Богд уулын Дугуй цагааны Баруун ширээтийн орчимд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, авто клубийн гишүүд болон иргэд нийлсэн 300 орчим хүн 10 гаруй цаг ажилласны үр дүнд бүрэн хянажээ. Хэдий тийм боловч 57 га орчим талбай шатсан бөгөөд байгалийн экосистемд ноцтой хохирол учирсан байна.
Шатсан газар нь хуш, гацуур, нарс зэрэг шилмүүст модод бүхий бүс байсан бөгөөд одоо олон мал бэлчсэн, хуучин ойг санацуулах бараа ч үгүй болсон гэж албаныхан мэдээллээ. Энэхүү бүс нутаг байгалийн аясаараа сэргэхэд хамгийн багадаа 10-20 жил шаардлагатай боловч, ургах моддын төрөл зүйл өөрчлөгдөж, шилмүүст мод дахин ургахгүй бол экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Ойн газрын ойжуулалт, нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаярын мэдээлснээр:
“Ийм хүчтэй түймэрт өртсөн газар нутгийн хөрс, үндэс бүрэн устаж, ой байтугай, өвс ургамал ч дахин ургах нөхцөлгүй болох тохиолдол цөөнгүй. Харин зориудаар нөхөн сэргээвэл ойг 2-3 настай тарьцаар нөхөн сэргээж, 10-15 жилийн дотор залуу ой бий болгох боломжтой. Гэвч энэ нь маш их хөрөнгө, хүний нөөц шаарддаг ажил юм” гэв.
2025 оны хавар гэхэд улсын хэмжээнд долоо хоногийн дотор долоон удаагийн ойн түймэр гарснаас гурвыг нь бүрэн унтраасан бол Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гал үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлж байна. Үүнээс Хушаат сумын Бугатын аманд гарсан түймрийг хяналтдаа аваад байгаа юм.
Монгол Улсын нийт газар нутгийн ердөө 8 хувь нь ой модтой бөгөөд 2025 оны эхний улиралд л гэхэд 2791 га ой шатаж, улсын хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Эх сурвалж: Ойн газар, Онцгой байдлын ерөнхий газар