Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS” хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, аюулгүй байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сургалт судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцжээ.
Тодруулбал, Монгол Улсад шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын үе шат бүрт аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, хяналтын нэгдсэн системийг чадавхжуулахад чиглэсэн техникийн туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлэх нь энэхүү санамж бичгийн гол зорилго юм.
Энэ жил Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй бөгөөд энэхүү түүхэн хугацаанд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол болон хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн. Эрдэс баялгийн салбар дахь энэ удаагийн хамтын ажиллагаа нь уг харилцааг шинэ түвшинд хүргэх алхам гэж үзэж байна.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар.