x

Б.Номинчимэд: Дэслэгч Лувсандорж цаазлагдах үедээ 30 хүрээгүй байсан

"Байтаг богдын нүргээн" номын зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд "Эх орны манаа" сонинд ярилцлага өгчээ. Энэ тухай өөрийн нүүр номд "Энэ жил Байтаг Богдын тулгаралтын болон Хилийн цэргийн хоёр ой давхцаж байгаа юм байна. Ойн босгон дээр "Байтаг богдын нүргээн" тууж маань хэвлэгджээ. Энэ нь ойг угтаж бодлогоор бичсэн юмгүй, хоёр ойн жил болж буйг сая л сонины сурвалжлагч ярихаар санав. Цагийн юм цагтаа гэдэг, цаг нь ирээд хэвлэгдсэн буй за гэж билгэшээв" хэмээн бичсэн байна.

-Энэ онд Баруун хилийн тулгаралт байлдааны 75 жилийн ой тохиож байна. “Байтаг богдын нүргээн” номд үнэхээр тийм юм болсон гэж үү гэж эргэлзмээр олон үйл явдал гардаг. Гэтэл баримтат тууж гэсэн байдаг. Туужид гарч буй үйл явдлууд үнэхээр болсон уу?

-Ер нь санаанаасаа зохиосон нь цөөн. 1940-өөд онд баруун хязгаарт болсон бодит үйл явдлыг л уран сайхнаар баяжуулж бичсэн.

-Тэгэхээр дэслэгч Лувсандоржийг өөрөөр нь булшных нь нүхийг ухуулж байгаад жагсаалын өмнө буудчихсан явдал үнэн байх нь ээ?

-Харамсалтай нь тийм юм билээ. Тэр жагсаал дунд аав маань зогсож байсан байдаг. Нэг өглөө түргэн жагсаалын бүрээ хангинаад л жагсаачихсан гэдэг. Тэгээд юу болсныг туужид тодорхой бичсэн. Аавын өмдний халаасанд байсан хайрцагтай тамхи дэп дэп гэж дуугараад хэцүү байсан гэдэг юм. Чичрээд тэр. Жагсаалын өмнүүр Лувсандорж дэслэгчийг хөл нүцгэн, цэрэг цагаантай нь туугаад өнгөрөхөд амь нь аль хэдийнэ гарчихсан юм шиг болчихсон байсан гэж ярьдаг байлаа. Тэр цаазын дараа цэргүүд "Ингэж өөрийнхөө суманд золбин нохой шиг алуулж байхаар, дайсантай шудралцаж яваад л учраа олоё" гэж ярилцсан гэдэг.

Дэслэгч тамхи ороох гэтэл гар нь салганаад чадаагүй, хүн ороож өгсөн, тэгээд тамхиа ч сайн татаж амжаагүй байх, хоёр гурав сорж амжсан болов уу, нэг цэнхэр утаа гараад, тэгээд л буудчихсан гэж ярьдаг. Яахав уран сайханжуулж буй тул жаахан дэлгэрүүлж бичсэн. Бусдаар бол нэмсэн юм байхгүй ээ.

.-Дэслэгч Лувсандорж цаазлуулах үедээ хэдэн настай, ямар хүн байсан бол?

-Зарим хүмүүсийн дурсамжинд, бас хилийн цэргийн судалгааны номонд Дорж, Лувсандорж гэж хоёр ч янзаар бичсэн байсан. Тэр үеийн бичиг хэрэг хөтлөлтийн л доголдол байх. Аав болохоор Лувсандорж л гэж хэлж байсан санагддаг. Өмнө нь Ховдын 5-р отрядын төв дээр нэг бус удаа зүсийг нь харж байсан, өндөр цагаан шаргал зүстэй, цэргийн сургууль шинэхэн төгсөөд ирсэн гялалзсан сайхан залуу байсан гэдэг. Насны хувьд хорин хэдтэй л байх. Лав л гуч хүрээгүй.

-Маш харамсалтай. Ингэхэд дэслэгчийг яагаад цаазалсан юм бол?

-Хужиртынх билүү дээ, Байтагийн арын нэг заставын даргаар шинээр томилогдож ирсэн юм билээ. Өмнө нь тулаанд орж байгаагүйгээс дайсан гэнэт дайрахад сандраад цэрэг цагаантайгаа, ганц гар буутайгаа зугтаачихаж. Хамгийн гол алдаа нь дохионы пуужин буудаад заставынхаа хойт толгой дээр байсан хөнгөн пулемёттой постоо татан буулгачихсан. Тэгээд хамгаалалт, удирдлагагүй болсон заставыг нь дайснууд эзлээд, шатаагаад хамаг агтыг нь туугаад явчихжээ. Бас зэвсэг хэрэгсэл, заставын даргын цүнх гээд юм аа ч алдсан. Хэдэн цэрэг ч алагдсан бололтой юм билээ.

-Энэ нь тэгээд цаазаар авах хэмжээний ноцтой шалтгаан мөн үү? Эх орноосоо урваагүй л байна шүү дээ.

-Тэр цаг үедээ бол яах аргагүй л тийм байсан юм байна гэж би ойлгосон. Цэргүүд оргож босгох, тушаал биелүүлэхгүй байх, дайсны бараанаар зэвсгээ хаяад зугтах зэрэг явдал бас нэг бус гардаг байжээ. Тэгэхээр чинь яаж хил хязгаараа хамгаалах билээ дээ. Тиймээс ч хатуу чанга байхаас аргагүй болсон байна. Буугаа дайсанд алдсаны төлөө л шоронд хийчихдэг байжээ. Зэр зэвсэг хомс, ер юм юм л хэцүү байсан цаг. Бас дайсанд бичиг баримтаа алдаж болохгүй. Учир нь хорлон сүйтгэгч ашиглаад орж ирээд ямар ч хор хохирол учруулж болдог байжээ. Зохиолд гарч буй алагдсан цэрэг Раашийн шинелийг хожим нэг хорлон сүйтгэгч өмсөж орж ирээд баригдсан байдаг. Тэр үеийн цэргүүд шинелийнхээ захад нэрээ оёдог байжээ.

-Ухраад, үндсэн хүчтэйгээ нийлээд эргэж байлдаж болохгүй байсан гэж үү? Өөрөөр хэлбэл байлдааны арга тактик хэрэглэх тухайд...

-Нэгдүгээрт тушаалгүйгээр ухрах тухай ойлголт огт байж болохгүй юм. Тэр чинь дайны цаг шүү дээ. Хоёрт, угаасаа ямар нэгэн тактик хэрэглээгүй, сандраад л ухарчихсан юм билээ. Хохирол нь их.

Ер дайны цагийн хууль гэж нэг юм байдаг. Ер нь цэргүүдээ зоригжуулахын тулд, зөвхөн урвагчдыг ч бус, айж няцсан цэргүүдийг хатуу чанга шийтгэдэг явдал үеийн үед л байсан. Эртний Грек ромд аравт, тавтаар нь жигдэлж байгаад цаазалдаг байсан түүх бий. Тэр нь ухарсан арми нэгтгэлийг жагсааж байгаад тоолуулаад, арав, эсвэл тавын тоо таарсан цэргийг нь хэн байхаас үл хамааран гаргаад цавччихдаг тийм шийтгэл юм. Тэр тоо таарсан цэрэг ухраагүй, бүр ганцаараа баатарлаг байлдсан байсан ч хамаагүй. Тэгэж байж л ухарч болохгүй юм гэдгийг маш сайн ойлгуулдаг байсан шиг байгаа юм. Энэ туршлагыг Дэлхийн 2-р дайнд оросууд бас ашигласан.

-Яагаад тэгэж их сандарсан юм бол? Дайснууд гэнэт маш их хүчээр дайрсан уу?

-Ер анх удаа тулаанд орж байхад сандардаггүй хүн ховор юм гэсэн. Эхний нэг хоёр тулаанд галзуурчихсан юм шиг ийш тийш үсчээд байжээ. Нэг цэрэг чихээ дарчихаад окопныхоо ёроолд өнхрөөд инээгээд бай, өөр нэг цэрэг босож гүйгээд буудуулчихаж. Гэх мэт. Тэгээд хэд хэдэн тулаанд орсны дараа бол хацрыг нь сум хайраад гарч байхад тамхилж л байдаг болчихдог гэдэг. Нэхийт баатар бол бүр сум асгарч байхад халзан толгойгоо гялалзуулчихсан ийш тийш хараад зогсож байдаг байсан гэж байгаа. Бүр онигоо шиг ч юм бий. Мань хүн хүндрээд сууж байтал гэнэт дайсан буудаад эхэлжээ. Цэргүүд нь "Ахмадаа, окопондоо" гээд хашгирхаар "За нэгэнт эхэлчихсэн юм, дуусгачихаад ороё" гээд тамхиа татаад суугаад байсан гэдэг юм. Лувсандорж дэслэгчийн хувьд бол ар талд жагсаалын дарга байгаад хилийн заставт ирээд анхных нь байлдаан юм гэсэн. Тэгэхээр аргагүй байх, хөөрхий.

-Нэхийт баатар тэргүүтэй тавуулаа бүслэгдээд амь гардаг бас бодит явдал уу?

-Тийм. Бүслэлтээсээ мэнд ирэхэд амь үрэгдсэн гэж үзээд, арагш нь мэдээлчихсэн байсан гэдэг.

-Дэслэгч Санжаа ахлаад бас тавуулаа дайсанд хөөгдөж, алуулах шахдаг. Тэр бас?

-Тийм, тэгэхэд цэрэг Наваан дайсанд амьдаараа баригдсан. Хурууных нь үе мөчөөр тасалж хаяад, цээжин дээр нь таван хошуу сийлээд их ч тамалж алсан байсан гэдэг. Хожим нөгөө талаас баригдсан нэг олзлогдогчийн мэдүүлэгт "Тэгэхэд баригдсан цэрэг маш баатарлаг байлдсан. Биднээс олон хүн алсан. Бид нар "Энэ жинхэнэ халхын баатар мөн байна" гээд цуснаас нь ууцгаасан" гэж мэдүүлэг өгсөн тухай ярьж байв. Үнэхээр л амь үрэгдсэн цэрэг Наваан бол баатар байж. Ер тэр цаг үед тэсэн тэмцэж явсан бүхэн л баатрууд байжээ.

-Нэр нь тодроогүй баатрууд байжээ...

-Тийм ээ, нэр нь тодроогүй баатрууд олон. Тухайлбал, энэ туужид дурдагдсан дэслэгч Санжаа бол яах аргагүй баатар юм билээ. Хожим Нэхийт баатар Санжаад "Санжаа минь, би чамаас түрүүлээд баатар авчихдаг юм байна" гэж хэлж байсан гэдэг. Энэ нь чи ч бас баатар шүү гэсэн үг. Дэслэгч Санжаа, дэслэгчээрээ л амьдралаа өнгөрүүлсэн. Бас нэр нь цухас гараад өнгөрсөн Гэрэлчулуун хурандаа, ахмад Чойжилжав зэрэг хүмүүс байна.

-Яагаад гавьяа шагналыг нь өгөөгүй юм бол?

-Их бага ямар нэгэн хэмжээгээр алдаа гаргасан гээд бүр шийтгэж байсан байдаг. Санжаа дэслэгч л гэхэд тавуул дайсанд хөөгдөхдөө нэгийгээ алуулж, бас нэгийгээ дайсанд олзлуулсан. Тэгээд буруутгагдаж байцаагдаж байжээ. Бас бус юмс байдаг. Гэрэлчулуун хурандаагийн хувьд ч ялгаагүй. Ахмад Чойжилжав нь Хужиртын голын байлдааныг ерөнхийлөн командалж байсан Шагдаржав генералийг буруу шийдвэр гаргаж, цэргүүдийг сумны өөдөөс явууллаа гээд алгадчихсан юм гэдэг. Гэх мэт юм юм л байсан бололтой.

-Дарга удирдлагуудын алдаа бас байжээ?.

-Дайн л юм хойно бүхнийг бүгдээрээ зөв хийнэ гэж байхгүй л дээ. Алдаа эндэл хаа сайгүй, дээр доргүй л байж. Гэхдээ л гол нь хил хязгаараа хамгаалан тэмцэлдэж чадсан нь чухал юм. Маш хүнд нөхцөлд шүү дээ.

-Та маш хүнд нөхцөлд гэдээ тодруулна уу?

-Байтаг богд уул бол ердийнхөөс маш хатуу хадтай уул юм гэнэ билээ. Геологичид үүнийг сайн мэднэ. Гэтэл цэргүүд хадыг ухаж окоп гаргадаг байж. Штабын дарга окоп ухаж буй цэргүүд дээр ирээд "Та нар яагаад алх, гадсаар ухаж байгаа юм бэ? Лоом, жоотуу тараасан, түүнийг яачихав?" гэж загнаж. Гэтэл хад нүдсээр байгаад алд лоом нь тохой гадас, тохой жоотуу нь төө хүрэхгүй алх болчихсон байжээ. Түүнийг мэдээд хурандаа "Хар төмөр хүртэл ингэж элэгдэж байхад миний муу хэдэн бор цэрэг яаж тэсэж байгаа юм бол?" гээд уйлж байсан гэдэг юм билээ. Эхний долоо хоног хад нүдэхэд цээжнээс нь цус амтагдаад, хоёр гар, цээж нь бадайраад, тархи нь дүнгэнэдэг. Тэгээд дараа нь өдөржин нүдсэн ч яадаг ч үгүй гэж болчихдог байгаа. Хоёр сар хад ухсан даа гэж аав ярьдаг юм.

Бас хувцас хунар муутай. Бүр таван сар гарчихаад байхад зуны хувцасны хангалт ирээгүйгээс өвлийн нэхий дээлтэй, эсгий гуталтай явж байжээ. Нэг жилийн хавар хоол хүнс тасраад өлсгөлөн, бөөс хоёроор цөөнгүй цэрэг үхсэн юм гэнэ билээ. Зуданд үхсэн хонины толгой чанаж өгөөд олон цэргийг тураалаас гаргасан гэдэг. Учир нь зуданд үхсэн малын мах идэхээр улам мууддаг, харин толгойн шим нь алга болдоггүй юм гэсэн.

Цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Гончигжав гуайн дурсамжинд "Тогооны модон халиваа чанаж, шөлийг нь ууж байлаа. Модон халивт тос, нитгэл шингэчихсэн байдаг, сайхан шөл гардаг" гэж дурссан байсан. Бас шархадсан цэргийг дөрвөн мөчөөс нь гадаслан тэлж, аманд нь мод зуулгаж байгаад шархыг нь ухаж, хөл гарыг нь тайрч байсан гэдэг юм билээ. Өвчин намдаагч байхгүй болохоор тэгдэг байжээ. Гэх мэтээр маш хүнд нөхцөлд манай ахмад үе хил хязгаараа хамгаалан тэмцэж чадсан юм шүү.

-Та нарийн судалжээ дээ, тэр цагийн үйл явдлыг...?

-Би мэргэжлийн судлаач биш л дээ. Гэхдээ хэр хэмжээндээ л судалсан. Хэдэн арван ахмад дайчдын дурсамж ухсан. Бас уулзаж ярилцсан. Мөн хил хязгаарын тухай янз бүрийн хориод ном үзсэн. Хамгийн гол хоёр сурвалж нь аав Баньдийн Баасангийн дурсамж яриа болон хилийн цэргийн түүх судлаач, орчуулагч, хилийн цэргийн ахмад зүтгэлтэн хурандаа Ч.Алтангэрэл гуайн судалгаанд үндэслэсэн. Алтангэрэл хурандаа энэ чиглэлээр их ч олон ном бичсэн төдийгүй бас түүх, уран зохиол, шашны гээд ян бүрийн сэдвийн 40 гаруй номыг орчуулсан, мөн олон арван эрэлхэг хилчний гавьяаг алдаршуулан тодруулсан, үнэхээрийн гавьяатай хүн юм билээ. Энэ хилийн цэргийн болон, Байтагийн тулгаралтын ойг тохиолдуулаад Алтангэрэл гуайн гавьяа зүтгэлийг зохих ёсоор үнэлж, алдаршуулаасай гэж хүсэж байгаагаа Танай сонины хуудсаар дамжуулан уламжильяа.

-Номын гол баатар Баньдийн Баасанжав таны аав уу?

-Тийм. Аав маань 1944-1948 онуудад Байтагаас урагшаа Үзүүр Мянган хүртэлх нутагт 4 жил алба хаасан. Ховд 5р отрядын тагнуул сумангийн тасгийн дарга ч байж. Улсын баатар Гиваан, Тэгшээ нарыг шинэ цэрэг ирэхэд нь тасгийнх нь дарга байж, сургаж явсан юм билээ. Генерал Б.Дорж, генерал Ж.Авхиа, Баатар Ж.Нэхийт нарын дурсамж болон хилийн цэргийн бусад мэдээ материалуудад нэг бус удаа нэр нь дурдагдсан, Цусан гавьяаны улаан тугийн одон, байлдааны медаль болон бусад одон медалиудтай. Цээж сайтай, болсон үйл явдлыг яг л кино үзэж буй мэт нэг бүрчлэн санаж ярьдаг хүн байлаа. Би аавынхаа ярианаас голлон сэдэвлэж "Цагаан Бороо" романыг бичсэн бол энэ "Байтаг Богдын нүргээн" туужийн гол дүр болгож бичсэн.

-Туужид бага дарга Баасанжавыг алдаа гаргасан гээд нүхэн шоронд хийчихдэг. Шоронгоос гарсны дараа штабын дарга Зонров "Нутагтаа очоод чимээгүй амьдраарай. Нэрээ ч сольсон болно. Муу хүмүүс хаа сайгүй учир хэзээ нэгэн цагт чамайг оролдоод байж магадгүй" гэж сануулдаг. Аав нь нэрээ солиулаагүй юм уу?

-Мань хүн алдаа гаргасан нь үнэн юм шиг билээ. Амьд хэл олзолсон ч нөгөөх нь замдаа үхчихээд ирсэн. Тэгээд буруудаж нүхэн гэрт суусан. Гэхдээ аав түүнийгээ зол завшаан байсан гэж ярьдаг. Хэрвээ нүхэн гэрт суугаагүй бол нөгөөх Тэгшээ, Гиваан, Даваадорж нартай хамт харуулд гарах байсан. Уг нь Хаянхярваа бол харуул ахлах хүн биш, Заставын орлогч байсан. Тасгийн дарга нар харуул ахалж 10 хоногоор явдаг. Ахлах хүнгүй болчихоод Заставын орлогч харуулд явсан. Хэрвээ би нүхэн гэрт ороогүй бол бараг л тэр гуравтай тэр орой дээр үхэх байсан байх. Амьдрал гэдэг сонин. Нүхэн гэрт орсны хүчинд л амьд үлдсэн гэж ярьж байсан. Ер долоон удаа үхлээс мултарсан, аав нь урт насална аа гэдэг байлаа. 80 гараад бурхан болсон. Аав ялангуяа Нэхийт баатрыг их дурсдаг байлаа. “Ёстой баатар хүн. Тийм хүнтэй хамт алба хаана гэдэг ээ дээ, хувь заяа шүү. Аминд минь мөн ч олон орсон доо” гэдэг байлаа. Тэр тухай туужид тодорхой бичсэн. Нэр солихын тухайд нэрийнхээ арын "Жав"-ыг л гээсэн.

-"Байтаг Богдын тулалдаан" гэхээр бид Фантастикийн "Маш нууц2" киногоор л төсөөлдөг. Би анх таны номыг үзээд тэр киноны зохиол юм болов уу гэж бодсон. Гэтэл огт өөр үйл явдал гарсан?

-Баруун хязгаарт нийт их бага 52 зэвсэгт тулгаралт тэр цаг үед болсон юм билээ. Кинонд дурдаж буй үйл явдал бол тэр 52 тулааны зөвхөн нэг нь л шүү дээ. Тэгэхээр ямар арвин үйл явдал болж, ямар том шалгуур, тэмцэл өрнөж байсныг гэрчилнэ. Тэр цаг үеэс нийт 15 улсын баатар төрсний 60 хувь буюу 9 нь Баруун хязгаараас төрсөн байдаг. Тэр бүгдийг багтаах боломжгүй учир би зөвхөн нэг баатраар гол болгосон. Их олон үйл явдал хаягдсан. Гэхдээ номдоо ер тэр цаг үед хил хязгаараа хамгаална гэдэг ямар хэцүү хүнд байсныг, хүнээс эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан, нэгнээ хайрлах, эх орноо хайрлах хайр гээд ямар их юм шаарддаг байсныг л харуулахыг зорьсон.

-Тийм байна билээ. Ялангуяа цэргүүд амьдаараа дайсанд баригдвал ёстой аймшигтай юм болдог байжээ гэдгийг таны ном уншаад ойлгосон...

-Тэгэлгүй яахав. Бадам баатрын цогцост хийсэн эмнэлзүйн дүгнэлтийг номынхоо хавсралтад тэр чигт нь оруулсан. Тэндээс л ямар аймшигтай яргалдаг байсныг мэдэж болно. Тиймээс цэргүүд баригдахгүйн тулд эцсийн мөчид өөртөө зориулах нэг сумыг тусгайлан бэлтгэдэг байж. Бас гар бөмбөгөө элгэндээ тэврээд тэсэлдэг байжээ.

-Та бас хилээр нэлээн явах шиг болсон, хаагуур аялсан бэ?

Түрүү жилийн намар Өргөстэйгээс эхлээд Яргайт хүртлэх Алтайн хязгаарын 6 заставаар орж, хилчидтэй уулзаж явсан. Уг аялалд тусалсан застав, отрядынхан, мөн Хилийн цэргийн удирдах газрынханд энэ ялдамд баярласнаа илэрхийлье. Аяллынхаа тайлан болгож нэг аян замын тэмдэглэл ч юм уу, нэг юм хийнэ.

-Тийн явахад танд юу бодогдож, юу анзаарагдав?

-Бидний ихэнх маань хилийн цэрэгт алба хаах нь хязгаарт нутагт гээгдэж хаягдсан, бараг цөлөгдсөн хэмжээнд ойлгодог. Тиймээс хилийн цэрэгт алба хаана гэдэг хайран нэг жилийг алдаж буй гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр огт өөр болохыг харсан даа. Фитнес өрөө, амралтын өрөө, сэтгэлзүйч, соёл, урлагийн танхим, номын сан гээд хүн өөрийгөө дайчлан санаачилгатай байж чадвал хөгжүүлэх бүрэн боломж хилийн заставууд дээр байгааг харсан. Төв суурингийн рестораных мэт хоол өгөхөөр нь бидэнд л зориулж ийм хоол хийгээд байна уу гэж асуутал угаасаа л цэргүүд тийм хоол иддэг юм билээ. Дээр нь сүү саалиа боловсруулаад, хичнээн сайхан идээ бэлтгэсэн байв аа.

-Та өнөөгийн энх цагт хил хамгаалах үйлсийн талаар юу гэж үзэж байна вэ?

-Хил хамгаална гэдэг шон хараад зогсож байгаа явдал төдий биш. Улс орны тусгаар тогтнол, бие даасан оршихуй, орон зайг хамгаалж байгаа. Өөр хаана ч байхгүй ховор ан амьтад хил даваад явчихдаг нь цөөнгүй байна. Байгалийн болон бусад баялгаа гаргахгүй, спирт хийгээд бусад ёс бусыг оруулахгүй байхаа мэддэг эзэд нь гааль төдийгүй бас хилчид. Эх орон гэдэг хүний зүрх сэтгэлд хамгийн үнэ цэнтэй. Яагаад гэвэл хүнд байдаг бүхий л үнэ цэнтэй, нарийн нандин зүйлс эх оронд багтаж байдаг. Эх орны хил хязгаарыг хамгаална гэдэг бид бүхний нарийн нандин зүйлсийг хамгаалж байна гэсэн үг.

-Танд баярлалаа.

С.Отгонцэцэг "Эх орны манаа" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Www333 (172.69.252.132)
    Ulsiin baatar Given turuuch tsoltoi tasgiin darga baisan. Tsagiin baidal khurtsadsan uchir akhlakh deslegch manaa akhlasan gedeg.
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    ЭНЭ НӨХРИЙН ЯДУУ ФАНТААЗ
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Ч.Батзориг: Заасан хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлбөл хөнгөлөлт авах бололцоо бүрдэнэ 20 мин "ОХУ-ын хориг арга хэмжээний нөлөөгөөр Монгол ганхаж байна" 27 мин Мисс Б.Гүнзаяа хоёр айлд өргөө цагаан гэр бэлэглэлээ 31 мин ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлалаа 35 мин 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг дөрөвдүгээр сард шийднэ 41 мин Казахстан улс руу зорчих иргэдийн АНХААРАЛД! 1 цаг 4 мин Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл ба толинд харагдах тусгал та биш 1 цаг 35 мин Монголын IHC Esports баг Оросын багийг ялж, түүхэн амжилт байгууллаа 2 цаг 0 мин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгөдгөө болиод сонгуулийн тогтолцоогоо ярья 2 цаг 12 мин Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэлэн байгаа МАН 2 цаг 36 мин С.Одонтуяа: Шийдэгдээгүй олон асуудал сонгуулийн тогтолцооноос болсон нь үнэн 3 цаг 10 мин Ираны эрх баригчид гудамжинд бүжиглэсэн залуусд арван жилийн хорих ял оноожээ 3 цаг 32 мин Шри Ланкчуудын амьдралын чанар буурч, тэр чинээндээ дасчээ 4 цаг 6 мин Эхийн алдрын тэтгэмж болон насны хишгийг энэ сарын 14-нд олгоно 4 цаг 41 мин ФОТО: Ойн туруутан амьтдад зориулж 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавьжээ 5 цаг 9 мин Д.Содном: Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол уг хуулийн 3.1 дэх заалт 5 цаг 30 мин УИХ: Газрын багц хуулийн төслөөр өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ 5 цаг 39 мин Зарим нутгаар бага зэргийн цас орно 6 цаг 5 мин Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдлээ 2023-02-03 О.Чинзориг: Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно 2023-02-03
iИх уншсан
АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна АН-ыг эмхлэх Лу.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр юу байв? Т.Батцогт: Хотын иргэдэд даргаа сонгох эрхийг нь өгөх цаг бо... Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь "халж өгөөч" гэдэг албан ... Цэвдэг охид, зэгсэн хөвгүүд Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгий... Бидний мэдэхгүй АМЕРИКИЙН АРДЧИЛАЛ Ерөнхийлөгчийн хориг парламентын чадамж шалдаа буусныг харуу... Сүх гэдэг хүүхэд байжээ сүүлдээ тэгээд... “Зээл гаргана”, “Шуурхай зээл” нэрийдлээр иргэдийн хувийн мэ... "Давост биеэ үнэлэгчдийн ажил өөрийн гэсэн онцлоготой" М.Баяраа: Золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг н... Лангуун дээрх үнэ касс дээр зөрвөл хариуцлага хүлээлгэнэ МАН-ын цагаан ордон уйлаан майлаан, уур бухимдлаар дүүрэн өн... Мисс Б.Гүнзаяа хоёр айлд өргөө цагаан гэр бэлэглэлээ Жингээ хасах хамгийн үр дүнтэй ДАСГАЛУУД ФОТО: Монгол бүсгүй дуучин Аделийн тоглолтын хувцасыг урлажэ... Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэ... Хүчирхийллийн хэрэгт холбогдсон "Squid Game"-ийн жүжигчин О ... Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгөдгөө болиод сонгуулий...
Top