Завхан аймагт “Завхан бороо-1” экспедиц говийн бүсийн сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүллээ. Энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ургамал, Завханмандал сумдын чиглэлд хийсэн үүлэнд нөлөөлөх ажиллагааны үр дүнд аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас оржээ.
Хамгийн их хур тунадас Тосонцэнгэл, Их-Уул сумдад 6.0 мм орсон бол Баянхайрханд 5.6 мм, Завханмандалд 3.8 мм, Тэлмэн, Ургамал сумдад 2.0 мм, Эрдэнэхайрханд 1.0 мм, Улиастай, Яруу, Дөрвөлжин сумдын нутгаар 0.8–0.9 мм, бусад нутгаар 0.0–0.3 мм тунадас бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Баянхайрхан суманд 1 см зузаан цасан бүрхүүл тогтож, Цэцэн-Уул, Яруу суманд цас тогтоогүй аж. Ингэснээр нийт 16 сумын хуурайшилтын зэрэг буурсан болохыг Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Энэ төрлийн үйл ажиллагаа нь түймрийн эрсдлийг бууруулах, хөрс, бэлчээрийг чийглэх, байгальд эерэг нөлөө үзүүлэх үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: Завхан аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газар