x

Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй эргэлээ

-Эрүү, Зөрчлийн хууль яах вэ. Иргэний хуулиа хэрэглээч эрх баригчид аа-

Хуулийг хуйлдаг эрх баригчидтай болжээ, бид. Байсхийгээд л засдаг, нэмдэг, хасдаг, өөрчилдөг, шинэчилдэг “хуулийн машин” эрх баригчдын дундаас асаж эхлэв. Мотор нь дуу орчихсон ч сигнал нь жигтэйхэн чанга юм.

Дугуй нь халцарч элэгдсэн ч эргэсээр л байх “хуулийн машин”-ыг сонгууль дөхөхөөр хэн дуртай нь жолоодоод давхидаг болжээ. Үнэмлэхтэй, үнэмлэхгүй, дүрэм мэддэг мэддэггүй нь ер хамаагүй. Учир нь ийм машинтай эрхмүүд яг л түргэний болон галын машин барьчихсан онцгой эрхтэй жолооч нар шиг ямар ч зохицуулалтгүй давхих дархан эрх өвөртөлсөн байдаг юм, Монголд.

Ийм түрэмгий хурдаар машиндчихсан хуулиуд манайд бишгүй. Олонх нь хэрэгжиж эхлээгүй байхдаа замхардаг бол зарим нь хэрэгжих олон салаа зам-тай. Тал бүр тийш салсаар эцсийн уулзвар дээр хоёр сая төгрөгөөс 20 сая төгрөгийн торгуулийн хуудастай болж “мэндэлсэн” ийм хуулийн нэг нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль.

Энэхүү хууль нь эрх баригчдад гэхээсээ илүүтэй иргэнд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд “зориулагдсан”. “Хуулийн машин”-ны өөдөөс элдэв эсэргүүцлийн үг дуугарсан, эрх баригчдын буруу, булхайг нь дэлгэсэн, олны дунд шараа болгосон, улс төр дэх нууцыг ил болгосон хэн бүхэн энэ хуулиар “машиндуулах” ёстой.

Ингэж л өнөөгийн улс төрчид өөрсдийг нь сонгосон сонгогч, нэр нүүрийг нь олон талаар алдаршуулан хэн бүхэнд таниулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хатуурхан хүчээ үзүүлж шийтгэлийн хууль баталж өгсөн. Ийм гавьяа байгуулж чадсаныхаа төлөө тэд халдашгүй, дархан эрх хэмээх “хантааз” өмсцгөөсөн. Харин “хуулийн машин”-ны жолооч нарын халаасанд “Гэнэт төрсөн” хуулийнх нь ачаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид амаа үдүүлж нүдээ таглуулсан.

Хатуухан хэлэхэд, Зөрчлийн тухай хууль Монголын сэтгүүл-зүйн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гар хөлийг тушсан. 2020 оны парламентын сонгуулийн уур амьсгал хэдийнээ эхэлсэн энэ чухал цагт өнөөх “хуулийн машин” дахин дохиогоо дуугаргаж эхэллээ. Иргэн, мэдээллийн хэрэгслийг Эрүүгийн хуулиар “машиндах” дугуй эргэлээ. Тодруулбал,

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалтад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодог болгож хуулийг “хуйлсан”. Хэдийгээр Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг авч хаясан нь нэг том алхам байсан ч Зөрчлийн хууль хэрэгжих явцдаа Эрүүгийн хуулиас ч шийтгэгдэх байдал нь дордсон. Анх энэ хуульд “Гүтгэлэг” хэмээх 6.21 дүгээр заалт орж ирэхээсээ л сэтгүүлчдийн амыг хаах зорилго нь тод байлаа.

Учир нь Зөрчлийн хуулийг цагдаа шалгадаг. Давж заалдахдаа Эрүүгийн хэргийн шүүхэд давж заалддаг. Өндөр албан тушаалтантай холбоотой зөрчлийн хэргийг шалгах үүргийг Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах Албад ногдуулсан нь “но”-той. Мэдээж босоо удирдлагынхаа заавраар цагдаа ажиллах нь хэнд ч ойлгомжтой.

“Глоб интернэшнл төв” ТББ-д бүртгэлтэй хэргийн тоон баримтыг сөхвөл 2017 онд шүүхээс гүтгэх зөрчилтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтны зургаан шийдвэрийг хянаж, дөрвийг нь хэвээр үлдээсэн байгаа бол 2018 онд 32 зөрчлийг хянан шүүж 19 шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнөөс дуу хоолой нь болж байдаг тухайн газраас 300 сэтгүүлчийн дунд судалгаа хийсэн дүн мэдээ анхаарал татна.

Хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодог учраас байгууллага нь сэтгүүлчээ “Чи хоёр сая төгрөгөөр торгуулчих” гэх мэтээр тохирдог байдлаас үүдэж сэтгүүлч өнөөх заргынх нь бай болдог нь нууц биш. Тэгвэл сэтгүүлчийн ёс зүйг ахиулахын оронд сэтгүүлчийг торгож, шийтгэхээр улайрсан Зөрчлийн хуулийнхаа “давсыг” чангаруулж Эрүүгийн хуулиар асуудлыг шийддэг болох эхний хувилбараа дахин ярьж эхэллээ, эрх баригчид.

Гэтэл Иргэний хуулийн гурван том заалтыг хэн ч дурдахгүй хэвээр л. Өөрөөр хэлбэл, энэ харилцааг иргэний хуулиар аль хэдийнээ зохицуулсан байдаг ч манай түшээд алдар хүнд, нэр төрөө хамгаалах хантаазаа улам зузаалж эрүү, зөрчлөө л тойруулж нэмж, хасаж, засаж, шинэчилж өөрчилсөөр.

Ингэхдээ “Гүтгэх” заалтын тухайд эрүүгийн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж ХЗДХ-ийн яамнаас уг хуулийг орууллаа. Байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэх нь нэгэнт тодорхой, дэмжигдэх нь ч ойлгомжтой болоод явчихлаа. Эрүүгийн шинэчилсэн найруулгаар “Гүтгэх” заалтын хуулийн зохицуулалт илүү тодорхой, нарийн болно гэнэ. “Гүтгэх” гэдэг заалтын тухайд л гэхэд төрийн албан хаагч, хувь хүн, сэтгүүлч гэсэн байдлаар субъектүүдийг нь заах гэнэ.

Тэгэхээр зөвхөн сэтгүүлчид гэж ялгаж авч үзэхээс гадна нийгэмд учруулж байгаа хор хохирол, хэмжээ ямар байгаа юм, тухайн хүний эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа юм гэдгээс хамаараад ялгамжтай зохицуулалт хийсэн гэдгийг ХЗДХ-ийн яамны эх сурвалжууд онцолж байна.

Ингэхдээ сэтгүүлчийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог байхаар, мөн ял төлөвлөж ч болох байдлаар шинэчлэн үүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Тиймээс Иргэний хуулиар ийм төрлийн хэргийг зохицуулах боломжтойг энд онцолъё.

Зөрчлийн тухай хууль нь өөрөө Захиргааны зөрчил хэмээн үздэг.

Гомдол гаргаж буй иргэн эсвэл байгууллага нэр төрөө сэргээх зорилгоор цагдаад ханддаг. Гэвч зөрчлийн тухай хуулиар тус иргэний гаргаж буй нэр төрөө сэргээлгэх гэсэн хүсэлт, үндэслэлийг гүйцэтгэж өгч чаддаггүй юм. Учир нь торгууль тавьсан мөнгийг тэр чигээр нь төр авдаг ба нэр, төрөө сэргээх гэсэн иргэнд ямар нэгэн нөхөн төлбөр олгогддоггүй.

Мөн цагдаа нар сэтгүүлчдийн ажлын онцлогийг хүлээн авч, зохих ёсны дагуу торгууль ногдуулан ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Учир нь үнэхээр гүтгэсэн гэх хэргээр цагдаагийн өмнө очиж буй сэтгүүлч шударгаар шүүгдээд, гүтгэсэн хэргээр шийтгүүлж байна уу, эсвэл цагдаагийн дутмаг үнэлэлт дүгнэлтээр торгууль тавиулж байна уу гэдгийг мэдэх хэмжээний мэргэшсэн цагдаа байдаггүй.

Үүн дээрээс хөөж бодъё. Хэрэв “Гүтгэлэг”-ийн тухай заалт Эрүүгийн тухай хуульд орвол сэтгүүлчдэд хамгийн ихээр ноцтой хохирол учруулж эхэлнэ гэсэн үг. Учир нь Эрүүгийн тухай хуулиар ногдуулсан торгууль нь цэвэр гэмт хэрэг гэж үздэг учир сэтгүүлч торгуулсан тохиолдолд тухайн сэтгүүлчийн хувийн хэрэг дээр ял шийтгэл эдэлсэн хэмээн тусгагдах болно. Ингэснээр гадны улс руу томилолт, ажил сургалтаар явахад томоохон асуудалтай нүүр тулгарна гэсэн үг юм.

Эдгээр асуудлыг Иргэний хуулиар шийдвэрлэх бүрэн боломж байтал эрх баригчдад ийм сонирхол алга. Мөн НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжөөр Эрүүгийн тухай хуулиас “Гүтгэх” зөрчлийг хасах ёстой гэсэн зөвлөмжийг ирүүлж байсан.

Үүний дагуу энэхүү саналыг төр хүлээж авсан ч зүсийг нь хувиргаад Эрүү, Зөрчлийн хуулийг “гороолж” шийтгэврийг хүндрүүлсээр байгаа нь харамсалтай.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 1 цаг 50 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2 цаг 1 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 4 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 6 цаг 11 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 6 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 6 цаг 59 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 7 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 7 цаг 11 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 7 цаг 16 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 7 цаг 23 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 7 цаг 33 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 7 цаг 42 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 8 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 19 цаг 56 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 23 цаг 13 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 23 цаг 22 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 23 цаг 27 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 31 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top