Пулитцерийн шагналтнуудыг тодруулдаг уламжлалт ёслол энэ жил 109 дэх удаагаа зохион байгуулагдаж, утга зохиол, сэтгүүл зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр шилдгүүдийг алдаршууллаа. Утга зохиолын төрөлд Америкийн зохиолч Персиваль Эверетт “Жеймс” романаараа Пулитцерийн нэр хүндтэй шагналыг хүртэв.
Тус бүтээл нь Марк Твений “Хаклибэри Финнийн адал явдал” зохиолын дүр Жимийн үзэл бодлоор түүхийг дахин өгүүлсэн бөгөөд уг шинэчилсэн бүтээлийг шүүмжлэгчид хошин шогийн өнгө аястай, уран дүрслэлтэй хэмээн үнэлжээ. “The New York Times Book Review”, “Esquire”, “Bustle” зэрэг хэвлэлүүд түүнийг оны шилдэг номоор нэрлэсэн бөгөөд кино эрхийг нь “Universal Pictures” студи худалдан авч, нэрт найруулагч Стивен Спилберг продюсероор ажиллахаар болсон байна.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шилдэг бүтээл төрөлд Америкийн түүхч Бенжамин Натанс “Бидний найдваргүй үйл хэргийн амжилтын төлөө” номоороо Пулитцерийн эзэн болжээ. Тэрбээр энэ бүтээлдээ Зөвлөлтийн сөрөг хүчний хөдөлгөөний түүхийг гүнзгий судалж бичсэн байна.
Сэтгүүл зүйн төрөлд нийт 15 шагнал олгогдсоноос “Washington Post” болон “New York Times” сонинуудын сэтгүүлч, зурагчдын хамт олон хоёр шагнал хүртжээ.
Эх сурвалж: Azertag