Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хавдрын тусламж үйлчилгээний хүрээнд Hyperthermic Intraperitoneal Chemotherapy (HIPEC) буюу халуун хими эмчилгээний шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ. Энэ нь хорт хавдрын хүнд хэлбэрийн үед хэрэглэгддэг өндөр үр дүнтэй эмчилгээний нэг бөгөөд тус төв орчин үеийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнээр бүрдсэн багтайгаар анх удаа дүүргийн түвшинд хэрэгжүүлж эхэлж байгаа нь онцлог юм.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд тус төвд “Хавдрын төв” шинээр байгуулж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, мэс засал, системийн болон хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, хоол, хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээ зэргийг нэг цэгээс цогц хэлбэрээр үзүүлэх боломжтой болж байна. Энэ нь Эрүүл мэндийн яамны “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд оновчтой бүтэц, чанартай үйлчилгээ нэвтрүүлж буй бодит жишээ болжээ.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2018 оноос хими, хөнгөвчлөх эмчилгээний тусгай тасаг ажиллуулж ирсэн. Харин одоо үйлчилгээний хүрээг цогцоор нь өргөжүүлж, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг үе шаттай бэхжүүлэх ажлыг эхлүүлжээ. Үүний үр дүнд иргэд өөрийн оршин суугаа газарт санхүүгийн дарамт багатай, чанартай хавдрын тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.
Эх сурвалж: ЭМЯ, БГД-ийн Эрүүл мэндийн төв