x

Овчарка

Шөнө дунд өнгөрчээ. Хотын төвийн дулаан байруудад хүүхэд багачууд хучлагаа зад тийрээд тарайн нойрсож буй цагаар ганц бие Ишжамцын зузаан ноолууран хөнжилд тулмайдсан хөл бүлээцэхгүй хоёр шилбэ чөмөгнөөсөө тас хөрсөөр буй нь өвгөнд мөхлийн дохио өгч сэрхийлгэнэ. Бас бүх бие шархирна. Хөгшрөлт барьцаа лавшруулсаар. Бүхнийг санаснаараа дийлж амьдарсан өвгөнд үхлийн өмнө ямар ч арчаагүй нь гачлантай. Хэнд уурлаж, хэнд хонзгонох билээ? Хаана ховлож, хэнээс аврал гуйх билээ? Үхлийн өмнө дотоод яамны нууц генерал ч бусадтай яг адил хүчин мөхөс болдог хорвоо ажээ. 

Хөл хөдөлгөөн аль хэдийнэ нам гүм болоод шөнийн эзгүй гудамжаар хурдлах машины доргионд цонхны шил таржигнан чичрэхэд өвгөн “Энэ жил цонхоо замаасагдаж чадсангүй, өвөл даарах хэрэг гарах нь дээ. Өдөр гудамжны шуугиан ихсэхээр цонхны шил ингэж чичигнэх чимээ сонсогддоггүй байх нь” гэж бодож хэвтлээ. Нойр хүрэхгүйд аньсан нүдээ дэмий л нээвэл хөшигний завсраар сарны ёозгүй цагаан гэгээ өвгөний нүүрэн дээр тусчээ. Эвгүй оргиход босож хөшгөө янзлах юм билүү гэж хэвттэл ашгүй зүүрмэглэмээр болмогц олзуурхан нойрсохыг хичээлээ. 

Түр дугхийтэл орны нь өмнө гэнэт нохой чангаар улин хуцаад өвгөнийг цочоочихов. Өвгөний зүрх пэл палхийн оволзож амьсгал давчдахын эрхээр өндийж суулаа. Товир биетэй овчарка гөлөг өвгөнд ямар нэгэн юм үглэх мэт гийнан гаслаад цонхны хөшигний завсраар шагайх аварга том мэлтгэр сарыг харж дахин улив. 

Гавьяат хуульч Ишжамц өдгөө нас дал өнгөрчээ. Хуучин зангарагаараа тэтгэвэрт гарахгүй гэж томорсоор арга буюу нэг жилийн өмнөөс гэртээ суусан өвгөн. Ишжамц Батнам Бат-Эвлэл гэх хоёр хүүтэй агаад бага хүү Бат-Эвлэл гуравдагч оронд ял эдэлж буй юмсанж. Том хүү Батнам Москва хотын дотоод яамны дээд сургуульд сурдаг бөгөөд амралтаараа зун ирэхдээ нэг хөөрхөн орос шар гөлөг (овчарка үүлдрийн нохойг монголчууд орос нохой гэдэг) авчирч гэртээ орхиод явсан юм. Хүү нь хойтон жил сургуулиа дүүргээд орос бүсгүй дагуулж ирэх болсноо орь ганцаар гэртээ өнчирч хоцорсон эцэгтээ дуулгажээ. 

Овчарка гөлөг соотон чихээ сээтэгнүүлэн хөшигний завсраар мэлтийх түлэнхий хүрэн улаан сарыг ажиглан айх гайхах зэрэгцүүлэн хуцаж байснаа малийсан дүгрэг саран авхайг цонх дүүрээд ирмэгц цочирдсондоо хяраад чив чимээгүй хэвтчихлээ. “Ээ зайлуул, цэлмэг тэнгэрийн төгрөг улаан сар үзээгүй амьтан байх нь” гэж өвгөн дотроо нохойн гөлгийг цагаатгаад Европын манан будан ихтэй орнуудад сууж ахуйдаа өөрөө ч гэсэн монгол нутгийнх шиг ийм хурц тод сар хараагүйгээ саналаа. Шөнийн тунгалаг тэнгэрт арван тавдын саран хөөрөх нь хүнд ачааны лужир онгоц биеэ дааж ядан газраас тасарч буй мэт.

Нохой гэрт хуцах Ишжамц өвгөнд тун ёозгүй. Ялангуяа шөнө нойрон дунд улин хуцах бүр ч зэвүүн бөгөөд зүрх дэлсүүлж орон гэртээ орь ганцаар өнчирч хоцорсон өвгөнийг уймруулна. Нохойн хуцах хахир дуунд хэдэн өрөө нь хадан агуй адил цуурайтна. Гэвч адгуус амьтанд ямар буруу байх билээ. Задгай газар дүүлж харайж хуцаж улин дураараа явах ёстой амьтан хоёр гурван тасалгаанд хашигдаад нэг үгээр хэлэхэд шоронд хоригдож буй хөөрхий. Нохой юмсан хойно нохойн ааш гаргана. Ширээ тойрч шиншлэхээс өөр ажилгүй. Ширээ тойрохдоо ширээний дөрвөн хөл рүү дэс дараалан жоол жоолхон сарина. 

Хүү нь буцахдаа Ишжамц өвгөнд шааргийгаа өдөрт хоёроос доошгүй удаа салхинд гаргаж байхыг даалгажээ. Шаариг гудамжинд гарах жигтэйхэн дуртай. Хүзүүвчнээс нь уяа зүүж хаалга руу зүглэхэд хөөрч цовхроод өвгөний нүүр амыг долооход өвгөн “Хөөрхий дөө” гэж бувтнана. Шаариг гарахаар яарч орц уруудан доош тэмүүлэхдээ өвгөнийг шат руу татаж унагачих шахаж сандаргана. Өвгөн орос гөлөгнийхөө урт оосроос зүүгдэн шатны хашлагатай хамжин улдаж чирэгдсээр арай гэж бууна. Орцонд таарсан авгай хүүхнүүд айж, араа шүдээ ярзалзуулсан орос нохойтой шатан дээр зөрөхдөө үл итгэж тэвдэнэ. Гадаа гарсан хойноо өвгөнийг чирж хоолой хяхатнуулан мод бутны ёроол руу зүтгэлнэ. Өөдөөс айсуй хүмүүс рүү амаа ангайн хэлээ унжуулан дайрлана. Этгээд хачин нохойноос монголчууд эгдүүцнэ. Өвгөн Ишжамц тэдэнд “Айлтгүй зүгээр”, "Хазахгүй давхихгүй" гэж боловсноор тайлбарлана. Харамсалтай нь өдөр ирэх тутам гөлөгнийхөө хүзүүг өвгөн нааш эргүүлж хүч хүрэхгүй болж байлаа. Гөлөг өдөр хоногоор өсөж бяр сууж, харин өвгөн мөн тийм хэмжээгээр доройтно. 

Нэг удаа гөлөг өвгөнийг чирсээр хоёр гартаа том тортой юм барьсан авгай руу давхиж очлоо. Өвгөн хэчнээн улдаж чангаагаад дийлсэнгүй. Авгай айсандаа дороо яг зогсоод нүдээ эргэлдүүлэн амаа ангайжээ. Дуугарах ч сөгөө түүнд алга. Ишжамц “Шаариг. Шаариг. Гэдрэгээ! Назаад!” хэмээн уяанаас нь хамаг чадлаараа угзраад дийлсэнгүй. Шаариг өвгөн эзнээ газар хүржигнүүлэн чирсээр бүдүүн авгайн хоёр нүцгэн шилбийг сарьсан хамраараа ээлжлэн үрж үнэрлэв. Өвгөн “Шаариг, шаариг” хэмээн чангаасаар байлаа. Аймшигт нохойд шилбээ үнэрлүүлж буй авгай цочирдсондоо хөдөлж ч чадсангүй тун өрөвдөлтэй царайлав. Тэгтэл шаариг өрөөсөн хөлөө өргөж байгаад хөдөлгөөнгүй зогссон авгайн нүцгэн шилбэ рүү сарьчихаад цааш замаа хайв. Өвгөн ч нохойдоо чирэгдэн хөл алдан дэгдлээ. Нөгөө авгай сая ухаан орж, 

-Нохой хөтөлсөн зөнөг! Бас их европжсон хулхи байх нь. Сөхөрч унах гэж байж орос нохой хөтлөөд дэгдэж явааг нь хараач та минь! хэмээн чарлахад гудамжинд явсан хүмүүс түүн дээр цугларч юу болсныг сонирхов. Сүнс нь зайлах шахсан авгай жаахан уужирч,

-Энэ боловсон төгцгийг харцгаа! хэмээн орилов. 

Ишжамц өвгөн ичсэн нүүрээ олноос буруулж, нохойн оосроос чангаах авч хүч хүрэхгүй, харин өөрөө гуд татуулан унах шахна. Авгай нохойн шээстэй нойтон шилбээ хүмүүст үзүүлж, 

-Нохойноос өөр хөтлөх нойтон сормуустай юм түүнд харсаар байтал байхгүй л дээ. Байсан бол бүгдийг энэ муу шороонд булчихаа биз. Аминдаа их боловсон амьтан байх нь ээ чааваас. Эх орон гуйлгачдаар дүүрч байхад энэ муу төгцөг барууны баячууд дуурайгаад нохой салхилуулж явдаг. Орос нохойн оронд ишиг эрхлүүлээд гудамжинд алхаасай. Тэгвэл монгол түмний нүдэнд аятайхан үзэгдэхгүй юү гэснээ орос нохойд чирэгдэх өвгөнийг заналтай хялалзаад, -Үгүй ерөө өөрөө өеөдөж ойчих гэж явж бас нохой салхинд зугаацуулах санаатай. Яасан боловсон хулхи вэ хэмээн дуу хадаахад хүмүүс хөхрөлдөв.

Олон хүний нирхийсэн инээдмийн чимээнд овчарка гөлөг хөөрсөн үү яасан бэ эзнээ чирэн сүүлээ годгонуулан тоглож тонгочин хурдлахад гавьяат хуульч ард нь дэн дун дэгдэв. 

...Саравчны ард хунгарласан зузаан хөр цасан дээр хоёр гөлөг тоглоно. Нэг нь дөрвөн нүдтэй улаан халтар нөгөө нь зүрх цагаан хар. Хоёул адилхан банхар хоншоортой. Нүд гэнэн дөлгөөн ч сортоотой, бахимхан майгадуу хөлтэй, ер зүс ондооноос ясан хэлбэр нэг хэвэнд цутгачихсан мэт ижил. Тэр хоёр өдөржин тоглоод цуцахаараа хунгар дээр ундуй сундуй сунаад ойчино. Тэгээд хэвтээгээрээ бие биеийг сэм хялайх нь өхөөрдөм хөөрхөн. Хялайн харах нүд дүрсгүй агаад томоогүй. “Чи яах гэж байна? Гэнэдүүлэн дайрах гэж байна уу?” гэж хоёр биеэ ширтэх авч ядарч залхуу нь хүрсэндээ дөрвөн хөлөө тэлж, нүцгэн өехийгөө өөд харуулж, хүйтэн цасан дээр тааламжтай өнхөрнө. Үс ноолуур сахлаг пөөнөгөр агаад нялх амьтдын илч их болохоор тэд шөнө ч гэсэн цасан дээр хононо. Чухам л эрх дураар жаргана гэдэг энэ бий дээ гэмээр. Цэлийсэн хязгааргүй хөх тэнгэр. Хаяа хярхаггүй их тал чив чимээгүй. Тоглоомондоо нозоорсон хоёр гөлөг чимээ сонсогдоосой гэж хүсэхдээ доош унжиж хулхийг тагласан далбагар чихээ сөхөн чагнана. Хөдөө нутаг агуу уужим агаад аниргүй налгар. Хэрэв чимээ гарвал хоёул тэр зүг уралдан хурдлах юутай зугаа вэ. Даан ч тийм учрал ховор. Эзнийхээ барааг харж таньсан атлаа уйдахдаа өөдөөс нь тосон уралдаж, тал нутгийн соргог манаачийн сэрэмжлүүлэх дохио болдог хуцах чимээгээ аль болох алсад өргөн зарлана.

Гиюүрсэн хоёр заримдаа өтөг бууцан дотор ноололдон газрын хэвгий рүү өнхрөлдөнө. Тэгээд нил өтөг болчихсон хоёр амьтан модойсон сүүлээ нуруун дээгүүрээ хаячихаад газрын өөд залхуутайяа паацганана. Нэгийгээ хий аяндаа худал хуцахад нөгөө нь юугийн ч мэдээгүй атлаа дүйвээнээр дагаж хуцах нь аль нэгнээсээ аливаад хоцорчихгүй юмсан гэх өрсөлдөөн, мөн балчир амьтны юм бүхэнд татагдах сониуч зан бөлгөө. Тал нутгийн харуул, мал сүргийн манаач, авилгач дайсантай үзэлцэхэд бэлэн байх ёстой. Тэмцэлдэж сурах гэж хоёр гөлөг өдөр шөнөгүй тоглож, дасгал сургууль хийж байх шиг. Нэгнийхээ араас нөгөө нь гэнэт сэм мяраана. Мяраах сургууль хийж буй нь энэ. Урдахь нь хар авна. Ар талаа сэрэмжлэх дасгал яавч мөн. Урдахиа эргэж харахад ардахь нь дороо нам хэвтээд газартай наалдаж хярна. Хярах хичээл янзтай. Тэгснээ бие бие рүүгээ дайран ноцно. Цоройн хав дөрвөлжлөөд шүд нь тачигнаж, хоёр биенийхээ энэ тэндээс үмхэхийг чармайна. Багалзуураас нь, хөлнөөс нь, чихнээс нь хазах гэж улайрах бөгөөд хэрэв олж үмхвэл чанга хазахгүй баахан нулхиж шүлсдээд “За найз минь чи ингээд балрах байлаа шүү” гэж сануулаад тавина. Ер бие биедээ хазах газар тийм ч хямдхан олгохгүй бөгөөд бас ч эгзэгийг тааруулан хөл, хоолой мэт эмзэг газрын хойноос ямагт хөөцөлдөнө. Нэг нь нөгөөгийнхөө чихнээс зууж авсандаа олзуурхаад чанга хазчихвал цаадахь нь ганхийн гасалж дохио өгнө. Тэгмэгц нөхөр нь үмхсэн чихээ даруй түргэн орхиод гэмшингүйгээр гөлөлзөнө. Ядрахаараа хоёул хэвтээгээрээ ч хамаагүй архиралдан сүр үзүүлнэ. Гэвч хонь мөргөж, ямаа сэжихээс үхэтлээ айж зугтана. Эзэндээ магтуулбал хоёул хамт, зодуулбал мөн хамт. Гэрийн эзэгтэйг зандрахад сүүлээ хавчин зугтаах бөгөөд зайдуу гараад эргэн харж, түрүүчийн явдлыг аль хэдийнэ мартчихсан хоёул хоол горьдон сүүлээ саасгануулан эрхэлнэ. 

Анчин Бархас хот ороод ирэхдээ авга ах Ишжамцаас чоно шиг хачин янзын гөлөг авч иржээ. Гавьяатын лагшин чилээрхээд гэртээ нохой агуулахад бэрх болсны гадна орос бүсгүй дагуулж ирэх хүү Батнам сураг тасарчээ. Тэгээд ч Бархас овчаркийг авах гэж шалаад салсангүй. Анчин дотроо сайн мориноос ч солихгүй нохой оллоо гэж олзуурхжээ. “Энэ бол ан авд нохой биш чоно” гэж ангийн донтой Бархас баясна. 

Улаан халтар зүрх цагаан хоёр шааригийг харуут “чоно” хэмээн довтлов. Гэвч хоёр гөлөг Бархас эзнийхээ “Жов! Хол яв!” гэж зандрах дууг сонсоод гайхаж арга буюу түдгэлзлээ. Орог саарал зүстэй овчаркийг ад үзсэн хоёр гөлөгний бүх үс ширхэг ширхгээр боссоноос болж тэд маш томорч сүр оржээ. Орос гөлөгнөөс хачин эвгүй үнэр ханхалж хоёр банхрын хилэнг бадраана. Ямар ч атугай тэр гурав золголоо. Гурвуулангийн нь арьс мах чичрэн агдалзав. Бархас тэдний дэргэдээс холдсонгүй. Гэрийнхээ гадаа байгаа болохоор хоёр банхар бардам агаад сүүлээ мандуулан агсчээ. Огт таньж мэдэхгүй орчинд ирсэн харь холын овчарка сүүлээ салтаа хоорондуураа тас хавчив. Дуу чимээ гаргаж зүрхлэхгүй. Чив чимээгүй ярзайж хурц шүдээ үзүүлнэ. Түүний хүйтэн нүд гөлөлзөж Бархасаас тусламж эрнэ. Нарийхан урт хоншоор, чүүчгэр өндөр бие, зэвхий саарал зүс, чонон сээтэн чих, энэ бүгд гойд-нэг л этгээд. Үс нь боссон хоёр банхар хилэнт харцнаасаа оч гялалзуулсаар овчаркийн сайран хамраас эхлээд чивний үзүүрийг хүртэл шиншилж доромжлов. Орос гөлөг огт хөдөлсөнгүй. Хэрэв сэрвэсхийсэн хөдөлгөөн гаргавал уур нь буцалсан хоёр монгол гөлөг ноцоход бэлэн байлаа. 

Хэд хонолоо. Шаариг гэрийн гадаа хатавчинд хонины нэхийн дээр хэвтэнэ. Хоёр банхар түүнийг гэрээс хөндийрүүлэхгүй холоос харуулдан отно. Эзэд гэрийн хаяанд нохой ноцолдоход сэжиглэж зандардгийг хоёр банхар гадарлах учраас хатавч сахисан шаариг руу шууд дайрч гэрийн нохойн дэг журам эвдэхгүй. Шааригийг ширтсээр байгаад сүүлдээ хоёр банхрын нүд чилж мах шиг улаан болсон нь бүр ч сүртэй. Тэр хоёр хоорондоо тоглохоо ч мартжээ. Хээрийн хөх хаяаг нь дарж хэвтчихээд байгаа бөгөөд харин эзэн нь яагаад саарал боохойг өөрсдөөс нь илүү тойлоод байгааг ойлгохгүй байв. Шаариг гэрээс холдвол Бархасын хормойд хоргодож холдоно. Мөн шааригаас мал үргэж, буусан суусан хүн айж, Бархаст түвэг удна. Гэвч шаариг өсөж, нас бие гүйцэхээрээ ан гөрөөнд чухам л эрдмээ үзүүлнэ гэдэгт анчин итгэнэ. 

Эцэст нь нэг өдөр Бархас шааригийгаа хөтлөн, хоёр банхрыгаа дагуулан, уул хадаар явж, гурвууланг дасгаж жаахан ойртуулав. Хоёр банхрын сонирхлыг туулай, хярс, үнэг шааригаас илүү татах нь мэдээж. Шаариг ч ан амьтан сонирхоод хөөрчихөв. Урьд нь тэр ийм юм огт үзээгүй бөгөөд эцэж цуцатлаа сунан харайх уужим нутаг, согтож мансуурам агь гангийн үнэр, энэ бүгд түүнд зүүд мэт байсан биз. Шаариг ан амьтан ингэж хөөх байтугай бодит биеэр үзээгүй, зөвхөн зурагтаас л харж байжээ. Гурван гөлөг босож давхисан болгоныг бахардатлаа элдлээ. Туулай хярсны бултаанд шаариг хамраараа газар хатгаж унатлаа хууртаж байлаа. Овчарка бут сөөг шиншлэн хад асга дамжин дойногнон давхихдаа хоёр банхрыг дагууламгүй харайлт арвинтай ажээ. Байшинд хоригдож, өдөрт хоёр удаа хүнээр хөтлүүлэн салхинд гарч байсан амьтан хязгааргүй уудам хангайд ангуучлан давхиж үзсэндээ баясаж, сүүлдээ хоёр банхартай тоглох санаатай өдөж, аргадан зулгуйдаж байлаа. Хөл урттай, алхаа томтой, харайлт арвинтайд анчин олзуурхав.

Гэвч орой тийшээ шаариг сульдаж, бараантан сүүдэртэх эргэн тойрны их уулсаас жийрхсэндээ Бархасын бараанаас холдохгүй, морины дөрвөн хөл дор орж гишгүүлчих гээд байсанд анчны урам баахан хугарчээ. Шаариг энэ тэрд сонирхол буурч харихын түүс болжээ. Хад асган дундуур мэдээ мэдрэмжгүй давхиснаас болж дөрвөн таваг нь шалбарч улдаад сүүлдээ гишгэж чадахгүй шахам балталзан зовиурлаж, болдогсон бол эзнийхээ өвөр дээр харайж гараад морины нуруун дээр хөл амар харимаар байв. Харин хоёр банхар орой тийшээ улам чангарч бараа нь холдсоор. Ерөнхийдөө гурван гөлөг хоорондоо нүүр хагарч, шууд дайсагнах нь багассанд эзэн олзуурхаж, дахин тэднийг хэдэн удаа ингэж дагуулж уйдааг гаргаж хооронд нь дасгажээ. 

Сүүлдээ гурвуулаа бүр тоглодог боллоо. Арга ч үгүй юм биз нялх цайлган амьтад хойно. Хоёр банхарт өндөр чүүчгэр шааригтай тоглоход эв хавгүй бөгөөд ялангуяа түүний нарийхан урт хоншоор, зэгэл өнгө, соотон чихэнд нэг л сайн дасаж өгөхгүй байв. Түүнээс гадна шаариг тоглохдоо хэрэв нөгөө хоёрынхоо аль нэг эмзэг эрхтэнээс үмхэж авбал шууд соёогоо шигтгэж тоглоомыг шоглоом болгох нь зэвүүн. Ийм тохиолдлоос үүдэж тэд хэдэн удаа жинхэнэ тэмцлийн ирмэгт хүрсэн авч “яриа хэлэлцээний замаар” хэсэг архиралдан байж эвлэрчээ. Шааригийн өөр нэг онцлог гэвэл бээрэг гэж жигтэйхэн. Тэр бээр шөнө гэрийн нөмөрт хонины сахлаг арьсан дээр цагираглаад урт хоншоороо цавиндаа лав шургуулан хөдлөхгүй хэвтэх бөгөөд хот айлын гадуур юу ч болж байсан огт тоохгүй дугжирна. Харин өдөр бол мал үргээж, хүн айлгахаас эхлээд явдал удна. Дулаан өдөр бол бүр ч гаажтай. 

Морьтой хүн айсуй. Тэгтэл Шаариг түүний өөдөөс газартай наалдан мярааж гарав. Зэгэл өнгө нь зэвхий газар шорооноос огт ялгарахгүй ажээ. Шаариг тун сэмхэн гэтсээр морьтонд ойртов. Морь хүн хоёрын аль нь ч сэжиг авсангүй, мярааж яваа орос нохой руу шууд шогшсоор дөхөж ирлээ. Монгол нохой бол хуцах сан. Гэтэл Шаариг чимээ огт гаргасангүй. Ойртож ирэнгүүт шаариг морьтон өөд чив чимээгүй дүүлэн эзний нь багалзуураас эгээ л зуучихсангүй. Ийм явдал нэгэнтээ гарав. Хүн морь хоёрын зүрх хагарахаа дөхөж үзээгүйгээ үзжээ. Орос гөлөгний зэвүүн занд Бархас дургүйцэн буудаж алах гэснээ ид шидийг үзэлгүйгээр хороох тэвчээр хүрсэнгүй. Гэрийн эзэд өглөө босож, мал сүргээ бэлчээж, хамаг ажлаа хийгээд дууссан, өөрөөр хэлбэл, нар гарч дулаарсан хойно ч гэсэн шаариг хэвтэртээ чичрэн цагираглана. Даараг гэж жигтэй амьтан. Бархас сүүлдээ түүнийг шөнө бас нэг нэхийгээр хучдаг болжээ.

Хаврын нэгэн хүйтэн шөнө шаариг хучлага дэвсгэр болох хоёр нэхийн завсар цавиндаа шонтгор хушуугаа дүрчихээд унтаж хэвттэл гэнэт салхи сүрхийж хучсан нэхийг хуу татан хийсгээд арилав. Хүйтэн салхи шааригийн халуун биеийг ороолгож эхэллээ. Азарган нэхийн илчинд хамаг биений нь хөлс дааж байсныг хэлэх үү салхинд цохиулж хатгаа авах янзтай. Шаариг босож хийсээд алга болсон хучлагынхаа хойноос хайж шиншлээд олсонгүй. Хучсан арьсыг салхи хийсгээд бүр арилсан болтой. Тэгтэл ч цасан шуурга тавилаа. Шаариг хэвтэртээ буцаж ирээд хэвтсэн авч охорхон үсийг хүйтэн салхи яран хийсгэж, нойтон цас хөлстэй биеэнд шавж, хүйтэн жавар арьс махыг мэдээ алдтал хайраад тэсвэрлэх аргагүй болов. Тэр бээр яах учраа мэдэхгүй хэсэг хэвтлээ. Хоёр банхар шуурга цасанд хөөрсөн янзтай аахилан хот хороогоо тойрч хуцалдан давхина. Шаариг шөнө дундаар осгохын ирмэгт тулаад яаж ч чадалгүй гэрийн хатавчаар хөлөө оруулж хаалганы доторх түгшээг мултлав. Тэгээд гэрт гулсан орж үүдний дотор талын суран оосроос шүдээрээ зууж хаалгыг жимбийтэл буцааж хаагаад ямар ч чимээ гаргалгүйгээр дулаан гэрт хонов. Гэхдээ нохой юмсан хойно хамар цоргих шар тосны үнэр авч сүүдэр мэт чимээгүй мяраасаар бурхан ширээ өөд сэм дөрөөлөн цоройж зул цутгасан том цөгцийг эвтэйхэн зууж аваад шар тосыг долоож орхижээ. Харин шар тосыг хүлхэхдээ зулын гол-имэрсэн өчүүхэн хөвөнг хэлээрээ сэжиглэнгүй түлхсээр амнаасаа гаргаж хаяв. 

Цаг цагаараа байдаггүй хойно хаврын урь орлоо. Шаариг зүрх цагаан хоёр ялимгүй хоол булаацалдаж, жинхэнэ хүч үзэн уралцаж, хоёр биеийг сүрхий шархлуулав. Энэ явдлаас хойш шааригийн хүүхэн хараанд зүрх цагааныг занасан их хорслын өчүүхэн хүйтэн цэг ер унтарсангүй. 

Нэг өдөр гурван гөлөг тоглон ноололдож байтал шааригийн аманд зүрх цагааны багалзуур өртлөө. Шаариг ийм үнэтэй мөчийг хүлээж байсан тул огт дуу гаргалгүйгээр нарийхан сүүлээ годгонуулан зүрх цагааны улаан хоолой, цагаан мөгөөрсийг шажгинатал химлэж гарчээ. Зүрх цагаан бүдэг дуугаар гаслан гангинасан боловч Бархасын хотынхноос хэн ч сонссонгүй. Улаан халтар өрөөснийхөө үхлийн дууг сонсоод дайрч давшилсан боловч яаж ч чадахгүй, ноцолдох хоёрыг тойрон хий хурдлав. Нохойд нэг сонин араншин байдаг. Дийлдэж газар унасныгаа хүний өөрийн гэж ялгахгүй (ноход бүр) элбэж барьдаг юм. Дээр нь гарчихсан дийлж байгаа руугаа довтолдог тийм ухаан нохойд заяасангүй. Харин улаан халтар орос нохойн дор үнгүүлсэн зүрх цагаанаа элбэж химлэсэнгүй. Хий л гийнан тойрч хурдлаад байв. Хэрэв зүрх цагаан шааригийг дороо оруулбал улаан халтарт орос гөлгийг чухамхүү тасдаад хаях уур хилэн бадарна. Гэвч зүрх цагаан нь гэнэн итгэл, монгол нохойн тоглоомны эрэмбэнээс болж амин газраараа даанч лав үмхүүлжээ. Шааригийн сүүлний годгонох хөдөлгөөн аажуурсаар зогсов.

Зүрх цагааны бөглүүхэн гаслах чимээ ч тасарлаа. Энэ үед шаариг зүрх цагааны хоолойг сая тавьж, аман дотроо наалдсан гөлөгний бөөн бөөн ноолуурыг урт хэлээрээ цэвэрлэхээр холдлоо. Зүрх цагааны хамраас хөөстэй ягаан шүүс бурзайж, ялимгүй зүггүйхэн мөртлөө нялх амьтны хонзонгүй гэнэн нүд хачин аймаар хоосров. Шаариг оцойн суугаад асар том амаа урт хэлээрээ цэвэрлэнгээ хүйтэн нүдээр алс тэнгэрийн хаяа ширтэн аль нэгийг санагалзан гунигтай яа санаа алдан гаслах нь нутаг орноо мөрөөдсөн янзтай. Улаан халтар зүрх цагаан дээрээ очиж үнэртэж үзвэл түүний л үнэр ханхалсанд бага зэрэг тайвширч дэргэд нь хэвтээд урд хоёр хөл дээрээ эрүүгээ тавьж, далбагар чихээ буулган номхон ноомойгоор хот гэрээ тойруулан сэрэмжилжээ. Тэр бээр босохгүй болсон өрөөснийгөө өндийх юм шиг санана. Түүнийг өндиймөгч хоёул нэгэн зүгт тоглон давхихаар хүлээж байсан биз ээ. Адгуус байна гэдэг гаслантай яа! 

Бархасыг буугаа барин гэрээс гарч ирмэгц шаариг гулбигар сүүлээ даллан эрхэлсээр түүн рүү давхин очиж энгэр өөд нь цоройж нүүр амыг долоочихоо шахаж тэвдүүлэв. Бархас түүний зүрх рүү бууныхаа амыг тулгаж байгаад буудах гэснээ арай эвгүй санагдаж, бууныхаа бөгсөөр урт хоншоор руу нь хүчээрээ ёворч орхивол шаариг гаслан холдлоо. Их өвдсөн юм уу, ерөөс зодуулж үзээгүйгээс болов уу, тэр бээр тавьж тонилохгүй, хүрээ хотоор нэг яс янгинатал дуу хадаан орлив. Гаслаж орилох завсраа бас Бархас өөд “Яаж байна аа та? Зодох буруу шүү дээ” гэсэн гомдолтой нүдээр алсханаас гөлөн гөлөн харна. Уур нь бадарсан Бархас бууныхаа овоо харааг шааригийн зүрхэн тус газар тааруулахдаа гар нь салганаж байв. Буун дуу тасийж аниргүй талын гэр буйран дээрээ овосхийх шиг боллоо. Шаариг годройтон унаснаа даруй босон харайв. Тэгээд сум орсон, сум гарсан хоёр талаа ээлжлэн сэлгэж нэг нэг сайн хазснаа соотон чихээ хулмайлган хандсан зүгтээ дүүлэн зугтлаа. Бархас араас нь хэд буудаад оносонгүй. Айж цочсон улаан халтар өөрөө буудуулсан мэт шааригтай ханилан хурдлав. Бархас шархадсан шааригийн хойноос мориор хөөгөөд гүйцсэнгүй. Бархас овчаркийн хөндий цээжээр буудсан болтой.

Маргааш өглөө нь босоход улаан халтар гаднаа ирж хоносон байв. Харин шаариг ирсэнгүй. Бархас аятайхан дэвсэг сонгож, зүрх цагааныхаа толгойг Баруун зуу өөд хандуулан нутаглуулаад сүүлийг угаар нь тайрч толгойноос нь дэлэм хэрийн зайд тавиад өөрөө сөхрөн сууж мэддэг ерөөлөө уншаад “Хойт насандаа хүн болж төрөөрэй” гэж залбирчээ.

Шаариг уулын нэгэн нууц сархианд бүгэж шархаа долоон эмчилсээр хэд хоног хэвтэв. Түүнд хаашаа л харна, тэнгэр газрын савслагаас өөр юу ч үл үзэгдэнэ. Тохилог дулаан орон сууц, зөөлөн хиам, амтлаг чихрээ тэр бээр үгүйлэн гансарлаа. Шаариг нэг удаа хоёр банхрыг дуурайж хонины хавирганы яс идэх гэж байж хоолойдоо яс шааж үхэх дөхсөн билээ. Түүний соёо хурц авч араа даалт муутай. Ногоо цухуйж дулаан улирал эхэлсэн тул даарах нь гайгүй. Гагцхүү эзгүй ууланд ганцаардаж өлсөхийн ихээр өлсөх бөгөөд мөн хав харанхуй шөнийн цагт тэр бээр элдэв чимээ авианаас цочиж хошуугаа цавиндаа шургуулаад хорсолтой хоёр нүднийхээ зөвхөн цөцгийг л хөдөлгөн цагираглана. Сүүлдээ гулинхатаж үхэх янзтай. Шаариг хахир хатуу монгол хангай дэлхийд гөрөөлөхдөө авъяасгүй аж. Түүнд баригдаж хоол болох тарвага туулай, жигүүртэн шувуу олдсонгүй. Яагаад гэвэл зэрлэг онгон уулсын тарвага туулайн сонсох чих, үнэрлэх хамар гайхалтай сонор соргог ажээ. Зэрлэг амьтдын сортоо мэдрэхүйн дэргэд шааригийн хамар битүү, нүд харалган, чих дүлий гэсэн үг. Шааригийг анирдаагүй, үзээгүй, үнэр аваагүй явахад цаадуул нь аль хэдийнэ дайжих нь дайжиж, нүхэндээ орох нь орж, нисэх нь нисээд алга болно.

Сүүлдээ шааригийн шарх аньж зовиур намдсан боловч тэр бээр турж үхэхийн туйлд хүрч сүг сүүдэр хоёр үлдлээ. Өдөр наранд биеэ ээж хэвтэхэд дээгүүр нь том хар шувууд эргэлдэх бөгөөд үе үе нөөлөг бууж бут сөөгний толгой үелзүүлэн хуй салхи эргэлдэхэд шаариг биетэй бодитой бараа дүрс үзэгдэхгүйд гайхан хуй салхи дагуулан ширтэнэ. Нэг чоно хэдэн шөнө дараалан түүнийг ээрүүлдэхэд шаариг бөгсөө хадны хонгилд гудраад чадлаараа архирч хонов. Түүний дуу хадны цуурайтай авалцан дориун хүржигнэнэ. 

Нэг шөнө шаариг Бархасын гадаа очихоор гэлдэрлээ. Ганцаар үлдсэнулаан халтар нэг л тавгүй, шөнө дөл хотоо тойрон хуцаж хонодог болжээ. Анир авсан улаан халтар шаариг руу боргон дайрлаа. Өлсөж гуринхатсандаа тэнхэлгүй болсон шаариг улаан халтраас айж сүүлээ тас хавчиж цагираглан хүлээв. Улаан халтрын дууг сонсмогц шааригт зүрх цагааны хоолойг тас химлэж байсан үеийн хорсол айдас болон хувирчээ. Улаан халтар зүрх цагааны өшөөг авахад хүрвэл шааригт эсэргүүцэх тэнхэл үлдсэнгүй. Зүрх цагаан яаж багалзуураа тас химлүүллээ шааригт яг л тэгэх ээлж иржээ. Улаан халтар тас харанхуйд шааригийн салхины доогуур орж шиншилснээ сүүлээ хөдөлгөн танимгайрч зөөлрөв. Хонзон авах өширхөлгүй тал нутгийн тэнэгхэн банхарт шаариг тэрхэн үедээ учиргүй их баярлаж хамаг бие нь тавирав. Шаариг Бархасын үнс хогон дээгүүр идэх юм шиншилж хоноод үүрээр уул өөдөө буцахад улаан халтар дагажээ.

Өлссөн шааригт ан гөрөө олдохгүй тул тэр бээр айлын гадуур бэлчсэн хурга руу мярааж, идэхэд зөөлөн гэж, аль л нялх хэнз хурга ишиг барьж иддэг боллоо. Түүнийг хурга ишиг барьж идэхэд улаан халтар гайхсан янзтай холхон газар оцойн суугаад урт хэлээ унжуулан аахилж үе үе байж ядан гийнана. Шааригт ишиг хурганы зөөлөн мах маш тааламжтай байлаа. Нэг удаа хурга барьж идэж байгаад хүнд мэдэгджээ. Хүмүүс буу шийдэм барин шааригийг хөөхөд улаан халтар дагалдан уул өөд зугтлаа. Ингэснээр улаан халтар шааригтай хамсан хурга ишиг барьсан хэрэгт сэрдэгдэв.

Ваарны энгэр хэмээх газар аварга том ваар байдаг ажээ. Ваарыг газар ухаж булсан тул зөвхөн амсар нь дөнгөж цухуйж байдаг бөгөөд зуны дулаан улиралд хорхой шавьж, голио царцаа дотор нь унаж үй олноор тарчлан мөхдөг тул хүмүүс буяныг бодож ваарны амыг хавтгай чулуугаар тагласан авай. Шаариг шиншилж яваад тэр ваарыг үзчихжээ. Тэгээд ваарыг ил гаргахаар хажуу бөөрний нь газрыг урд хоёр хөлөөрөө ухаж гарав. Улаан халтар шааригтай хамжилцан газар ухсангүй гэрийн зүг хараа тавин оцойн сууна. Тэр гэрээ их санаж байсан боловч нохой юм болохоор цуг яваагаасаа салан одож эс чадна. Шаариг газар малтсаар байлаа. Ваарны өрөөсөн бөөр бараг ил гарчээ. Шаариг тун шургуу зантай аж. Тэр аахилан урд хоёр хөлөөр газар малтаж суларсан шороог хойд хоёр хөлөөр арагш цацална. 

Энэ ваарыг хэдий үед юун улс газар булсныг нутгийн хүмүүс үл мэднэ. Ваарыг урьд нэг саваагүй хүн ухаж аваад гэртээ авчиртал тэр шөнө нь хоттой хонийг чоно хядчихсан тухай домог байдаг бөгөөд орон нутгийн хүмүүс ваарыг хөндөх бүү хэл гадна дотнын хүнд дурсахаас цээрлэнэ. 

Ваарны энгэрийн том ваарыг ил гаргачихсан тухай хүмүүс хачирхан шуугилдлаа. Газрын хөрсөн дээр гаргачихсан том ваар бод мал шиг бараатай харагдана. Нутгийн хөгшчүүд сэжиглэж онгон ваарыг буцааж байранд нь хийсэн агаад чухам хэн ингэв гэдгийг олох гэж гайхацгаагаад эцэст нь Бархасын хотоос авчирсан муу ёрын орос нохойн үйлдсэн нүгэл болохыг мэджээ. Тэгээд хурга ишиг барьж иддэг, онгон вааранд халдсан буруу зүгийн нохойг алахаар товлов. Уул хад үргээж чоно авлахтай л адилхан үзэв. Гэвч хэдэн өдөр хөөцөлдөөд барааг хоёрхон удаа харж том бага буу пижигнүүлээд онолгүй бүр ч жигшээж орхив. Шааригийг намнахад чононоос түвэгтэй ажээ. Чоно бол хүний бараа дуу чимээнээс үргэж бүгсэн нуувчнаасаа босдог. Харин шаариг бол тэгэхгүй, хадны хонгил, буйлс яргайн дунд хярж хэвтчихээд хажуугаараа үргээлгийн хүмүүсийг өнгөрөөчихнө. Буудуулж хөөгдсөн шаариг маш их өширхөж явлаа.

Нэг өдөр айлын гадуур бэлчсэн хурганд шаариг мярааж эхэлтэл араас нь дагасан улаан халтар гэрийнхээ ойролцоо аргал түүж явсан эмэгтэй рүү дохио өгч буй маягтай хуцав. Өөдөөсөө хуцсан нохой хараад аргалчин шээзгийгээ буулгаж өөрөө газар суугаад “Хол яв! Жов!” гээд савраа далайлаа. Газар суусан аргалчинд улаан халтар шууд халдсангүй холоос хуцна. Харин орос нохой хуцалгүй аргалчин руу чив чимээгүй шууд давхиж очоод нухлаа. Эмэгтэй орь дуу тавин орилов. Монгол нохой хөдлөхгүй дороо яг суучихсан хүнд халддаггүй, харин зугтаавал хонгонд нь соёогоо оруулаад буцаж зугтаадаг. Орос нохой тэгдэггүй аж. 

Шаариг аргалчин эмэгтэйг тарвага шиг чарлуулан барилаа. Энэ аймшигт явдлаас айсан улаан халтар яаж ч чадахгүй тойрон давхиж гаслан гийнав. Аз болж эмэгтэйн орилох дуугаар гэрт байсан хүмүүс гарч буу тавьж, уурганы ёзоор барьсан морьтой хүн давхин очиж шааригийн хавирганы завсраар цоортол бүлж салгалаа. Шаариг ч уул өөд зугтав.

Ууланд тэнэж яваад улаан халтар тарган тарвага барьж шааригтайгаа иджээ. Шаариг угийн идэх юмны зөөлөнд дуртай хойно тарган тарваганы бөөрний бялхайсан өөхийг өлссөндөө болоод бялууртлаа гударлаа. Гэтэл юу болсон гээч: Тэр шөнөдөө тарваганы өөхөнд пологдож, амь нь тэмцэж, гаслан гангинан тэлчлэв. Учрыг үл ойлгох улаан халтар гэрийн зүг ширтэн гуниглана. Түүнд гэртээ харимаар авч нөхрөө эзгүй хээр ганцаар орхимгүй. Шаариг гэдсээ хутгаар огтлож буй мэт өвдөхөд, байж ядахдаа хорсол нь буцлав. Тиймээ юун түрүү өш хонзон нь бадарсан юм. Хоолны хурц хордлого туссан түүний тамир тасарч эцэстээ босож чадахаа болилоо. Ухаан солиорсон түүнд улаан халтарт гэдсээ тас хазуулж буйгаар төсөөлөгдөнө. Улаан халтар Зүрх цагааныхаа хонзонг авч байх шиг өвдөв. Гэдэс нь хэвлийдээ тасран ялзарч, тэсэхийн аргагүй өвдөхөд орос нохой улаан халтрыг улам үзэн ядаж, сэмхэн түүнд ойртож очоод хөлнөөс нь зууж гэмээнэ “Тас хазаж байж л нүд анина даа” гэсэн занал араандаа зуусаар улаан халтар өөд сэм гулсана. Оцойн суусан улаан халтар шааригийн нүдэнд бүрэлзсээр ажээ. Амь тавьж буй шаариг амаа ангайн улаан халтрыг яйртал хазахаар эцсийнхээ хүчийг шавхан зүтгэв. Түүний тэнхээ аль хэдийнэ дууссан боловч зөвхөн хорсол заналынхаа хүчээр урагш ахиж байлаа. Тэгтэл түүний сунасан урт хэлний үзүүрт нэгэн жижиг чулуу наалдахад элийрч балайрсан шаариг хүйтэн хэлээ ам руугаа аажуухан татсаар нөгөө чулууг араандаа эвлүүлж зуугаад бут хазах гээд чадалгүй амьсгал хураав.

Төдөлгүй шааригийн сэгэн дээр зүсэн зүйлийн хорхой шавьж цугларч хаанаас гарч ирснийг бүү мэд тэнгэрт олон том хар шувууд орчлонг бузар азраас цэвэрлэхээр эргэлдлээ. Шааригийн удахгүй шувуунд ухуулах нүдэнд хорсол занал арилалгүй аймшигт зураг болон үлджээ. Улаан халтар харь холын орос нөхрөө тойрч хэд ульснаа гэрийн зүг шуудран шогшлоо. 

1991

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 4 цаг 7 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 4 цаг 17 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 5 цаг 20 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 5 цаг 37 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 5 цаг 37 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 5 цаг 45 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 5 цаг 57 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 11 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 6 цаг 14 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 6 цаг 27 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 6 цаг 31 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 6 цаг 44 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 7 цаг 20 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 9 цаг 34 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 9 цаг 38 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 10 цаг 45 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 11 цаг 42 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 12 цаг 16 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 13 цаг 9 мин ОРОС дахь АЛЛАГА 14 цаг 6 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top