x

Д.Энхзул: Иргэдийн зөрчигдөж байгаа эрх ашгийг хуульчид өөрсдөө нийгэмд гаргаж тавих ёстой

МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн төгсөгч, одоо ХБНГУ-ын Байройтын их сургуульд докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, Хууль зүйн үйлчилгээний төв (Legal Service Center), Легал академи (Legal Academy)-ийн үүсгэн байгуулагч, хуульч, өмгөөлөгч Д.Энхзултай ярилцлаа.

-Таны үүсгэн байгуулсан Хууль зүйн үйлчилгээний төв нээлтээ хийгээд чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ төвийг үүсгэн байгуулах болсон ямар шалтгаан байв?

-Хуульч, өмгөөлөгч нарыг илүү мэргэшүүлэх, энэ тал дээр дэмжлэг үзүүлэх зорилготой гэхүү дээ. Ерөнхийдөө манай хуульч, өмгөөлөгч нарын олонхи нь “эрүүгээ ч мэднэ, иргэн, захиргаагаар ч өмгөөлөл хийнэ. Бүгдийг нь мэднэ” гэдэг хандлагаар ажиллаад байна гэж харагддаг. Үүнээс  болоод үйлчлүүлэгч хохирдог тал бий. Энэ тухай нэлээд хугацаанд бодож, ажигласны хувьд мэргэжлийн үйлчилгээг мэргэшүүлэх зорилгоор шавь нараа Хууль зүйн үйлчилгээний төвд нэгтгэн ажиллаж байна. Бөөр нь өвдсөн хүн элэгний эмч дээр очдоггүй биз дээ. Элэг, ходоод, дотоод шүүрэл гээд тус тусдаа эмчлэх эрхээ авдаг. Харин манай өмгөөлөгч нар бол “Өө, би чадна чадна” гээд огт мэргэшээгүй асуудлаараа үйлчилгээ үзүүлж байгаатай л адилхан байхгүй юу. 

Тийм болохоор эрүү, захиргаа, иргэний хэргээрээ цаашилбал иргэн дотроо дахиад хөдөлмөрийн эрх зүй, даатгал, оюуны өмч гээд өөрсдийн мэдлэг, туршлага сонирхлынхоо дагуу төрөлжиж мэргэшээд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, түүн дээр нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Хууль зүйн үйлчилгээний төвийг нээсэн. Тэгээд ирвэл манайд зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээний чанар сайжирна. Иргэдийн зөрчигдөж буй эрх ашгийг хамгаалах ажил илүү үр дүнтэй болно. 

Уг нь бол хуульчид урьд нь УДШ-д, одоо бол МӨХ, МХХ-д өмгөөлөх эрхээ бүртгүүлдэг. Ингэхдээ мэргэшсэн байдлаа үнэн зөв мэдүүлээд тэр чиглэлээрээ л өмгөөлөл хийх ёстой. Гэтэл ихэнхдээ эрүү, иргэн, захиргааны аль аль чиглэлээр нь мэргэшсэн гэж бүртгүүлээд үйлчилгээ үзүүлэх нь нийтлэг байдаг. Энэ нь эрхээ хамгаалуулахаар үйлчилгээ авч байгаа иргэнд хохиролтой тусаад байдаг л даа. Хүн бүх чиглэлээр мэргэших боломжгүй, хуульчийн ажил бол их туршлага, судалгаа шинжилгээ шаардсан, үйлчлүүлэгчийн амин чухал асуудалд шийдвэр гаргахад тусалдаг нарийн мэргэжил юм.

-Та бол манай урдаа барьдаг мэргэшсэн хуульчдын нэг. Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж байсан, томилогдоогүй л болохоос биш. Харин өмгөөллөөр хэр олон жил ажиллаж байгаа билээ?

-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд 24 дэх жилдээ ажиллаж байна. Харин сургуульдаа багшлаад яг 20 жил болж байна. Өмгөөллийн ажлыг сүүлийн 17-18 жил хийж байна. Энэ хугацаанд нэг ч удаа эрүүгийн болон захиргааны хэрэг дээр ажиллаж үзээгүй. Мэргэшээгүй чиглэлээр хувь хүн, бизнесийн байгууллага хүсэлт тавиад ирвэл өөр хуулийн фирм, өмгөөлөгчийг санал болгоод явуулдаг. Угаасаа хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээ хөгжлийн дараагийн шатанд гарах нь нийгмийн шаардлага болчихоод байна шүү дээ. Түүнд хуульчдаа бэлтгэе, ёс зүйтэй, мэргэшсэн залуучуудыг гаргая гээд ажиллаж байна. Шавь нараасаа ажиллах хүмүүсээ сонгоод тэдэнтэйгээ зорилгодоо хүрэхээр хамтран шамдаж байна даа.

Жишээлбэл өнгөрсөн хавар бид шинэ Хөдөлмөрийн хуулийн асуудлаар сар гаруй хугацаанд дотооддоо судалгаа, сургалт хийж хөдөлмөрийн эрх зүйг сонирхон, сонгоод ажиллах хуульчид маань илүү мэргэших тал руугаа анхааран ажиллаа. Яг үүний нэгэн адил  одоо татварын эрх зүйн асуудлаар манай дотоод болон гаднаас авдаг сургалтууд үргэлжлээд явж байна.

Өмнө нь  хамтарч ажиллаж байгаагаагүй гэж хэлж болохоор хууль, өмгөөлөгч залуус маань богино хугацаанд хамт олон болж бие биеэсээ харилцан суралцаж, хамтран ажиллаж байгааг харахад их сайхан санагдаж байна. Удаан хугацаанд хамтран ажиллах хүмүүс учраас эхний ээлжинд дандаа шавь нартаа санал тавьсан. Гэхдээ манай төвийн үүд хаалга хуульч, өмгөөлөгч залууст маань үргэлж нээлттэй байх болно.

-Өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийсэн. Тэгэхээр гадагшаа үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн гэсэн үг үү?

-Тийм. Энэ хугацаанд хэд хэдэн байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байна. Өмгөөллийн ажлын тухайд манай залуус хэдийн олон жилийн ажлын туршлагатай учраас үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлээд явж байна. Хамтарч баг болж ажиллана гэдэг бол бас гоё соёл л доо. Салбар эрх зүйгээ мянга сайн мэддэг байлаа ч зарим зүйл дээр хүнд “Энэ ч арай л миний хэрээс хэтэрсэн хэрэг байна даа. Үүн дээр нь би алдчихвий” гэдэг айдас болгоомжлол байдаг шүү дээ. Багаараа ажиллаад эхлэхээр, туршлагатай хуульч, өмгөөлөгч хажууд нь байхаар хүн илүү урам зоригтой, үр дүнтэй ажилладаг гэж хэлж болох юм. Тийм ч учраас маш гоё хамт олон бүрдсэн. 

-Эрүү, захиргааны хэрэг авдаг уу? Зөвхөн иргэний хэргээр өмгөөлөл явуулж байна уу?

-Эрүү, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид манай төвд ажиллаж  байгаа. Гэхдээ эрүү, захиргаа, иргэн чинь өөрөө мэргэшсэн салбар биш байхгүй юу. Эрүү дотроо жишээ нь манайд зөвхөн тээврийн хэргээр явдаг өмгөөлөгч байна, зарим нь аж ахуйн эсрэг гэмт хэргүүд дээр ажиллаж байна. Иргэн дотроо оюуны өмчөөр, гэр бүлээр, захиргаа гэхэд татвараар гэх мэт чиглэл чиглэлээрээ мэргэших ёстой. Хууль, өмгөөлөгчид бид эхлээд ажлын хөлсний тухай бодож болохгүй л дээ. Нэн тэргүүнд ажлаа сайн мэддэг, хийдэг мэргэшсэн хуульч, өмгөөлөлгч болчих хэрэгтэй.

-Манай хуулийн салбарт өмнө нь та нарын энэ хийгээд байгаа “брэндинг” гэдэг зүйл байсан уу?

-Legal service center анх удаа брэндинг хийх гэж оролдож байна. Хууль зүйн үйлчилгээг сурталчлах, таниулах, ач холбогдлыг ойлгуулах тал дээр манай хуульчид сул магадгүй их даруу байдаг. Мөн нөгөө талаар энэхүү салбарт ялгарал үүсгэх, үйлчилгээний онцлогоо таниулах, тухайн асуудлаар мэргэшсэн туршлагатай өмгөөлөгч сонгоход шаардлагатай хөндлөнгийн мэдээлэл авах, үйлчлүүлэгчид зөв сонголт хийхэд чиглэсэн брендинг, чанар, ёс зүйн шаардлага байгаа.

-Хуулийн зөвлөх үйлчилгээний салбарт тулгамдсан ямар асуудал байна вэ?

Манай иргэдийн хувьд эрх зүйн ухамсараасаа хамаараад хуулийн үйлчилгээг урьдчилж авдаг соёл хараахан тогтоогүй байна, маш ховор. Бизнесийн байгууллагуудын хувьд мэдээж өөрийн гэсэн хуульчтай, байнгын хамтарч ажилладаг хуулийн компанитай. Тэндээсээ  зөвлөх үйлчилгээ аваад явдаг. Харин иргэд маань амьжиргааны түвшин, эрх зүйн ухамсраасаа хамаараад тийм соёл суугаагүй байна. Гэрээг хийсэн хойноо харамсдаг, насаараа хуримтуулсан хөрөнгөө алдчихлаа гээд ирдэг. Нөгөө талаас төлбөрийг нь төлөөд үйлчилгээ авдаг соёлыг бас бий болгох хэрэгтэй  байна л даа. Хүүхэд өвдөхөд хувийн эмнэлэг дээр очоод мөнгийг нь төлөөд үйлчилгээ авдаг шүү дээ. Гэтэл хуульч дээр ирэхээрээ тэрийг мартчихдаг, зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг бүрэн ойлгодоггүй. Нийтлэг тохиолдолд танил хуульч дээрээ очоод л “ийм гэрээ хийвэл яах вэ” гээд асуугаад зөвлөгөө авчихад л хангалттай гэж ойлгодог. Урьдчилан зөвлөгөө авснаар цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлоос сэргийлэх, багасгах боломжтой байтал үл чухалдчилдаг.

-Танайх жишээ нь хуулийн зөвлөх үйлчилгээгээ яаж үнэлж байгаа вэ?

-Нэг цагийн нэг зуун мянган төгрөгөөр зөвлөгөө авахаар тогтоосон байгаа. Олон жил өөртөө хөрөнгө оруулалт хийсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн маань хувьд хямд ажлын хөлс ч бид үйлчилгээ авах соёлыг иргэд, баизнесийн байгууллагат тогтоох үүднээс ингэж шийдсэн.

-Үйлчилгээ авах соёлыг тогтоох чиглэлээр өөр ямар ажлууд хийж байна?

-Олон нийтэд хэрэгтэй сэдвээр жижиг видео контентууд бэлтгэж байна. МҮХАТ болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна.  Саяхан оюутан, сурагчдад зориулсан “Боловсролын томьёо” арга хэмжээнд оролцож хүүхэд, залуучуудад зөвлөгөө өгч, уг арга хэмжээг дэмжин ажиллалаа. Мөн манай нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй бизнесийн байгууллагын удирдлага, менежерүүд оролцсон ба  тэдэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан. Хуульчдын өдрөөр манай төвийн хуульчид талбай дээр хамгийн олон зөвлөгөө өгч хүрч ажилласан байсан. Хуулийн сургалтын бүтээгдэхүүнүүд бэлтгэн эрх зүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох чиглэлд ажиллаж байна. Ийм байдлаар иргэдийн ухамсарт нөлөөлөл үзүүлэхийг зорьж ажиллаж байна. 

Иргэд маань ч бас утсаар ярьж, холбогдож байна. Сая ковидоос болоод маш олон барилгын компаниуд өмнө гэрээгээр тохиролцсон үнээ нэмж үүнийг зөвшөөрөхгүй бол захиалгын гэрээгээ цуцлах асуудал гарч ирлээ л дээ. Тэр асуудлаар манай нэг хуульч видео контент бэлтгэж цацсан нь олон хүнд хүрч энэ асуудлаар маш их зөвлөгөө авч байна. Сүүлийн үед банкны зээлийн шимтгэлийн асуудлаар бас хандаж байна. Үүнээс үзэхэд хувь хүн, бизнесийн байгууллагын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тулгамдсан ямар асуудал байна түүнийг хуульчид бид өөрсдөө нийгэмд гаргаж тавих ёстой.

-Зээлийн шимтгэлийн асуудал шүүх дээр яваа билүү?

-Миний хувьд банкны зээлийн шимтгэлийн асуудлыг анх 5-6 жилийн өмнө судалж гаргаж тавьж байсан сэдэв л дээ. Шүүхийн практикт эхнээсээ зээлийн шимтгэл хууль бус болохыг тогтоосон шийдвэрүүд гарч эхэлж байна. Би хувьдаа үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа. (Арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагууд зээлдэгчээс  зээлийн шимтгэл авах эрхтэй юу нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү)

-Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэвэл ямар үр дагавар гарах вэ?

Банк, бусад зээл олгогч байгууллагууд үндэслэлгүй шимтгэл авсан болох тул зээлдэгчдэд буцаан төлөх ёстой болно. Гадны улс орнуудад зээлийн шимтгэл гэж байдаг. Гэхдээ нилээн олон улсуудад зээлийн шимтгэлээс татгалзаад удаж байна. Герман, Солонгос улсыг тухайлан судалж байсан л даа.

-Та өөрөө удахгүй Германд доктор хамгаалахаар явж байгаа гэсэн. Сэдэв тань юу билээ?

-Иргэний эрх зүйд “иргэн”, “хуулийн этгээд” гэж ойлголт байдгийг бид сайн мэднэ. Үүн дээр нэмэгдээд 2002 оны Иргэний хуулиар “хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” гэдэг харилцаанд оролцогч нэг субъект шинээр нэмэгдсэн. Манайд сайн судлагдаагүй сэдэв буюу энэ байгууллагын эрх зүйн байдал нь тодорхойгүй байгаа гэж хэлж болно. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэгдэж байгаа хуулийн этгээдийн эрхгүй нэгдлийг хэлж байгаа юм л даа. Энэхүү хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын эрх зүйн байдал нь ямар байх, гуравдагч этгээдийн өмнө яаж хариуцлага хүлээх, хэрвээ хариуцлага алдвал ямар хөрөнгөөр хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хуулийн этгээд бол тодорхой шүү дээ, хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө рүү ордоггүй, зөвхөн байгууллага хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хувьд тэгвэл ямар байх вэ? гэдэг нь миний судалж байгаа сэдэв. Одоо тэр сэдвээрээ ХБНГУ-ын Байротын их сургуульд доктор хамгаалахаар удирдагчтайгаа тохироод явж байгаа. Германд энэ асуудал шүүхийн практикт суурилан сүүлийн жилүүдэд тогтоод байгаа асуудал л даа. Энэ асуудлаар харьцуулсан судалгаа хийж байна.  

-Хууль зүйн үйлчилгээний төвийн хувьд "онилсон" гэдэг юмуу үйлчлүүлэгч, хэрэглэгч, зах зээл бий юу?

-Эхний ээлжинд бид үйлчилгээ авч хэвшээгүй байгаа жижиг, дунд аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэж ажиллах зорилготой байна. Манай иргэдийн хувьд насаараа хуримтлуулсан мөнгөөрөө байр авах гэж яваад луйвардуулах, барьцаанд байсан байрыг мэдэхгүй авчих бол наад захын асуудал байдаг. Тэр тал дээр урьдчилаад зөвлөгөө авах хэрэгтэй гэдэг ухамсрыг л иргэддээ суулгах, ийм үйлчилгээгээр туслах хэрэгтэй л дээ. Гэтэл хуулийн компаниуд энэ чиглэлээр нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажил явуулах нь ховор байгаад байна л даа. Тиймээс бид үүн дээр нээлттэй ажиллаж, үйлчилгээ авах соёлыг тогтоох гэж хичээж байна. Гэхдээ үйлчилгээ нь хэт өндөр үнэтэй биш, иргэдийн амьжиргаа, төлбөрийн чадварт  тохирсон байх нь чухал асуудал. За тэгээд хуульч, өмгөөлөгчид нь  мэргэшсэн байж чадвал болчих гээд байна даа. Герман, Америк, Япон гээд хаана ч очсон хуульчид нь “Би гэр бүлийн хуульч”, “Татварын хуульч”  “Үл хөдлөх хөрөнгө дагнасан хуульч” гэж өөрсдийгөө танилцуулдаг ш дээ. Тийм хэмжээнд л бид очих хэрэгтэй байна.

-Өмгөөлөгч нар маань ингээд мэргэшээд, төрөлжөөд явж байгаа нь гоё л доо. Гэхдээ манай шүүх маань тэгж хөгжөөгүй шүү дээ. Бусад орнуудад жишээ нь Худалдааны шүүх, гэр бүлийн шүүх гээд дагнасан шүүхүүд байдаг. Манайд байдаггүй. Тийм байхад өмгөөлөгч мэргэшлээ гээд дэвшил гарах уу?

-Өмгөөлөгч өөрөө мэргэшсэн мэргэжилтэн байна гэдэг том ахиц. Одоо бол бид эрүү, иргэн, захиргааны шүүхтэй байна. Яваандаа манай эдийн засгийн нөхцөл байдал сайжраад, шүүхийн төсөв нэмэгдээд ирвэл татварын, худалдааны шүүхтэй, гэр бүлийн шүүхтэй ч болж болно. Яг л бусад орнуудын хөгжүүлсэн тэр замаар явна. Явуулах гэж үзсэн шүү дээ. Гэхдээ цаг нь жаахан болоогүй байсан байх. Ирээдүйд бол явах нь тодорхой. 

-Таны санаачлан үүсгэн байгуулсан Легал академийн талаар сонирхож болох уу

-Ковидын үеэр их сургуулийн багш нарт гэрээсээ цахимаар хичээл орох даалгавар өгсөн. Манай Хууль зүйн сургууль ч ялгаагүй. Энэ талаар туршлага байхгүй хүний хувьд гадны сайн туршлагыг судалж явж байгаад хуулийн ангид сурч байгаа, улсын шалгалтанд орж байгаа хүмүүст зориулсан германын нэг цахим платформыг сонирхож судалсан. Ингээд багш нартайгаа ярилцаж эрх зүйч, хуульдад зориулсан сургалтын цахим платформын хамтран хөгжүүлж эхэлсэн дээ.

“Легал академи” маань хууль зүйн боловсролын салбарт чанартай, хүртээмжтэй сургалтыг зохион байгуулах асуудлаар олон байгууллага, багш нартай хамтарч ажиллаж байгаагаас хамгийн чухал хамтрагч маань Монголын Хуульчдын Холбоо юм. Хуульчийн шалгалт өгч лиценз авсан хүмүүс жил бүр заавал 4 кредитийн сургалтанд хамрагдаж мэдлэгээ ахиулж байхыг шаарддаг. Тэр хүрээнд бид хамтын ажиллагаа хөгжүүлж хуульчид маань “Легал академи”-ийн цахим сургалтанд хамрагдах боломжтой болсон. Цахим байна гэдэг нь богино хугацаанд маш олон хүнийг хамруулах боломжтой учраас тэр хэмжээндээ хуульчдынхаа мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулаад явж байгаа гэж бодож байна. Легал академийн хувьд хуульчдад зориулсан сургалтаас гадна саяхан төрийн албаны шалгалтанд зориулсан сургалтыг анх удаа зарлаад байна.

-Легал академи зөвхөн эрх зүйч, хуульчдад зориулж сургалт явуулдаг уу?

-Эхэндээ бол тийм байсан. Удахгүй манай Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульчид маань хувь хүн, бизнесийн эрхлэгч нарт зориулсан цахим сургалтууд санал болгох болно. Мөн бид иргэд, аж ахуй эрхлэгч нарт зориулсан тэдний эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх олон контентууд бэлтгэхээр ажиллаж байна.

-Германд доктор хамгаалахаар явахаар энд эхлүүлсэн ажлуудаа яах вэ? Их сургуульдаа бас хичээл орно биз дээ?

-Их сургуулийн багшийн ажлын хувьд одоогоор цөөн тооны лекцээ цахимаар уншихаар төлөвлөсөн байна. Хууль зүйн үйлчилгээний төв болон Легал академийн ажлын тухайд онлайнаар амжуулаад явна даа. Шаардлагатай тохиолдолд өмгөөллийн ажлаа ч гэсэн цахимаар л хийж таарах нь.  Ажиллаж байгаа хэргүүдээ дуусгаж таарна л даа. Ковидын бидэнд олгосон ганц давуу тал нь ямар ч ажлыг цахим орчинд гүйцэтгэх боломжтой болгосон.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

-Танд ч бас амжилт хүсье.

Үргэлжлэлийг дараачийн дугаарт...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хан-Уулын АН-ын супер клип 1 цаг 10 мин OpenAi 6.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсанаар дэлхийн хамгийн үнэтэй стартапын топ 3-т орж ирлээ. 1 цаг 45 мин Mark Zuckerberg Улам баяжиж, тэрбумтнуудын жагсаалтын хоёрт бичигдлээ. 1 цаг 47 мин Герман зэвсгийн экспортын салбарын дээд амжилт руу 1 цаг 49 мин Хөгжөөн дэмжигчдийн календарь 1 цаг 52 мин Ардчилсан нам боловсрол, нийгмийн дэд бүтцийг шийдэхэд онцгой анхаарна 2 цаг 33 мин Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар У.Эрдэнэбаатарыг томиллоо 3 цаг 9 мин Чингис хот-Норовлин чиглэлийн замын эхний ээлжийг ашиглалтад орууллаа 3 цаг 17 мин Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй 3 цаг 31 мин Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзсэнгүй 3 цаг 33 мин Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 41 мин Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангаж байна 3 цаг 50 мин Кирил монгол бичгийн давуу ба дутагдалтай тал 3 цаг 57 мин Сталин Мао Зэдунг үл тоосон нь 5 цаг 30 мин Цахим толь бичгээс хэвлэмэл толь бичгийг хэрэглэх нь илүү үр дүнтэй 20 цаг 48 мин Илон Маск Бразил улсад төлөх $5.2 саяын торгуулиа буруу дансанд шилжүүлжээ 21 цаг 56 мин Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгууллаа 22 цаг 8 мин Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ 22 цаг 20 мин Хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад эрчим хүчний хомсдол бий болжээ 22 цаг 55 мин Багануурын 50 Мвт-ын батерей хуримтлуурын станц өвлийн оргил ачааллын өмнө ажиглалтад орно 23 цаг 2 мин
iИх уншсан
Мунхагийн хана Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Хүйтэн дайн дахин эхлэх үү? "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Морь унасан "толгойгүй" сайд нар Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам... Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзс... COMEDY WILDLIFE PHOTOGRAHY AWARDS 2024: Амьтны хамгийн инээд...
Top