Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дулааны улиралд агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимтэй хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцав.
Ерөнхий сайд Сонгинохайрхан дүүргийн III хорооны Баганаранд байрлах 60 м² талбай бүхий байшин, таван ханатай монгол гэрт хийгдсэн дулаалгын загвар шийдлүүдтэй газар дээр нь танилцсан юм. Төслийн хүрээнд 2025 онд нийт 30,000 байшин, 20,000 орчим монгол гэрийг дулаалахаар төлөвлөж, галд тэсвэртэй, хямд өртөгтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх жишиг загваруудыг туршин судалж байна.
Тухайлбал, иргэн Д.Батбаатарын байшинд 20 мм полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг, 10 мм аэрогель эсгийгээр дулаалга хийснээр дулаан алдагдлыг хоёр дахин бууруулсан байна. Мөн гадаад агаар сорж 60 хэмийн халуун агаараар үлээдэг насос суурилуулжээ. Харин иргэн Д.Баянбаатарын таван ханатай гэр эрдэс хөвөн, хуванцар сайдинг ашигласнаар дулаан алдагдлыг гурав дахин бууруулж, халаалтаа хийн зуухаар шийдсэн байна. Энэ нь богино хугацаанд халдаг, хэрэглээг хэмнэх боломжтой хэмээн иргэд онцолжээ.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор нийслэлд “Ногоон” болон “Шар” бүсүүдийг тогтоож, нийт 170,000 гаруй өрхийг хамруулсан байна. Ногоон бүсэд орших 103,090 өрхийн 51 мянгыг энэ онд цахилгаан халаалт болон хийн түлшинд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, сард 100,000 төгрөгийн татаас олгохоор шийдвэрлээд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дулаалга, халаалтын нэгдсэн стандарт шийдэл гаргаж, тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх, цахилгаан болон хийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, мөн сайжруулсан шахмал түлш, “хөх нүүрс” үйлдвэрлэлийг чанаржуулах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар