалын эсэргүүхөдөлгөөнийг дар хэмээн байлдааны нисэх онгоц, танк, хуягт машин үнэгүй шуурхай өгч байлаа. Чойбалсан ч үүнд ихэд талархаж монгол ах дүү нараа “хар, шар феодал”, “хувьсгалын эсэргүү”, “японы тагнуул” хэмээн гүтгэжолон арван мянгаар нь устгаж байлаа. Тэр үеийн 800  мянган хүн амтай монголын  58 000 гэм зэмгүй хүнийг Дотоод яамны бүртгэлийн хуурамч жагсаалтаар баривчилжээ. Тэр үед Монголд 50 000 матаасчин мэдээлэгч нар нууцаар ард түмнээ тагнаж, гэмгүй олон мянган монголчуудыг До яаманд худал гүтгэн мэдээлж баривчлуулдаг байв. Баривчлагдсан таван хүн тутмын гурвыг нь цаазлан хороожээ. Тэр үеийн Монголд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн таван хүн тутмын нэг нь цаазлагдсан ажээ. Монголд хэлмэгдсэн хүний тоо 150 000 хүрсэн гэсэн мэдээлэл ч байдаг. Тэр үед ямар ч гэм зэмгүй монголчуудыг гүтгэж  баривчлаад ямар ч өмгөөлөл, ямар ч нотлох баримтгүйгээр цаазлан хөнөөдөг байв.  Ийнхүү хүн алах хувьсгалчдын солиорол  1922 - 1952 он хүртэл буюу Чойбалсанг үхэх хүртэл бараг гучин жилийн турш үргэлжилжээ.  Монголд тохиосон энэхүү аллагын уршгаар цөөхөн хүн амтай Монгол улсын хүн ам эрс хорогдож өсөлт зогсож байв. 1940-1952 оны хүн амын тооллогын дүнг харахад бүтэн 12 жилд монголын хүн ам дөнгөж таван зуухан хүнээр нэмэгдэж байжээ. Юутай эмгэнэл. Дээр нь нэмээд Монголд  буриадууд болон өвөр монголчуудыг хэрхэн шоронд хорьж хэрхэн амь насыг нь хөнөөж байсныг ярих юм бол бүр урт түүх болно. Орос, Хятадад болсон хувьсгалд хэлмэгдэж алуулсан монгол туургатныг яривал бүр аймшигтай их тоо гарна. Эцэст нь дүгнэж хэлэхэд хувьсгалчид гэж хэн юм бэ?  Хувьсгалчид гэж Хүн алж, хүрээ талдаг хүмүүсийг хэлдэг юм, арван цагаан буяныг үгүйсгэж,  арван хар нүгэл үйлддэг хүмүүсийг хэлээд байгаа юм. 

Хоёр. Социализмын солиорол

Монголд социализм байгуулж байгаа нь энэ гээд ямар их солиорол болсныг бүгд мэднэ. Ганц, хоёр жишээ л ярья. Монголд хамтралжуулах, нэгдэлжүүлэх солиорол эхэлж ард түмний хамаг мал сүргийг хураан авч ард түмнээ гуйлгачин ядуус болгов. Хувийн малгүй болсон малчид нэгдлийн мал харж “ялтай мал”-ын боол болов. Нэгдэл баян, малчин ядуу болов. Хамаг малаа хойд хөршид гаргаж малчид хар цай ууж, мах магнаг болов. 

Сүү, цагаан идээ хөдөө нутагт олдохоо болив. Нэгдлийн малчид сүү, ноос ноолуур арьс ширний төлөвлөгөө биелүүлэх дааж давшгүй даалгавартай болов. Сүү, ноос, ноолуур, арьс ширээ улсад тушаана. Хувьдаа хумсын чинээ ноос ч авах эрх байхгүй. 

Сүү, цагаан идээ зооглодог ард түмэн талх, элсэн чихэр иддэг тарчигхан ард түмэн боллоо. Сүү олдохгүйгээс болж хүүхдүүдэд кальц дутагдаж намхан биетэй, өсөлт муутай шүд нь цоорсон хүүхдүүд болов. Тараг ууж ааруул өрөм иддэг иддэг хүүхдүүд талх иддэг хүүхдүүд болов. Монгол малын мах сүү хаашаа урсаад алга болж байсан юм бол? Хойшоо урсаад мах нь консерв болоод сүү нь цөцгий болоод орос цэргийн хоол хүнсэнд явдаг байжээ.

Монгол соёлоо устгаж оронд нь орос зөвлөлтийг дууриаж бүгд орос соёл, орос сургуультай болж бүгд орос хэлтэй болно хэмээн солиорсон. Наяад оны эхээр монголын төрийн албыг орос хэл дээр явуулна хэмээн солиорч байлаа.

Социализмын үед Монголд орос зөвлөлтийн баахан олон хувьсгалчид, жанжидын хөшөө босгосон.  Ленин, Сталин, Жуков, Щетинский, Шастины хөшөө гээд явж өгнө дөө.Одоо болтол нийслэл  хотод хуучин пионерийн ордоны өмнө Володя Ульяновын хөшөө сүндэрлэж байгааг юү гэхэв. Монголын  өнөөгийн хүүхдүүд энэ хөшөөг хараад Володя шиг хувьсгалч болно гэвэл яана аа. Хамгийн сүүлд зах зээлийн үед монголчууд тарваганы хөшөө босгосон. Учир нь тарвага зах зээлийн хүнд үед олон монголчуудын амь зуух хэрэгслэл болсон юм гэнэ лээ.

Монголчуудын том тэнэглэлийн нэг бол монголчуудыг хамгийн их хохироосон, хамгийн олон монголчуудыг хядаж хөнөөсөн  нүгэлт хүнд зориулж хөшөө босгож шүтсэн байдаг. 17 дугаар зуунд 20 000 халх цэргийг хөнөөсөн Галданд зориулж баруун аймагт Галдангийн хөшөө босгожээ. Хорьдугаар зуунд 20 000 монгол хүний амь насыг өөрийн гарын үсэг зурж цаазаар авч хөнөөсөн Чойбалсанг монголчууд олон арван жил тахин шүтэж, хөшөөг нь нийслэл хотын төвд Монгол Улсын Их Сургуулийн өмнө босгож одоо болтол шүтэж байдаг. Дорнод аймгийн төвийг одоо болтол Чойбалсан хот хэмээн алдаршуулсаар байна. Одоо болтол монголчууд энэ хоёр нүгэлт хүнийг шүтэж хөшөө нь Монголд сүндэрлэсээр байгааг эмгэнэл гэх уу, тэнэглэл гэх үү. 

Социализмын үеийн нам засгийн “кампанит”арга хэмжээ , ангийн тэмцэл, сэхээтний төөрөгдөл, хүмүүсийг шоронд хийж хөдөө цөлдөг, удам угсаагаар нь хэлмэгдүүлдэг, тайж язгууртан болон лам хувраг хүнийг үзэн яддаг, баян хүн болон капиталист орнуудыг үзэн ядаж, харц гаралтай ядуу хүнийг магтдагхүмүүжил, Эзэн Богд Чингис хаан, Энэрэнгүй Бурхан Буддагийн тухай ярихыг хориглодог, эхнэргүй, хүүхэдгүй хүнээс хүртэл татвар авдаг гэх мэтийн солиоролуудыг нь яривал бүр барагдахгүй.

Гурав. Шагналын солиорол 

Ард түмнээрээ архичин, тамхичин болсон монголчууд баярын бичиг хэмээх цаасанд, төрийн одон медаль хэмээх төмөр тэмдэгтнугасгүй дуртай ард түмэн болов. Нэгэн үе хүмүүсийг баахан улаан баярын бичиг хэмээх цаасаар шагнадаг байлаа. Зарим нь тэрхүү цаасыг надад өгсөнгүй хэмээн ихэд гоморхоно. Одоо болтол одон медалийн солиорол улам нэмэгдсээр байна. Эдүгээ сум, дүүрэг, хороод багийн Засаг дарга, ахмадын хорооны дарга нар их гомдолтой байдаг юм билээ. Тэд өндөр настан болон өөр олон хүнийг одон медальд тодорхойлоод дээд байгууллагад явуулдаг, дараа нь аймаг,нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилдаг ажээ.  Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнөөх олон мянган уламжилсан бичиг баримтууд нь очоод усанд хаясан чулуу шиг замхардаг ажээ. Зарим хүнжил бүр бичиг цаас бүрдүүлж 10 жил дараалан 10 удаа уламжилж,гавьяат цол, одон авлаа гэх аж. Ямар их хүнд суртал вэ, яасан их тэнэглэл вэ.

Зөвхөн Монгол улсын гавьяатад тодорхойлсон 10 000 хүний хүсэлт, баримт бичиг Ерөнхийлөггчийн Тамгын газарт дарагдаад байж байдаг гэсэн. Тэгээд хэдэн хүн гавьяат болж хэдэн хүн одон медальтай болохыг төрийн тэргүүн, тамгын дарга хоёр л мэддэг юм гэнэ лээ. Шагналын тасаг нь  олон хүний тодорхойлолт,  анкетад дарагдаад телефон утасаа ч авахаа байсан гэдэг. Зөвхөн танил талаараа, намаараа, мөнгө хөрөнгөөрөөгавьяат цол, баатар цолыг авдаг гэнэ гэсэн яриа иргэдийн дунд гараад удаж байна. Ялангуяа сонгууль дөхөөд ирэхлээр дарга нар болон улсын их хурлын гишүүд төрийн одон, медалийг шуудай шуудайгаар нь “өөрийн тал”-ын хүмүүст аваачиж тараадаг болсон ажээ.Өмнөх ерөнхийлөгчийн үед хөдөлмөрийн баатар цол болон гавьяат цолоор шагнуулсан хүмүүс гэмт хэрэг, авилгал, луйвар үйлдэж зарим нь гадаад улс руу оргон зайлжээ. Ийм хүмүүст арга хэмжээ авч цол, тэмдэгийг нь хураан авах хэрэгтэй л дээ. 

Төр энэхүү одон медалиа хамаг амьдралаа улсдаа зориулж зүтгэсэн ахмадууддаа адилхан бүгдэд нь ялгалгүй өгчих л дөө. Эсхүл энэхүү төмөр тэмдэг олгодогоо  бүрмөсөн зогсоож мөнгөн шагнал өгвөл ахмадуудад дэм болох нь дээр дээ. Хэт их одон медаль зүүсэн өндөр настай ахмадууд маань их л ядаргаатай зовлонтой харагдах юм. Зүүсэн олон төмөр одон медаль нь энгэр дүүрэн харжигналдаад  л хүнд гэж жигтэйхэн, арайхийж л дааж явж байх юм.

Төрийн шагнал сүүлдээ бүр утгаа алджээ. Дөнгөж хөдөлмөрийн гараагаа эхэлж байгаа хорь гучхан настай залуус “Алтан гадас” одон зүүчихсэн нэг ч одон аваагүй ахмадуудын дэргэд хээв нэг явж байх аж.  Төрийн тэргүүн сүүлдээ бүр хүн шагнах бүү хэл, төрийн бус байгууллагыг хүртэл улсын баатар цолоор шагнаж тэнэгтэх юм. Монголын Ардчилсан Холбоо хэмээх төрийн бус байгууллага улсын баатар цолоор шагнагджээ. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” улсын баатар цолоор шагнагджээ. 

Одоо бүр сүүлдээ монгол адуунд улсын баатар цол олгоё хэмээн солиорч эхэллээ. 1992 онд монголчууд  Ардын их хурлын чуулганаараа шинэ Үндсэн хууль батлах явцад Монгол улсын төрийн сүлд дотор бүр алтан соёмбо дотор заавал морь оруулна гээд модон морь оруулсан. Тэрхүү чуулган дээр монголын сүлд дотор хангарди шувуу оруулна, эсхүл морь оруулна гэж 430 депутат 14 хоног маргалдаад сүүлдээ морь оруулах болсон. Энэхүү тэнэглэл нь одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Монголын төр авбал зохих өчнөөн хүнд баатар, гавьяат цолоо өгдөггүй байж адуунд баатар цол өгөх болвол одоо яана аа.  Гавьяат, баатар цолыг гавьяа байгуулсан хүнд өгдөг биз дээ. Одоо тэгээд адуунд баатар цол өгөөд, дараа нь хонинд баатар цол олгох уу?. Тарваганд баатар цол олговол ямар вэ, нөхөд өө. Учир нь тарвага бол монголчуудад зах зээлийн хүнд үед их хэрэг болж олон монголчуудыг баян болгож гэдсийг нь цатгасан гэдэг.   Монголчуудын тэнэглэлд хязгаар алга. 

Өнөөдрийн монголчуудын улс төржилт,  хэрүүл нь солиорлын түвшинд хүрчээ. Солиорсон монголчуудыг юуны түрүүнд эрүүл ухаантай болгох хэрэгтэй байна. Эзэн Богд Чингис хааны “Гавьяатныг шагнамой. Гэмтэнийг гэсгээмой” гэсэнзарлигийг эдүгээ сэргээн хэрэгжүүлж,шударга ёсыг тогтоох юм сан.

                      Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
СОЛИОРОЛ 1 цаг 1 мин П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно 1 цаг 52 мин Өсвөр насныхны дунд хамрын гэмтэл авах тохиолдол нэмэгдэж байна 2 цаг 11 мин Албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан этгээдүүдэд ял оноов 2 цаг 12 мин Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргах нь эрс нэмэгджээ 2 цаг 12 мин Орон нутгийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ 2 цаг 13 мин ПСЖ баг Бавариаг хожиж, Аваргуудын лигийн финалд шалгарлаа 2 цаг 14 мин ОХУ гадаадын дипломат ажилтнуудыг Киевээс нүүлгэн шилжүүлэхийг уриалав 2 цаг 15 мин Дорноговь аймгийн эмнэлэгт гамма хадаасаар түгжих хагалгааг амжилттай нэвтрүүллээ 2 цаг 15 мин Байгалийн ургамал болон ховордсон амьтны тухай хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 17 мин Тажикистаны Ерөнхийлөгч ахмад дайчдад 50 мянган сомони олгоно 2 цаг 17 мин CNN сувгийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер 87 насандаа таалал төгслөө 2 цаг 18 мин “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян Сэлэнгэ аймагт эхэллээ 2 цаг 19 мин 17 настай хөвгүүдийн дунд хоол боловсруулах замын эмгэг, шүдний цоорол түгээмэл илэрчээ 2 цаг 20 мин Болгар улс “Жиро д’Итали-2026” дугуйн уралдааны гарааг зохион байгуулна 2 цаг 21 мин Дорнод аймаг шилдэг татвар төлөгч байгууллагуудаа тодрууллаа 2 цаг 22 мин Монгол Улсын ноолуур болон нүүрсний экспорт нэмэгджээ 2 цаг 24 мин БОУАӨЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно 4 цаг 40 мин Ихэнх нутгаар багавтар үүлтэй 4 цаг 41 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 42 мин
iИх уншсан
Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д...
Top