Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд, АСИМОН Монголчуудын холбооны төлөөлөл, Соёлын элч Д.Мэндмаа, Өргөмжит консул Виктор Албиол нартай уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулж, гадаадад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх асуудлаар санал солилцсон байна. Тэрээр “Дэлхийн монголчууд-II” хөтөлбөрийн хүрээнд АСИМОН Монголчуудын холбоо идэвхтэй ажиллаж байгааг онцолж, батламж гардуулан, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлжээ.
Соёлын элч Д.Мэндмаа нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Испанид төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд монголоос 100 гаруй хүүхдийг оролцуулсан бөгөөд хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлж, испанийн нэр хүндтэй хөгжмийн сургуулиудад оюутан суралцуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Испанид ажиллаж, амьдарч буй иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалахад идэвх санаачилгатай ажиллаж буй Өргөмжит консул Виктор Албиолд талархал илэрхийлж, хоёр улсын харилцааг эдийн засгийн чиглэлд гүнзгийрүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх нь чухал гэдгийг онцоллоо.
Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Испанид өнөөдөр 1000 гаруй монгол иргэн амьдарч байна.