Тэгвэл “Нэг эх үүсвэрийн эм” бодлогын хүрээнд чанарын баталгаатай таван нэр төрлийн хими эмчилгээний тариаг БНСУ-аас хүлээн авч, хэрэглэхэд бэлэн болжээ. Эхний ээлжид тус эмүүдийг Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж буй иргэдэд хэрэглэнэ. Дараагийн шатанд улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийж буй бүх эмнэлэгт нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн энэ онд хими эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл нэмэгдүүлэхээр үнийн хэлцэл хийж байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав ярихдаа, манай улсад хавдрын бүртгэлтэй 30 мянга орчим өвчтөн байгааг дурдаад, 40 гаруй нэр төрлийн хими эмчилгээний эм хэрэглэдгээс 23 нь тариа байдгийг онцолжээ. Жилд 1200 гаруй өвчтөн 8000 удаагийн давтангаар химийн системийн эмчилгээнд хамрагдаж байгаа тул хавдрын эмчилгээний хямд үнэтэй, чанартай эм, тариаг хүлээн авах бодлого барьж буйг тэрээр дурдсан байна.
Эхний ээлжид Солонгосын “Корейн Юнайтед” эмийн үйлдвэрийн өндөр технологиор үйлдвэрлэсэн таван төрлийн тариаг хүлээн авсан бөгөөд энэ нь ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хавдрын эмчилгээнд хэрэглэгдэх аж. Цаашид Азийн өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэдэг эм тариаг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.