Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.
Энэхүү арга хэмжээ нь сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн мэргэжлийн нэр хүнд, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, тэдний хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд сурталчлан таниулах, онцгой амжилт гарган ажиллаж буй шилдгүүдийг урамшуулах зорилготой юм. Эрүүл мэндийн салбарын чимээгүй баатрууд болох сувилагчид болон бусад мэргэжлийн ажилтнуудын үнэтэй хувь нэмрийг үнэлж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, салбарын хөгжилд үлгэр дуурайл үзүүлэх нь энэхүү шагналын гол зорилго ажээ.
“Эрдэнийн чагнуур” шагналыг хоёр жил тутамд нэг удаа сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээс шилдгийн шилдгийг тодруулан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ удаад нийт 13 нэр төрлөөр шагналтнууд тодорсон байна.
Шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ нь мэргэжлийн бахархал, салбарын хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам